Зам нь энд тэндгүй нүхтэй, орчин нь тэр чигтээ харанхуй. Нар шингэвэл түүгээр явахад бэрх. Хашааных нь булан хогоор дүүрч, орон гэргүй хүмүүс моддынх нь доор хоног төөрүүлнэ. Үүний улмаас мэр сэр гэмт хэрэг ч гарна. Энэ бол яг нэг жилийн өмнөх ХСҮТ-ийн гаднах орчны дүр зураг. Харин одоо эсрэгээрээ, энхэл донхолгүй замтай болсон. Шилмүүст модоор төгөл байгуулж, авто зогсоол байгуулжээ, тэнд. Тэр бүгдийг тусгал сайтай гэрлээр гэрэлтүүлдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хөрөнгө гаргаж Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд ийнхүү тохижуулсан юм.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар очсон хүмүүс авто зогсоол хүрэлцээгүйгээс хашаа руу нь орж чадахгүй түгжирдэг байсан үе саяхан. Тэгвэл өдгөө дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэхээр очсон хүмүүс зориулалтын зогсоолд машинаа байрлуулах боломж бүрдлээ. Тэр байтугай бичил цэцэрлэгт хүрээлэн дэх тохилог сандалд тухлаж болно.
Хот, хөдөөгийн гэлтгүй зүрхний эмгэгтэй бүх хүний зорьдог Улсын гуравдугаар төв эмнэлэг орчмын нийтийн эзэмшлийн талбайг 2016 онд тохижуулсан нь эл бүтээн байгуулалтын эхлэл байлаа. 2017 оны хавар тус эмнэлгийн үүдний хэсгийг нь 43.3 сая төгрөгөөр засаж, сайжруулсан юм. Одоо тэр хавь сул шороон хөрсгүй, 263 ам метр зүлэг, 12 сандал, мөн тооны гэрэлтүүлэгтэй болсон. Тавьсан зүлгийг хамгаалах 148 метр урт ургамлан хашлагатай.
Үүний дараа 759 сая төгрөг зарцуулж, ГССҮТ-ийн эзэмшил газрыг тохижуулан, олон улсын стандартад нийцсэн авто болон нисдэг тэрэгний зогсоол байгуулсан. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах орчныг 338 сая төгрөгөөр зассан юм. Улсын гуравдугаар төв эмнэлгийнхээс дутахгүй тохилог орчныг тэнд бүрдүүлсэн байгаа. Гуч гаруй жил “гар хүрээгүй” газруудыг засаж, тохижууллаа гэсэн үг.
Хоёр жилийн өмнөөс эхэлсэн эл бүтээн байгуулалт энэ онд зургаан эмнэлэгт үргэлжлэв. Хан-Уул, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, “Амгалан” амаржих газрын тохижилтын ажил дуусаж, Улсын комисс хүлээж авлаа. Гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон автозогсоол байгуулж, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг нь шийдвэрлэн, орц, гарцыг нэмснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яармаг дахь салбар л гэхэд нэг ч зогсоолгүй байсныг эмч, мэргэжилтнүүд нь ярьсан. Талхлагдсан газрыг нь зүлэгжүүлж, намгархаг хэсэгт нь авто зогсоол байгуулжээ. ЭХЭМҮТ, ХӨСҮТ, “Өргөө” амаржих газрын тохижилтын ажил энэ сард дуусна гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хэлсэн юм. “2016-2018 онд нийтдээ 10 эмнэлгийн гаднах талбайг тохижууллаа. Монгол Улсын иргэд
эмнэлгийн тусламж, үйлчилгээг тохилог орчинд авах ёстой. Бид тэр орчныг нь бүрдүүлэхийг зорьсон. Цаашид ч эл ажил үргэлжилнэ” гэж тэрбээр өгүүлсэн юм. Удахгүй улсын дансанд бүртгэх, ЭХЭМҮТ-ийн гаднах орчин л гэхэд танихын аргагүй болжээ. Хоёр машин зөрөх боломжгүй байсан нарийн замыг нь өргөсгөж. Хүүхдүүд гүйж, харайхад бэртэхээргүй талбай ч байгуулсан байна билээ. Хаалгаар нь ороод, машинаа байрлуулах талбай хайж гэлдэрсээр “туугдан” гардаг ХӨСҮТ-ийн хашаанд жигтэйхэн том зогсоолтой болчихож. Явган хүний замыг нь ч шинэчилжээ. Хамгийн дэвшилтэй нь эмнэлгийн хашаа усанд автахааргүй болсон явдал байв.
Эмнэлгүүдийн гаднах орчныг тохижуулахад цочирдмоор их хөрөнгө зараагүй ажээ. Өнөө жил зургаан эмнэлгийн гаднах орчныг нийт таван тэрбум төгрөгөөр тохижуулж буй аж. Үүний 1.6 тэрбумыг ХӨСҮТ, 1.3-ыг нь ЭХЭМҮТ-ийн гаднах талбайд зарцуулсан юм билээ. Бусад эмнэлгийн тохижилтод 460-600 сая төгрөг зориулжээ.
Ер нь эмнэлэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Агаар цэвэршүүлж, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг учраас дан шилмүүст мод тарьжээ. Эмнэлгийн орчныг төгөл болгох хэрэгтэй гэж нийслэлийн удирдлага үзсэн учраас нэлээд анхаарсан нь ажиглагдав. Тиймээс усалгаа, арчилгааг нь тарьсан компанид нь даатгасан байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Суулгаад л орхичихвол ямар ч мод ургахгүй. Тиймээс бид сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагатай эмнэлгүүдийн гаднах моддыг гурван жил усалж, арчлах гэрээ байгуулсан. Хуваарийг нь манай албанаас гаргаж, байнга хяналт тавьж байгаа” гэсэн юм.
Товчхондоо Улаанбаатарын төв дэх ихэнх эмнэлэг супер болжээ. СЭМҮТ, ШШҮХ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг л бахь байдгаараа үлдэж. Хамгийн их ачаалалтай хэрнээ автозогсоолын дутагдалтай эдгээр байгууллагын гадаах талбайг дараа жилд засахаар төлөвлөжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ШШҮХ л гэхэд зогсоолгүй. Талийгаачаа хөдөөлүүлэхээр тэнд очсон хүмүүс нударга зөрүүлэхээс наагуур арсалддаг. Тэгвэл үүнийг өөрчилж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойно авто зогсоол байгуулах нь. СЭМҮТ-ийн хашааг өвөрмөц болгох урьдчилсан зураг гаргасан байна билээ. Ажил эхэлтэл нууцыг нь хадгалъя. Уг гурван эмнэлгийн гаднах талбайг сайжруулахдаа Налайх, Багануур, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн орчныг ч тохижуулна гэсэн. Ирэх жилийн намраас эмнэлгүүд улам л тохилог болох нь. Стандартад нийцсэн зогсоол, ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй болно гэсэн үг.