Төрийн анхан шатны үйлчилгээ авна гэдэг иргэдэд тэнгэрийн умдаг атгахтай адил байсан үе бий. Сэргэлэн, эсвэл танил талтай нэг нь урдуур, хойгуур гүйж байж л бүтдэг мэтээр ойлгох хүн ч байсан. Оршин суугаа хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа авах гэх мэт төрийн анхан шатны үйлчилгээнээс эхлээд л бүх шатанд нэг даргын гарын үсэг, тамга хүлээж дараалалд зогсон, бүтэн өдрийг өнгөрөөх нь энүүхэнд байж билээ. Үүн дээр төрийн албан хаагчийн хүнд суртал, ёс зүйн асуудал ч хөндөгдөж байсан юм.
Эл хүнд суртал, чирэгдлийг халж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 2007 онд “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлж, нийслэлийн есөн дүүргийн зургаан хороо, 21 аймагт салбар нээсэн байдаг.Гэтэл бас л иргэдийн бухимдал тасраагүй. Ийнхүү иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг эрэлхийлсээр байсны дүнд 2013 онд ТҮЦ машин нэвтрүүлсэн.
Иргэний үнэмлэхийн, төрсний бүртгэлийнхээс эхлээд татварын хэд хэдэн лавлагааг хурууныхаа хээг уншуулж, цахим техникт мөнгөн дэвсгэрт хийснээр авах “шидтэй” тус машин төрийн үйлчилгээний хүндрэл, чирэгдэл, нөгөө талаас албан хаагчдын ачааллыг ч багасгаж дөнгөсөн юмдаг. Анх нийслэлийн 17 цэгт 10 төрлийн үйлчилгээ үзүүлэхээр суурилуулж байсан бол өдгөө орон даяар 110 цэгт, 28 төрлийн үйлчилгээг иргэд рүү ойртуулаад байна. Үүнээс нийслэлд 78, орон нутагт 32 ТҮЦ машин байрлаж буй. Шинэчлэлийн хэмээх тодотголтой Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй ажил энэ байсан гэхэд хэтрүүлж магтсан болохгүй биз ээ.
ГОЛОГДОЖ БУЙ МӨНГӨН ДЭВСГЭРТ
Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар ТҮЦ машины үйлчилгээг хариуцдаг бол, Үндэсний дата төвийнхөн техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангадаг. Тус үйлчилгээ иргэдэд хүрч эхэлснээс хойш гарч буй ганц хүндрэл нь мөнгөн дэвсгэрт таньдаггүй явдал. Машиныг анх суурилуулснаас хойш л ярьсан эл асуудлыг шийдэж, сайжруулна гэж хариуцагчид нь ярьдаг ч өдий хүртэл бахь байдгаараа. Үндэсний дата төвийнхөн “Энэ хүндрэлийг хоёр жилийн өмнөөс арилгасан” гэж буй боловч бодит байдал тэдний ярьснаас зөрүүтэй хэвээр.
Хамгийн сүүлд буюу энэ оны тавдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах “И-март” худалдааны төвд байрлуулсан ТҮЦ машин хэдхэн хоногийн өмнө 500 төгрөг танихгүй, нэгэн үйлчлүүлэгчийг сандаргаж буй харагдсан. Хойно нь дугаарласан 3-4 хүнээс авсан дэвсгэртүүдийг ч таньсангүй. Тэнд байсан хүмүүс гайхаж, мөнгөн дэвсгэртүүдийг хэзээ хэвлэснийг шалгахад 2007, 2009, 2013 оных байсан бөгөөд алийг нь ч “тоохгүй”, буцааж гаргасаар байв. Аргаа барж, машины дэлгэцэн дээрх лавлах дугаар руу нь залгаж асуухад “Манайд мөнгөн дэвсгэрт таньдаггүй машин ганц ч байхгүй” гэх хариулт өгсөн гэнэ. Үүний зэрэгцээ ТҮЦ машин ажиллахгүй байна гэх асуудал байнга гарсаар.
УЛСЫН ХУУЛИЙГ ДАВСАН БАЙГУУЛЛАГЫН ЖУРАМ
ТҮЦ машин нэвтрүүлснээс хойш иргэдийн бухимдал тийм ч хурдан намжаагүй. Төрийн зарим байгууллага ТҮЦ машины лавлагаагаар үйлчлэхгүй, тамга даруулж, гарын үсэг зуруулж ир” гэх мэтээр өмнөх хүнд суртал давтагдсаар байсан юм. Уг нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульдаа ТҮЦ машины лавлагаа бүх байгууллагад хүчин төгөлдөр үйлчилнэ гээд заачихсан. Гэсэн ч үйлчилгээ нэвтэрснээс өдий хүртэлх таван жилийн хугацаанд төрийн байгууллагууд нь “эв зүй”-гээ ололцож, дээрх асуудал намжсан ч хуулийг сөрж зогсох ганцхан салбар хана хэрэм мэт үлдлээ.
Ухаалаг машины давуу тал нь хэн нэгэн даргын хаалгыг сахиж, хэдэн цаг суухгүй, олон төрлийн лавлагаа авах гэж хотын түгжрэлд цагаа барахгүй байх боломж бүрдүүлсэн хамгийн зөв гарц. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэдэн цаг дугаарлаж авдаг иргэний үнэмлэхийн лавлагааг хэдхэн минутад, 1000 төгрөг төлөөд л авах боломж бүрдсэнд олонх хүн олзуурхаж байсан. Гэтэл хуулиар зохицуулсан эл үйлчилгээг сөрөх “эрх мэдэлтэн” өнөө ч байсаар байгаа нь арилжааны банкууд.
Иргэний үнэмлэхээ гээж, үрэгдүүлсэн, захиалсан гэх мэт шалтгаанаар ТҮЦ машины лавлагаа аваад, үйлчлүүлнэ гэвэл санасны гарз. Банкныхны хувьд лавлагаа бол зүгээр л нэг цаас гэнэ. Уг нь бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын нууцлал бүхий QR кодоор баталгаажчихсан эд шүү дээ. Гэтэл банкны зүгээс “Иргэний үнэмлэхгүй иргэд гадаад паспорт, эсвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан тамгатай бичгээр үйлчлүүлэх ёстой” гэх зааварчилгаа өгч байна. Гадаад паспортгүй иргэн бол Улсын бүртгэлийн ерөнхий газарт дугаарлан зогсож байж банкаар үйлчлүүлэх “эрх” олж авах нь.
Уг асуудлыг шийдэж байгаа, эсэхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнээс лавлахад “Уг нь хуульд бүх албан байгууллагад хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. ТҮЦ машины лавлагаагаар үйлчилдэггүй байгууллагуудын дотоод журамд заасан байдаг байх” гэсэн юм. Бүхэл бүтэн улсын хууль ганц байгууллагын дотоод журамд дарлуулж, иргэдэд хүндрэл учруулж буйг хэн ч тоохгүй байсаар таван жилийн нүүр үзлээ.
ХУУЧИНТАЙ БАРЬЦСАН “ШИНЭ” ШИЙДЭЛ
Өмнөхөө үгүйсгэж, өөрсдийнхөө шийдлийг “шахах” муу ёр манай төр засагт шүгэлсэн гэхэд хилсдэхгүй. Эл “бодлого”-ын босгоор ТҮЦ машин АН-ынх хэмээн ад үзэгдэж, бүр шахагдаж эхэлсэн сураг дуулдлаа. Ил цагаандаа гарч, суурилуулсан ТҮЦ машинуудыг шууд аваад хаячихгүй байгаа боловч илт “гадуурхаж”, засаж сайжруулах ч үгүй зөнд нь орхижээ. Түүгээр ч зогсохгүй уг машинаас төдийлөн ялгарахгүй өөр “юмнууд” ч гаргах боллоо. Жишээлбэл, ХУР систем.
Төрийн үйлчилгээний 28 төрлийн үйлчилгээ үзүүлж, 110 цэгт ажиллаж буй ТҮЦ машинтай зэрэгцэн “Төр болон хувийн хэвшилд ашиглана” гэх тодотголтой ХУР системийг өнгөрсөн оноос нэвтрүүлсэн. Улсын бүртгэлийн шинэ хуулиар иргэд ТҮЦ машинаас авах шаардлагагүй таван үйлчилгээ байдаг. Үүнд төрсний, гэрлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсэн, эсэх, гэрлэлт бүртгээгүй гэсэн таван төрлийн лавлагаа багтсаныг ХУР системд даатгаж буй аж.
Мөн “Гэрэгэ” нэртэй цахим төлбөрийн машиныг өнгөрсөн тавдугаар сард хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус машин нь тээврийн хэрэгслийн татвар болон торгууль төлөх зориулалттай бөгөөд цаашдаа төрийн 30 төрлийн үйлчилгээ үзүүлэх гэнэ. Мөн л QR кодтой бөгөөд ТҮЦ машинаас ялгарах нэг онцлог нь банкны баримтын адил хүчин төгөлдөр гэнэ. Түүнчлэн орон нутгийн автобус болон галт тэрэгний тасалбарыг иргэд тус машинаас авах боломжтой аж.
“Гэрэгэ” машин “мэндлэх”-ээс нэг жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сард “Авто тээврийн үндэсний төв”-ийнхөн тасалбар түгээх машин ашиглалтад оруулсан. Тэр машин ажиллаж буйг нэг ч удаа харсангүй, иргэд тасалбар бичүүлэх гэж дугаарласан хэвээр байгаа юм. Энэ мэт эхнийхийгээ бүрэн гүйцэд ашиглаж, иргэдэд хүртээмжтэй болгоогүй атал дахин нэгийг хийнэ гэж өчнөөн хөрөнгө үрж, хэдий болтол “тоглох” вэ. Уг нь нэгэнт ашиглалтад оруулаад, олон газарт байрлуулчихсан ТҮЦ машинаасаа энэ бүх үйлчилгээг бүгдийг нь авдаг болчихвол иргэдэд ч чирэгдэлгүй, төрийн ажилд ч тустай бус уу.