- Сарлаг тал хөндий, нам дор, нөмөр газар бараадан идээжилж, зуны цагт үнээ тугалдаа хоргодон мөөрөлдөх, хонь, ямааны үс ноос нь чийглэг нойтон болж, салхины чиглэлд харж хэвтэх зэрэг шинжүүд нь цаг агаар муудах, хүйтрэх, шуурга тавихын дохио.
- Намар нядалсан хонины гүзээний үс их байвал цас их орж, хүйтэрдэг.
- Хэрэм үүрээ нам газар зассан, тарвага, зурам, үхэр огодой эрт ичиж, хөеөгөө их хэмжээгээр хураасан байвал өвөл хүйтэн, зутруу болохын шинж.
- Зөгий өглөөгүүр үүрнээсээ сүргээрээ нисэж гарвал тэр өдөртөө цаг агаар сайхан байна.
- Уут савтай тамхи, давс чийгтэх нь бороо орохын тэмдэг.
- Зуух, пийшэнд хийсэн модыг асаахад дүрэлзэн шатаж, дөл нь хүхээ рүүгээ татагдаж байвал салхи, шуурга дэгдэх, мод чад пад хийн, утаа савсаж, муу шатаж байвал бороо хур орно.
- Яндангийн утаа эгц дээшээ хөөрч байвал өдөртөө салхи багатай, тогтуун байна. Харин хөөрөхгүй хоргодох буюу хажуу тийш хийсвэл салхи ширүүсэн, тэнгэр бүрхэнэ.
Энэ бол монголчуудын байгаль, цаг уурын ааш аягийг шинжих арга ухааны өчүүхэн хэсэг нь юм. Нүүдэлчид нар, сар, од гараг, үүл, салхи, мал, амьтны байр байдал, тэр ч бүү хэл эдэлж хэрэглэж буй зүйлсээрээ ирэх цагийн тэнгэрийн аясыг шинждэг байсан билээ. Харилцаа холбоо, техник, технологи хөгжөөгүй эрт үеэс саяхныг хүртэл малчдад үүн шиг найдвартай “мэдээлэгч” байсангүй. Өөрөөр хэлбэл, тэнгэр хангайн байдлыг тандах, урьдчилан мэдэх “барометр” нь байсан юм. Ингэснээрээ байгалийн гамшигт үзэгдэл, аюул түйтгэрээс сэргийлж, цаг агаарын нөхцөлтэй ахуй амьдралаа уялдуулан авч явдаг байв.
Монголчуудын энэ өвөрмөц арга ухааны талаар цаг уурч Б.Отгонням “Байгалийг байгалийнх нь юмс үзэгдлийн нарийн холбоо, хувьсал өөрчлөлтөөр ингэж нарийн шинждэг ард түмэн дэлхийн хаана ч байхгүй. Энэ талаарх жишээнүүдийг нэгтгэж, малчдаас мэдээлэл цуглуулж, нарийн тайлбартай хэвлүүлбэл хэдэн боть болно. Эрхтний байрлал, ургах чадвар, өөрчлөлт зэргээрээ цаг агаарын мэдээ дамжуулдаг 400 гаруй ургамал бий. Уур амьсгал, эрхэлдэг ахуйгаас хамаараад улс орон бүрт байгалийн хэлмэрч байгаа.
Дулаан оронд дал модны дэвүүр маягийн навч нь захаасаа шарлаж, иш нь энд тэндээ халцарвал хэт халж, хортон шавж ихэсдэг гэх мэт жишээ байна. Гэхдээ байгаль шинжих арга ухаан манайх шиг өргөн, нарийн дэлгэрсэн үү гэвэл үгүй. Энэ нь малчдын байгальтайгаа илүү ойр байдаг, гярхай чанартай нь холбоотой” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
Харамсалтай нь, монголчуудын ахуй амьдрал өөрчлөгдсөнөөс үү, эсвэл байгаль, цаг уурын хувьсал өөрчлөлт нөлөөлсөн үү, ямартай ч эл уламжлал, арга ухаан сүүлийн үед алдагдаж, мартагдахдаа шахсан нь маргашгүй үнэн. Хотынхон битгий хэл малчид ч энэ уламжлалаас алсарсаар байгааг захын иргэн ч хэлэх боллоо. Энэ тухай нэгэн өндөр настантай ярилцахад суурин дээрээ олон арван жишээ хэлэв. Тэрбээр “Оготно хөеөгөө эрт хураан, тарвага ичиж, нүүдлийн шувууд эрт буцвал хэцүүхэн өвөл болохын шинж. Ийм жишээ олон. 60, 70-аас дээш насныхан энэ талаар сайн мэднэ дээ. Харин залуучууд хөндий” гэв. Үнэхээр л тийм аж.
Ойр орчныхноосоо байгаль шинжих аргуудаас асуухад дорвитой хариу хэлэх хүн ч олдсонгүй. Техник, технологи хөгжсөн, мэдээлэл гэрлийн хурдаар тархдаг болсон энэ цагт заавал ийм “барометр” ямар хэрэгтэй вэ. Энэ асуултад хариулахын тулд нэг жишээ татъя. Дорноговь аймгийн Айраг суманд өнгөрсөн сард усархаг бороо орсноос төмөр замын далан сэтэрч, галт тэрэг онхолдож асар их хохирол учирснаас гадна 12 айл усанд автан, 95 өрх цахилгаангүй болж, хоёр хүн амиа алдсан. Үерт автсан зарим иргэн уснаас зайлж, гэрээ авч үлдэх гэсэндээ тоонон дээрээ наалдан хэвтсэн зураг олон нийтийн сүлжээнд тархсаныг уншигчид санаж буй биз.
Тэгвэл эл явдлаас хэд хоногийн өмнө иргэдэд нэгэн “этгээд” сэрэмжлүүлэг өгчээ. Тэр нь оготно. Тодруулбал, тус нутгаар оготнын нүүдэл дайран өнгөрчээ. Хэрэв иргэд оготнын нүүдэл байгаль, цаг уурын таагүй үзэгдэл дагуулдгийг мэдсэн бол ингэж хохирох байсан уу гэдэг эргэлзээ төрөв. Тэгтлээ найддаг зурагт, радио нь ч энэ үед аюулт үзэгдлийг урьдчилан “ховлоогүй” гэдэг. Үлийн цагаан оготно судлалаар манайдаа алдартай нэгэн эрдэмтэн оготнын нүүдэл, өсөлт, хорогдлоор байгалийн гамшиг болох мөчлөг, цаг үеийг баримжаалдаг уламжлалын тухай бүхэл бүтэн ном гаргасан байдаг аж.
Гэтэл бид түүнийг хэрхэн устгаж, бэлчээр нутаг, газар тариалангаа хамгаалах вэ л гэж байнга ярьдаг болсон. Байгальд туйлын ашигтай, эсвэл огт хэрэггүй зүйл байдаггүй гэдгийн нэгээхэн жишээ нь энэ юм. Байгалиас өгөгдсөн “барометр”-ийг ашиглалгүй, анзааралгүй өнгөрсөн жишээ ганц үүгээр зогсохгүй болов уу. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж ихэссэн өнөө цагт “барометр”-ээ ажиллуулах нь болзошгүй эрсдэлээс хамгаалах чухал зэвсэг билээ.