1930-аад оны эхээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөн, өвөг эцэг Балданцэрэн гүнгийнхээ хэргэм зэргээс болоод “феодалын үлдэгдэл” хэмээн бага сургуулиасаа хөөгдөж, ангийн багшаараа хөтлүүлээд чичилсэн олны харцан дундуур уйлан хайлан явж байсан хүү хожмоо ХХ зууны Монголын нэрт эрдэмтэн, түүхчдийн эцэг хэмээн хүндлэгдсэн нь Төрийн хошой шагналт, академич Ш.Нацагдорж юм.
Тэрбээр энэ тухайгаа “Биднийг хөөхдөө сурагчдыг жагсааж байгаад захирал үг хэлж, нам, засгийн шийдвэрээр ван, гүн, тайж нарын үр хүүхдийг ардын сургуульд сургахгүй болсныг мэдэгдэж, “Сурагч тэр тэр болбоос феодал этгээдийн удам угсаа” хэмээн нэр цохож билээ. Багш нар анги ангийнхаа “феодалын үлдэгдэл”-ийг сурагчдын эгнээнээс хөтлөн гаргаж, олны өмнүүр дагуулан алхсаар нөгөө жигүүрт аваачихад энэрэнгүй, хүнлэг зарим багш “Битгий уйл даа.
Номоо үзэж байгаарай, учир нь олдох биз” хэмээн аяархан хэлнэ. Олонх нь чухамдаа “лам нар шар шувтлахын адил” алга нижигнүүлэн ташсаар хоцорно” хэмээн дурсжээ. 1918 онд Нийслэл хүрээнд мэндэлж, бага наснаасаа өвөө, аавынхаа эрдэм номын шүншиг шингэсэн оюуны ертөнцөд умбаж өссөн хүүгийн ирээдүйд ангийн багш Пунцагцэрэн ихэд санаа зовнин харамссан гэдэг.
Удалгүй улс орон даяар өрнөсөн латин үсэгт шилжих хөдөлгөөний ачаар IV хорооны 10 дугаар хорины гэрийн ажилтай хүмүүст зориулсан латин үсгийн дугуйланд Ш.Нацагдорж элсэж, урьд нь монгол бичиг сайн сурсныхаа хэргийг гарган шалгалтаа онцсайн дүнтэй өгөөд, алтан үсэгтэй үнэмлэх, номоор шагнуулжээ. Гэхдээ цааш эрдэм номын мөр хөөж үргэлжлүүлэн сурахын тулд “феодал Шагдаржав” гэсэн овгоо сольж, ээж Сэрээтэрээрээ нэрээр овоглох шаардлагатай болов. Тэгж байтал цаг үеийн байдал ч овоо наашилж, Шинэ эргэлтийн бодлого хэрэгжсэнээр “феодалын хүүхэд” хэмээн сургуулиас хөөгдсөн сурагчдын асуудлыг эргэн харж, тулхтай, найдвартай хүнээр батлан даалгасан хүүхдүүдийг буцаагаад сургах болж.
Тэрбээр энэ тухай дуулангуутаа Германд суралцаад ирсэн, нэг гудамжинд амьдардаг Батсүх хэмээх багшийг гуйж батлан даалт гаргуулснаар Улаанбаатар хотын долоон жилийн үлгэр жишээ дунд сургуулийн дөрөвдүгээр ангид орсон тухай академич Ж.Болдбаатар гуай “Түүх гэгээн, ид хав нэвт их эрдэмтэн” номдоо бичжээ. Багшийнхаа тухай тэрбээр дурсахдаа “Өвөө Балданцэрэн гүн нь Богд хааны ордны номын санд орчуулагч хийж, “Энх-Амгалан хааны бодлогын бичиг”-ийг манж хэлнээс, “Хүйтэн уулын бичиг”-ийг хятад хэлнээс орчуулаад “Билигт” хэмээх цол шагнуулж байсан бол аав Б.Шагдаржав нь Сүхбаатар жанжны нарийн бичгээр ажиллаж байв. Тиймээс На багш маань гурван үеийн сэхээтэн гаралтай, бичгийн их хүмүүн байсан” хэмээв.
Төрийн хошой шагналт нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Монголын ард түмэн энэ их хүмүүнийг “Мандухай цэцэн хатан”, “Ичээнд нь” зэрэг киноны зохиол бичсэн гэдгээр нь андахгүй. Харин ямар амьдрал туулж, эрдэм номын зам мөрөөр хэрхэн замнасан, юу бүтээж туурвисан, Монголын түүхийн шинжлэх ухаанд ямар гавьяа байгуулсныг нь тэр бүр мэдэхгүй болов уу.
Тухайлбал, ЮНЕСКО-гийн дэлхийн түүхийг зохиох багийн бүрэлдэхүүнд орж, Монголынхоо түүхийг бичиж үлдээхэд баларшгүй хувь нэмрээ оруулсан эрхэм бол тэрбээр аж. Түүний ойд зориулж “Евразийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Японы Тохокү их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төв, БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургуулийн Аялал жуулчлалын дээд сургууль, ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Хүмүүнлэгийн ба Умардын цөөн тоот үндэстний судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан нь хэр зэрэг цараатай эрдэмтэн байсныг нь илтгэнэ. Ш.Нацагдорж гуай амьдралынхаа туршид эрдэм шинжилгээний 200 гаруй зохиол бүтээл туурвисан бөгөөд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс тэдгээрийг эмхэтгэн 10 боть хэвлүүлжээ.
С.ЦОЛМОН: БАГШ МААНЬ ТҮҮХИЙН СУДАЛГААНЫ ХЭД ХЭДЭН ҮЕИЙНХНИЙГ БЭЛТГЭСЭН
(Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор)
-Төрийн хошой шагналт нэрт түүхч, академич Ш.Нацагдорж багшийн маань мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх нь зөвхөн Монголын шинжлэх ухаанд хамаатай төдийгүй дэлхийн монгол судлалын түүхэнд томоохон үйл явдал юм. Багш маань түүхийн судалгааны хэд хэдэн үеийг бэлтгэж хүмүүжүүлсэн гавьяатай хүн. Тийм ч учраас энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд гадаадын 20 гаруй эрдэмтэн оролцож байна.
Багштай нүүр тулан уулзаж байсан болон зохиол бүтээлээр нь дамжуулан багш, шавийн барилдлагатай болсон хэн бүхэн “На багш” хэмээн хүндэтгэдэг. Уг хүн нь их зөөлөн, бусдыг зандарч загнана гэж ер үгүй. Гэхдээ эрдэм номын ажилдаа нэлээд зарчимч. Өөрөө санааг нь хэлж бичүүлээд, уншуулж засахдаа “Энэ хэсэг чинь арай болоогүй байна. Гэрийн “үүдээр” л шагайгаад байна даа. Уг нь “тооноор” нь харах ёстой юм шүү. Тийм зүйлийг нэмээд үз. Дэлхий нийтийг эрхшээж явсан Монголын түүх, төрт ёсны тухай бичихдээ цараатай сэтгэх хэрэгтэй” гэж зөвлөдөг.
Миний хувьд 1976 онд Түүхийн хүрээлэнд дадлагажигчаар орсноос хойш багшийнхаа “Монголын феодализмын үндсэн замнал” зохиолыг бичиж сийрүүлэх, хэвлэх ажлыг хоёр жил гардаж хийсэн. Дараа нь А.Очирын хамт “Мандухай цэцэн хатан” зохиолыг нь монгол бичгээс кирилл рүү хөрвүүлсэн. Тэр үед багш маань зарим зүйлд сэтгэл дундуур байдаг байв. “Дэлхийн маш олон оронд эзэн Чингис хааны намтар түүхийг бичиж хэвлэсэн байхад төрөлх эх нутагт нь тэгэхгүй байна шүү дээ. 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор л ганц ерөнхий илтгэл тавьж, хэдэн марк хэвлүүлснээс өөр зүйл хийсэнгүй. Энэ бол маш харамсалтай явдал” гэдэг байв.
“Хубилай хаан дэлхийн хамгийн том гүрнийг удирдаж байсан “Хубилай цэцэн хаан” хэмээн хүн төрөлхтөн өргөмжилж байхад манайхан энд “урвагч” гээд түүхийг нь бичихгүй байна гэдэг үнэхээр гунигтай” гээд үе үе санаа алддаг. Хожим ардчилсан нийгэмд шилжихэд багш маань “Чингис хааны цадиг”, “Хубилай цэцэн хаан” хэмээх түүхийн судалгааны оргил бүтээлүүдээ хэвлүүлж, олон жилийн хүслээ гүйцээсэн дээ.
С.ЧУЛУУН: 1963 ОНД ТУУРВИСАН “ХАЛХЫН ТҮҮХ” ЗОХИОЛЫГ НЬ ӨНӨӨ ХЭР ДАВЖ ГАРАХ БҮТЭЭЛ ДЭЛХИЙД АЛГА
(Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор)
-Ш.Нацагдорж гуай 1935 онд буюу 17 насандаа шинжлэх ухааны судалгааны байгууллагад анх орсноос хойш нийт 43 жилийн амьдралаа зориулсан. Монголд түүх судлалын байгууллага үүсэж хөгжих, түүнийг хөл дээр нь босгох гээд бүхий л үйл явцад гар бие оролцсон хүн. 1956 онд Монголын үндэсний түүхчдийн холбоог байгуулж, улмаар Дэлхийн түүхчдийн холбоонд элсүүлэн, түүхийн шинжлэх ухааны байгууллага болоод монгол судлалыг олон улсын тавцанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Тэрбээр Манж чин улсын тухай болоод Манжийн дараах үеийн Монголын түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлох нь зүйтэй. Чин улсын үеийн халхуудын талаар 1963 онд түүний туурвисан “Халхын түүх” зохиолыг өнөө хэр дэлхийн хэмжээнд давж гарах бүтээл гараагүй гэдгийг эрдэмтэн судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Ш.Нацагдорж гуай бол нэртэй түүхчээс гадна сайн зохиолч байв. “Чингис хааны цадиг”, “Хубилай цэцэн хаан”, “Мандухай цэцэн хатан” зэрэг түүхэн хүмүүсийн тухай өгүүлсэн бүтээлүүд нь их алдаршсан.
Мөн үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцээд, гэр бүлээрээ алтан амиа алдсан Чингүнжавынхны тухай бичсэн “Болор толь” роман, “Ононгийн цалгиа” гээд кино зохиол нь бий. Тэрбээр 22 настайдаа Д.Сүхбаатарын намтар зохиолыг бичээд Төрийн шагнал хүртсэн бол хожим 1988 онд “Мандухай цэцэн хатан” киногоороо Төрийн хошой шагналт түүхч болсон юм. 100 жилийнх нь ойн хүрээнд түүний бичсэн зохиол, бүтээлүүдийг манай хүрээлэнгээс эмхтгэж 10 ботиор хэвлүүллээ.
ХИРОКИ ОКА: НАЦАГ БАГШИЙН ТОГТООСОН ӨНДӨР БОСГЫГ ДАВАХ ШААРДЛАГА БИДЭНД ТУЛГАРААД БАЙНА
(Японы Тохокү их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төвийн профессор)
-Намайг 1981 онд МУИС-д анх сурахаар ирэхэд япон багш маань “Энэ бүтээлийг л заавал олоод уншаарай” гээд үзүүлсэн ном нь Ш.Нацагдорж багшийн “Халхын түүх” байсан. Монгол хэл сурч эхэлж байсан би түүнийг нь арайхийн уншиж, судалгааны чиглэлээ олсон доо. Одоо миний хувьд Нацаг багштай адил Манжийн үеийн түүхийг судалдаг. Энэ чиглэлийг “барьж” авсан ямар ч судлаачид түүний бүтээлүүд заавал унших ёстой судалгааны гол суурь, түших багана нь болдог.
Учир нь 1990 он хүртэл Монголын архивт хадгалагдаж байгаа Манжийн үеийн холбогдолтой түүхийн сурвалж бичгүүдийг гадаадын эрдэмтэд үзэх боломжгүй байсан юм. Нацаг багшийн тухайд 1950-иад оноос хойш энэ талаар судалж бичсэн хүн. Хэдийгээр социализмын үед зохиол, бүтээлээ туурвиж байсан гэхэд судалгааны бүтээлүүд нь одоо хүртэл үнэ цэнээ алдаагүй. Тиймээс Нацаг багшийн тогтоосон өндөр босгыг давж гарах шаардлага бидний үеийнхний өмнө тулгараад байна.
Н.АРИУНГУА: ААВ МИНЬ БИДЭНД Л.ТОЛСТОЙН “ХОЁР НАЙЗ” ЗОХИОЛЫГ ЯРЬЖ ӨГӨХ ДУРТАЙ БАЙВ
(Бага охин, түүхийн шинжэх ухааны доктор, профессор)
-Аав маань 10 насандаа эцгээс өнчирч, улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед “феодалын хүүхэд” хэмээн бага сургуулиас хөөгдөж, удалгүй ганц дүү нь ч цаг бусаар хорвоог орхисноор ээжтэйгээ хоёулхнаа үлдсэн байдаг. Өөрийнх нь бага, өсвөр насны амьдрал ээдрээтэй, амаргүй байсан учраас бидний хүүхэд насыг аз жаргалтай, дурсамж дүүрэн байлгахыг их хичээж байж дээ гэж боддог. Аав гэрсэг хүн байв. Гэртээ тав тухтай байхыг чухалчилдаг.
Цолмон эгч бид хоёрт үлгэр их ярьж өгдөг байсныг нь одоо хэр мартдаггүй. Аавынхаа өвдөг дээр суугаад үлгэр сонсоход хайр халамжийг нь илүүтэй мэдэрдэг байлаа. Л.Толстойн “Хоёр найз” зохиолыг их ярьж өгдөг сөн. “Зовох цагт нөхрөө орхиж явах муухай” гэдэг үгээр тэр зохиол дуусдаг юм. Тэр үгээ хэлэх болгондоо аав маань хөхиүн сайхан инээдэг байж билээ. Миний ээжийг бас Нацагдорж гэдэг юм. “Хоёр Нацагийнх” гээд манайхаар олон хүн орж гарч, бужигнадаг. Бид эцэг, эхээс дөрвүүлээ.
Бүгд охин. Нэр төрөө бодож явах нь их чухал гэдгийг хар багаас минь ой тойнд суулгаж өгсөн дөө, аав минь. Бид сурвалжит язгууртай айлын үр удам учраас нэр төрөө эрхэмлэж, ёс суртахууны хувьд ч, боловсрол мэдлэг, аж байдлын талаар ч зохих түвшинд байх ёстой гэдэг ойлголтыг үргэлж сануулдаг байв. “Хүний тусыг хэзээ ч битгий март, өрөвч, даруу байгаарай. Заль бол ухаан биш” гэдэг үгийг нь бид амьдралдаа ямагт санаж, хичээж ирсэн.
Би аавтайгаа адил судлаач, түүхч болсон. Аав маань надад “Миний хүү уйгагүй оролдоод нухаад бай. Нэг л өдөр болно” гэж урам хайрладаг байв. Заримдаа цухалдсан үедээ “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэсэн аавынхаа үгийг сөрж, “Хэдийд яаж ч гүйцдэг юм” гэж бодох үе надад цөөнгүй байсан. Харин одоо аавынхаа 100 жилийн ойгоор ингээд бодоход үнэхээр л үхэр тэргээр туулай гүйцдэг юм байна.