Зүүн гараас Ц.Намсрай, Ж.Батмөнх, дайны дараах жилд “Үнэн” сонины орос хэвлэлийн зөвлөхөөр ажиллаж байсан А.А.Авдеев (ЗСБНХУ-ын дээд зөвлөлийн “Вестник верховного совета” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч), дайны жилүүдэд мөн зөвлөхөөр ажиллаж байсан В.В.Вавилина (“Работница” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч), Ю.Цэдэнбал, “Правда” сонины орлогч эрхлэгч нар, Зөвлөлтийн сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ягодкин, Д.Моломжамц нар “Үнэн” сонины 60 жилийн ойн үеэр.
(Эргэн дурсахуй)
Долдугаар сарын тэр нэгэн сайхан өдөр гүн хөх дэвсгэр дээр алх хадуур бүхий сүлд суулгасан ромбо тэмдэг энгэртээ зүүсэн минь өглөөний нарны гэрэлд улам сүрлэг гялалзана. Тэр бол миний ажил төрлийн гарааны замыг эхлүүлсэн дээд боловсролын баталгаа минь байж билээ. Үе үеийн сэтгүүлчдийн мөрөөдөл болсон “Үнэн” гэдэг босго өндөртэй айлын ам бүлд багтаж, галд нь цучил нэмэх оргилуун хүсэлдээ хөтлөгдөн, далавчин хаалгыг нээн орохдоо сэтгэл нэн хөдөлж, омгорхох, бас сүрдэх эмээх зэрэгцсэн тэр мөч эдүгээ ч өвгөн сэтгүүлч миний санаанаас үл гарна.
Цагийн эрхэнд элж хонхойсон боржин чулуун шатанд тулж ирэхэд хөл үл ялиг чичрэх шиг болсон. Тэгэхдээ тус сонины нэр дээр Москвагийн улсын их сургуульд элсэн орсон учир энэ айлын нэг гишүүн байх итгэл төрж, сэтгэл бага зэрэг тайвширсан ч, удирдлага нь хэрхэн хүлээн авч, юу юу асуух бол, түүнд тэнцэх хариулт өчиж чадах болов уу гэсэн догдлол бас зэрэгцэнэ.
“Үнэн” сонины үүх түүхийг уудлан чөмгөө дундартал судлан туурвиж, эрхлэгч гэдэг албан тушаал дээр эрдэмтэн хэмээх цол зэрэг нэмүүлсэн доктор Гэндэндарамын Дэлэг хэмээх эрхмийн зузаан хөх номыг өөд уруугүй уншиж, хэн хэн гэдэг ямар амьдралтай эрхмүүд энэ сониныг хөдөлгөж байсныг санаж амжив. Тэр хүн мэдэх туурвихын “далайд сэлж” цуглуулсан ном нь сууцных нь том тасалгааг дүүргэж, доод давхарынх нь айлын тааз нуран завдаж засвар хийлгэж өгсөн тухайгаа ярьж байж билээ.
Дэлэг эрхлэгч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн дайны тухай тэмдэглэлүүдээ бичин, монгол, орос хэлээр “Үнэн” сониныг эрхлэн гаргаж, нэрт эрдэмтэн Бямбын Ринчен орос хэвлэлийн эхийг хянан тохиолдуулж байхдаа “Их говийн зоригт хүмүүс” алдарт тэмдэглэлээ туурвиж, Мөнгөний Бизьяа хэмээх уран нийтлэлч казах түмний хөдөлмөр, тэмцлийг нүдэнд харагдтал бичиж үлдээсэн “Өвлийн нүүдэл” нийтлэл олон он жилийн тэртээгээс өнөөг хүртэл үл балран байгааг тэр номдоо тэмдэглэн үлдээснийг энэхэн мөчид санаж, тэдний энд хүрдэггүй юмаа гэхэд “сурна даа, бичнэ дээ” гэсэн эрмэлзэл тэр агшинд төрж билээ.
Ерөнхий эрхлэгч уулзаж, танилцана гэсэн ёсоор гарын нарийн бичгийн даргын өрөөнд зөвшөөрөл авч оров. Баруун аймгийн аялгаар ярих Хишигт гэх дунд хэрийн насны эмэгтэй нэр, ус асууж лавлаад өөд өөдөөсөө харсан, хүрэн хулдаасан бүрээстэй, хоёр хаалганы баруун талынхыг тогшин зөвшөөрөл аваад орж явчихав.
Хэсэг хугацааны дараа гарч ирээд “Ор доо” гэлээ. Монхордуу хамартай өргөн магнайтай, дэлдэндүү чихтэй, 50 эргэм хижээлдүү насны эр мод шиг хөдөлгөөнгүй, номхон зогссон намайг нүднийхээ шилийг авч эгц харснаа “Суу!” гээд угтвар ширээ рүүгээ заав. Энд бүх юм томрон харагдана. Ерөнхий эрхлэгч нь ч, түүний суугаа ширэн бүрээстэй буйдан сандал нь ч, зөвлөгөөний урт ширээ, ханын дүүжин цаг, ер нь нүдэнд туссан бүхэн тэгж харагдав.
Намайг сургуульд явахад Дэлэг гуай, дараа нь нэрт эрдэмтэн, дипломатч Цэвэгжавын Пунцагноров гуай энэ албыг хашиж байхад барааг нь харж байв. Эрхлэгч маань томилогдож ирээд дөнгөж хоёр жил болж байсан болохоор анхны уулзалт байлаа. (1964 он)
Ц.Намсрай эрхлэгч цөөн хэдэн зүйл асууж лавласны дараа хонхны товч дарж нарийн бичгийн даргаа дуудаад, “Коллегийн гишүүдээ цуглуул!” гэлээ. Ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч Г.Дэлэг түрүүлж орж ирээд суудлаа эзлэв. Дараа нь орлогч эрхлэгч Очирын Пунцаг гуай орж ирлээ. Пунцаг гуайтай удаа дараа уулзаж, өргөдлөө “мутрын” үсгээр нь баталгаажуулж, замын зардлаа, тэтгэлгийн мөнгөө авдаг байсан учир сайн танил болсон байлаа. Их няхуур хүн. О.Пун гэж биччихээд “Чи ер нь тэтгэлэг авах болсон хүн биз дээ” гэснээ нягтлан Чимидрэгзэн хэмээх авгайг дуудаж лавласны дараа л сая “цаг” гэж нэрийн төгсгөлөө тавьж баталгаажуулж байж билээ. Энэ хүн бичиж туурвих, хянан боловсруулахдаа мөн л ийм няхуур нэгэн байсан юм. Төрөлхийн хянуур дээр нь сонины ажил ийм болгосон байхдаа гэж боддог байж билээ.
Надаас гурван жилийн өмнө манай сургуулийг дүүргэж, нам, улсын байгууллагын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ирсэн Авирын Чойжилжав хэмээх туранхай бор хүн орж суудлаа эзлэв. Сэтгүүлч, гарамгай нийтлэлч тэр эрхэм сүүлд Соёлын гавьяат зүтгэлтэн болж билээ. Ц.Дамдинсүрэн гуайгаас хариуцлагатай эрхлэгчийн албыг авч “Үнэн” сониндоо олон жил хүчээ өгсөн Гомбын Жамц гуай дараа нь орж ирлээ. Энэ мэтчилэн арваад хүн болов.
Хурал эхэллээ. Оюутан байхдаа дадлагаар юу бичиж байв. Хөдөөний сурвалжлагчаар явуулбал ар талдаа татлаа түтлээ бий юү, гэр бүлтэй юү, морь мал унахдаа сайн уу? гэх мэтчилэн олон зүйл асууж лавлав. Асуулт гүйцэж Ц.Намсрай эрхлэгч ширвээ сахалтай, хальт харахад ширүүн дориун байрын шар хүнд хандаж “Энэ залууг Шагдарсүрэн чи хэлтэстээ авч ажиллуулж бай. Чөлөөнд нь хэвлэх үйлдвэрт сонин гаргахад хянагч, нийлэгчээр ажиллуул! Мэдээ, материал хянуулж, боловсруулах ажилд сайн сурга?” гэсэн үүрэг өглөө.
“Хэсэг хугацааны дараа Намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр оруулж батлагдавал хэлтэстээ утга зохиолын ажилтан болгоорой” гэж нэмж захив. Харин эс батлагдвал хэвлэх үйлдвэрийн сонин гаргагч редактораар ажиллана. Хэн болж чадахаа өөрөө л харуулна даа гэж “захиас үг” дайв. Коллегийн хурал ийн дууслаа. Ийнхүү түр, бүр, эсэх нь надаас өөр хэнээс ч үл хамаарах ажлын өдөр эхэлж, ширээ сандал, сонинд нийтлэхээр ирүүлсэн материал бүхий хавтаст “хэрэг” хүлээн авав.
Хэлтсийн эрхлэгч маань Гонсүрэнгийн Бидэрьяа хэмээх цал буурал үстэй шар авгайг дуудаж ирүүлээд “Энэхүү Ц.Мишигдоржийг манайд өгсөн юм. Ирсэн захидал мэдээг, энэ нөхөрт өгч “тооцоо” хийж байгаарай” гэж захирангуй нь аргагүй анхааруулав. Бидэрьяа гуай сургуулиа төгссөн, энд ажиллах болсон зэрэгт баяр хүргээд, үүрэг юу болохыг анхааруулж, хөдөлмөрчдийн захидлыг гурван хоногийн дотор хэрхэхийг шийдэж, сурвалжлагч, идэвхтэн бичигчдийн материалыг хоёроос илүүгүй өдрийн дотор цаг алдалгүй боловсруулж, хэлтсийн эрхлэгчдээ уншуулан шийдүүлж байхыг үүрэг болголоо.
Энэ эрхэм бол “Үнэн” сонинд насаа элээж, хүнтэй ажиллах, хүмүүсийн сэтгэлийн илэрхийлэл болсон алгын чинээ цаасан дээр буусан хүсэл зориг, баяр баясгалан, элдэв хүнд сурталтай тулгарч, мухардсан гачигдал, гомдол, бас нам, засгийн бодлого шийдвэрийг хөсөрдүүлдэг хууран мэхлэгч, олны төлөө хүч зориг гаргадаг үнэнч хүмүүсийг магтан дуулсан бичлэгүүд байдаг гэдгийг байнга хэлж, тэдгээрийн ард хүн бий гэдгийг ойлгуулахыг эрхэм болгодог байлаа. Тухайн үед , сонины хуудаснаа “Хүндэт удирдагч” гэж бичигддэг хүн байсан “нам, эвлэлийн байгууллагын нарийн бичгийн дарга, сайд нарын нэрэнд тийм гуншин зүүж бичдэг байжээ” гэдэг.
Мөн хэлтэст С.Ринченсамбуу хэмээх 60 гаруй насны хатингар туранхай шөрмөслөг өвгөн байв. Бас л түүхт хүн ажээ. Эдүгээ ардын бослого гэж цагаатгаад буй “Тариатын хүрээний” үймээний үед сумын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга байж, үймээн самуунаа орхихыг ухуулж яваад “ногоон малгайт” Дамдинсүрэн, Түгж “жанжин” нарт баригдаж, туг тахиулах ээлжээ хүлээн майхны хаяанд хүлээтэй хэвтэж байхад нь Содном сайдын отряд ирж аврагдсан тухайгаа над ярьж билээ. Тэр хүн үүнийгээ гавьяа болгож ярьдаггүй, энгийн нэгэн байв.
Ер нь тэр үеийн хүмүүс туулсан зовлон, байгуулсан гавьяагаа ярьж гоморхдоггүй, сайрхдаггүй байжээ. Ажлын гараагаа эхэлсэн тэр үед минь ийм хүмүүс манай сонинд төдийгүй газар сайгүй байсан юм. Хэлмэгдсэнээ ч гомдоллон ярьдаггүй, дурсдаггүй байжээ. Манай эрхлэгч Ц.Намсрай гуайн төрсөн ах Баттөмөр нь Гэгээрлийн яамны сайд байхдаа хардагдан баригдаж, хилсээр шүүгдэн Сонгинын буланд цаазлуулсан хэлмэгдэгсдийн түрүүч байсан гэдэг.
Ц.Намсрай гуай тэр тухай сүүлд надад дурсан ярьж билээ. Манай сонинд ийм л намтар түүхтэй, байгуулсан гавьяатай хүн захаас аван байв. Тэд би тийм байсан гэж ярьдаггүй, жирийн л хүмүүс байсан юм. Би тийм, ийм юм бичсэн, туурвисан гэж сайрхдаггүй байлаа. Жамбын Пүрэв хэмээх алдарт романист, уйгагүй хөдөлмөрч хүн манай сонины үзэл суртлын хэлтэст ажилладаг байв.
Тэр эрхэм нэг өдөр “Би ийм өгүүллэг бичлээ. Миний хүү уншаад, санаа оноогоо над шууд хэлээрэй” гэдэг юм. Би юу хэлэх билээ дээ. Сайхан өгүүллэг санагдав. Үзэгний үзүүр хүргэлгүй эргүүлж өгөхөд “Битгий зов. Санаа оноогоо хэнбугуайд ч хэлж бай. Зөв, буруугийн аль нэгийг хэлж зөвийг сонсдог юм. Ганц үсгийн ч алдаа мадаг алга уу? гээд тамшаалж байгаа юм шиг шүлсээ татаад гарч одсон билээ. Ийм л хүмүүсээр хамт олноо бүрдүүлсэн эрхлэгчийн удирдлагад 20 ажиллажээ.
“Сахал” Бямбаа гэдэг нэг эрхэм “Үнэн” сонины лавлахад ажилладаг байв. Гарын ур дүйтэй нэгэн байлаа. Хожим нь “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчийн орлогчоор ажиллаж байхдаа Францын коммунист намын төв хэвлэл “Юманите” (Хүн төрөлхтөн) сонины фестивальд хоёр дахиа оролцох завшаан тохиосон юм. Тэр үед социалист орны намын төв хэвлэлийн төлөөлөгчид баярт оролцохдоо хандив өгдөг, хандивыг урлагийн тоглолт аваачиж, төлбөртэй үзүүлбэр хийдэг, бас гар урлалын зүйл худалдаж түүнийхээ мөнгийг хандивладаг байв.
Ц.Намсрай эрхлэгчийн санаачилгаар найман ханатай, бүрэн тавилгатай гэр “Үнэн” сонины хөрөнгөөр бэлдүүлж, фестивалийн хотхонд барьсан юм. Тэндээ бяцхан худалдаа гаргалаа. Тэр гэрийг бариулахаар Баянхонгор аймаг дахь “Үнэн” сонины сурвалжлагч Норовжанчив гуайг томилж илгээсэн билээ. Сүүлд нь францчууд гэрийг буулгахдаа ханынх нь үдээсийг хөрөөдөж салгасныг манай Элчин сайдын яамныхан мэдэж, гурван хана салгаж дуусаж байхад нь очиж төмөр утсаар нөхөн үдэж, дараа жилээс нь өөрсдөө барьж, буулгадаг болсон гэдэг. Тэр фестивалийн үеэр худалдах гэж эдельлвэйс буюу цагаан түрүү (цагаан уул) цэцэг түүж алгын чинээ нийлэг ялтсан нүүртэй бяцхан хайрцагт хийх санаагаа Бямбаа гуайд хэлэхэд уриалгахан сонсож, 200 гаруй хайрцаг хийж тус бүрт нь гурван цэцэг тогтоон бэлэн болгосныг би авч явж билээ.
Эдельвайс Европт зөвхөн Альпын нуруунд ургадаг. Залуус хайртай хүндээ зориулж, уулын тагтаас түүж эр зориг, үнэнчийн билэг тэмдэг болгон барьдаг нандин эд байжээ. Тэдгээрийг ширхгийг нь таван франкаар “гүйлгэж” олсон мөнгөө тэр сонинг санхүүгээр дэмжих хандив болгон өгч билээ. Бас болоогүй Элчин сайдын яамны хамт олон хэдэн шөнө сууж, бууз чимхэн хөлдөөж, бидний аваачсан “Экс” архийг хундагалан хоёр бууз, нэг жүнзийг гурван франкаар борлуулаад мөн л хандивын хуримтлал бий болгодог байв. Тэгэхэд эдүгээгийн Гавьяат жүжигчин Нэргүй хэмээх дуучин, бас нэг хөөмийч, морин хуурч тоглуулж, алдарт дуучин Норовбанзад гуайн шавь сайхь Нэргүй “Уяхан замбуу тивийн наран”-г Парисын тэнгэрт хадаан, сонссон олныг бишрүүлж байсан сан.
Манай Ц.Намсрай гуай ингэж Монголын урлагийг харийн оронд, тэр дундаа соёлт Францад үзүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Энэ хүн олон улсад нэр хүндтэй нэгэн байв. Дэлхийн шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын сэтгүүлчдийн холбооны тэргүүлэгч гишүүн, олон улсын парламентын холбооны ээлжит чуулгануудад Монголын төлөөгчдийг тэргүүлэн оролцдог төрийн зүтгэлтэн, дипломатч байсан юм. Гадаад явдлын яамны ерөнхий нарийн бичгийн дарга, Германд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд байв. Элчин сайдын албаа гүйцээгээд эргэн ирэхдээ бяцхан цайллага бэлтгэж намайг гэргий Б.Цэрэндуламтай минь хамт гэртээ урьж билээ. Цогзолмаа гуай, тэдний охин Ганчимэг, Шүр нар халуун тогоо бэлдэж, надад том хүндэтгэл үзүүлсэн юм.
Тэгээд надад сануулсан нь “Гадаад оронд сууж, алба залгуулж нүд тайлах сайхан ажил. Гэхдээ нас хэвийснээс хойш нэг их шохоорхох зүйл биш. Миний үеийн олон хүн ийм насанд агаар орчин, идэх уух, өмсөх зүүх нь тохирохгүй газар элдэв өвчин эмгэгт өөнтөг болдог юм байна” хэмээн захиж билээ. Нээрэн тэр хүний бие лагшин ирснээсээ хойш чилээрхэж байсан гэдэг. Ерөнхий эрхлэгч өвдсөн зовсон, ханиад томуу туссан гэж дуулддаггүй. Өдөр тутам өглөө эртлэн ирж, улс оронд ажил өрнөсөн үед шөнө дөл болтол суудаг хүн байж билээ. Ю.Цэдэнбал даргын хэлэх үг илтгэл, айлтгалыг оросоор бичиж бэлтгэнэ. Түүнийгээ алдарт орчуулагч, нэрт сэтгүүлч Намсрайн Шарав хэмээх эрхмээр орчуулуулж, түүнийг Ц.Намсрай гуай хянан тохиолдуулж, Цэ дарга үг үсгийн төдий гар хүрэлгүй хүлээн зөвшөөрдөг байж билээ.
Энэ хүний дээшээ өргөн мэдүүлсэн санал, хүсэлт ч нэгэн дуугаар шийдэгдэж, эргэж буцах явдал байдаггүй байлаа. “Үнэн” сонины гал тогоонд өсөж бойжсон олон хүн тушаал дэвшиж, улс эх орны төлөө хүчин зүтгэн, Монголын түүхийн хуудсанд нэрээ үлдээсэн байдаг. Тэдний нэг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Цэрэндашийн Намсрай байна. “Үнэн” сонины нэр дээр Ленинградын их сургуулийн сэтгүүлчийн ангийг 1962 онд дүүргэн, Дорноговь аймагт “Үнэн” сонины сурвалжлагчаас ажлын гараагаа эхэлж, Хятадад болсон соёлын хувьсгалын үед Бээжин дэх “Үнэн” сонин, МОНЦАМЭ-гийн сурвалжлагчийн алба хашиж, төдөлгүй Намын төв хороонд дэвшин ажилласан билээ. Намын Төв хорооны хэлтсийн эрхлэгч, Сайд нарын Зөвлөлийн харьяа газрын дарга, олон нөхөд энэ хүний үнэлгээ, тодорхойлолтоор дэвшин томилогдож, гавьяа шагнал хүртсэн билээ.
Тэдний нэгэнд молхи миний бие багтсан гэдгийг дурсахгүй орхиж чадахгүй нь. “Үнэн” сонины Москва дахь сурвалжлагчийн ажлыг гүйцээж ирээд ерөнхий эрхлэгчийн орлогчоор томилогдсон билээ. Эрхлэгч маань нэг удаа “За Мишиг минь чамд нэг л зүйлийг захья! Хэн нэг нь албан ажилд нэр дэвших, сургууль соёлд явахыг хүсэх үед саад тотгор хийхийг цээрлэж яваарай. Хүмүүсийг албан тушаалд дэвшүүлэхдээ “цаагуур нь” няхуур нямбай шалгадаг юм. Сурах, боловсрох гэсэн хүний цаана өсөх, дэвших ирээдүй, ар гэр, амьдралаа өөд татах амин хүсэл тэмүүлэл байдаг юм” гэж дотночилон хэлж билээ.
Сонины ажил алба залгуулж явахад хөгтэй, бас “эмгэнэлтэй” явдал тохиолдохыг алийг тэр гэх билээ. Нэг удаа намын ээлжит Их хурал болж өндөрлөх үед Ю.Цэдэнбал дарга хаалтын үг хэлж, нэг гашуун алдаа гарав. “Главлит” буюу Хэвлэл утга зохиол хянах газарт хариуцлагатай ажил залгуулж явсан өвгөн Балжинням гуай хянагчаар ажиллаж, Доржготов сонин гаргах, Жамцын Шагдар хөдөөнөөс дөнгөж ирээд утга зохиолын ажилтнаар ажиллаж сигнал унших ээлж таарсан юм. Тэгтэл Их хуралд Цэ дарга хаалтын үгээ хэлж дуусах үед “хурлын төлөөлөгчид суудлаасаа босож удтал алга нижигнүүлэн ташив” гэсэн өгүүлбэрт алдаа гарч, 20 000 сонин хүчингүй болсон юм.
Юу гэвэл “алга” гэсэн үгийн “га” гэсэн үе мөр шилжихэд алга болж гай тарив. Хэнээс болж “хулгайч” алдаа “хил” давсныг тогтоох ажил өрнөлөө. Осолдохгүй редактор, хянагч, сигнал гурвын алдаа болох нь илрэв. Нэгэн дардасны ард хөзрөөр “муушги” тоглож байсан “данс” илчлэгдэж, түүнд сайхь Шагдар нэр холбогдов. Ц.Намсрай эрхлэгч “Шагдаар! муу собак минь. Намайг дагаж Архангайд явж байхдаа заалгаад “сурлаа” гээд байсан чинь аль вэ? Их хожигдсон байна” гэхэд хүмүүс инээлдэв. “За, за яасан хүн муутай юм. Шоолоод байхдаа яадаг билээ. Энэ нөхөр муу нийлж, бас дахин сольж уншихаас залхуурч алдаа гаргасан байна. Ёстой “хөгөө” хөлдөө, бас сониноо цуг чирчихлээ” гэв.
Миний хажууд байсан хотын уугуул, шинэхэн залуу ажилтан “хөг” гэнэ үү, хөлд бас чирэгддэг байх нь. Хөг гэж хөгжимд байдаг хэмээн цэцэрхэв. “Чирэгддэг хөг” гэж юу байдаг билээ” гэж надаас асуулаа. Түүнийг өрөөндөө урьж “хөг” гэдэг үгийг үнэнээсээ мэдэхгүй байсан уу” гэж лавлав. “Тийм ээ. Мишиг ах аа. Хөг гэж хөгжимд л гардаг бус уу” гэж үг сөрөв. “Дүү минь, эм хонь, ямааг цаг алдаж хээлтэхээс хамгаалан эцэг малын бэлхүүсэнд зүүдэг зүйлийг “хөг” гэдэг юм. Орчин үеийнхээр бол нэг янзын “бэлгэвч” юм” гээд инээлгэж, бас егөө тайлбар хэлсэндээ сэтгэл зовж билээ. Түүний дараахан сайхь Балжинням гуай мөнгөний нярав болж, Шагдар намын байгууллагын хэлтэст утга зохиолын ажилтнаар батлагдах нь түр хойшилж билээ.
Хүчингүй болсон сониныг өөрийн өртгөөр тооцон, алдагдлыг нөхөн төлцгөөж дуулиан болголгүй нам жим өнгөрсөн юм. Төв хорооноос эрхлэгчийг минь дуудаж асууж зэмлэсэн гэдэг. Бүхнийг өөрөө үүрч, алдаатай сонины дугаарыг хурааж “20 000 сонин байсан нийтэд тараалгалгүй” устгасан гэсэн тайлбараар нөхдөө хаацайлж “Хонь бүрэн, чоно цатгалан” гэгч болж билээ. Ажилтнуудаа хайрлан өмгөөлдөг энэ хүний мөс олон залууст сургамж болсон гэж санадаг. Ийм сайхан хүнийг эргэн дурсахдаа “бяцхан уянгын гажилт” хийснийг уншигч авхай нар минь болгоогоорой.
Цэнд-Аюушийн МИШИГДОРЖ