Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Т.Баасандоржтой тариалангийн талбайд ажиллаж байх үеэр нь өчигдөр холбогдлоо. Тэрбээр хариуцсан газар нутгийнхаа 5000 га улаан буудайн талбайд онгоцоор хор цацах ажлыг зохион байгуулж буйгаа дуулгав. Манай улсын нийт ургацын 60 орчим хувийг хураадаг Сэлэнгэ аймагт өнгөрсөн болон энэ сард үе үе их хэмжээний бороо оржээ. Улаан буудайн болц гүйцэх үеэр орсон “их ус” үр тариаг хэнзлүүлэн ургуулсан байна.
Тэндхийн нийт тариан талбай их, бага хэмжээгээр хэнз ногоон тариагаар алаглах болсон гэнэ. Төв аймгийн хойд сумдын тариан талбайнууд ч Сэлэнгийнхтэй адил болжээ. Хэнз тариаг хатаах, эсвэл ургалтыг зогсоож байж үр тариагаа хураах учиртай. Онгоцоор хор цацаж буй нь хэнз ногооны ургалтыг зогсоох нэг арга гэдгийг Т.Баасандорж тайлбарлав. Тариаланчид үүнээс гадна үр тариагаа ангилан хатаах арга хэрэглэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тариагаа хадаж хэвтүүлээд, хөрснөөс авах шимийг нь таслан хатааж байна гэсэн үг.
Тус аймагт улаан буудай тариалдаг “Өгөөж мандал уул” компанийн захирал Ч.Пэрэнлэй “Ургацаа бүрэн хурааж чадах, эсэх нь тун эргэлзээтэй байна” гэв. Тэрбээр “10 хоногийн өмнө ангилсан тариа хатахгүй байна. Сэлэнгэд саяхан бороо орчихлоо. Шөнөдөө чийг их унах боллоо. Тариа хатахгүй байгаа учраас цайруулах боломжгүй. Энэ сарын сүүлчээр цас орох магадлалтай гэсэн цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Тариагаа хатаах гэж янз бүрээр оролдож байна” гэлээ.
1998 онд үр тариа хэнзэлсний улмаас манай тариаланчид их хэмжээний ургац алдаж байсан. Тухайн үед тариаланчид хэнзлэн ургасан тарианы болц гүйцэхийг хүлээхээр шийдэж ургацаа хурааж эхлэлгүй, хэд хоног харзнасан гэдэг. Гэтэл их хэмжээний цас унаж, буудайгаа даруулан, нэлээд хохирол амсаж, улс орон үр тариагүй болсон гэнэ лээ. Тариа хэнзлэн ургасан, цаг агаар таагүй байгаа зэрэг нь дээрх тохиолдол давтагдах магадлалтайг сануулж буй. Тиймээс хэнз тариаг хатаах арга хэмжээ авч, буудайгаа яаралтай хураах нь хамгийн зөв алхам билээ.
Уг нь манай улс энэ жил арвин ургац хураах төлөвтэй байгаа. Ургацын урьдчилсан балансаар улсын хэмжээнд энэ жил 425 мянган тонн улаан буудай хураан авах төлөв гарсан. Энэ бол эх орныхоо хэрэгцээг бүрэн хангаад илүү гаргах хэмжээний ургац. Мөн иргэдийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээний төмс хураах төлөв гараад байна. Буудай цавуулаг өндөртэй ургаж, чанар нь сайн байгааг тариаланчид дуулгасан. Чанар сайтай агаад арвин ургасан буудайгаа бүрэн хураагаад авчихвал тариаланчид төдийгүй монголчуудын хүнсний хэрэгцээ, цаашлаад аюулгүй байдалд тун тустай юм.
Тэнгэрийн араншингаас шалтгаалж, арвин ургац авах, хохирол амсах, эсэх нь шийдэгддэг тариаланчид цаг агаар муудах сургаар сандран, ургац алдаж болзошгүй нь хэмээн санаа зовж, эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа гэнэ. Ургацаа цасанд даруулж хохирч хоцрох нь зөвхөн тариаланчдын бус Монголын айдас билээ.
Бэлтгэсэн: Т.Энхбат
Болц сайтай тариаг бороо норгоод хураалгахгүй нь
Тариаланчдын ажил байдалтай талбайд нь танилцахаар Төв аймгийн Аргалант сумыг зорилоо. Нийслэлээс гараад Өвөрхангай чиглэлийн замаар шулуун давхисаар тус сумын Шувуутын ам хэмээх газар очсон юм. Тэр орчмын хөндий хаашаа ч харсан нэлэнхүйдээ тариалангийн талбай мэт. Ихэнх хэсэг нь шаргалтан байхад зарим нь ногоолин өнгөтэй. Хэсэг газар тод шар ургамалтай. Хаа ч ургац хурааж байгаа янз алга.
Төв замын хойно тэртээд үзэгдэх байшин голдуу сууцтай жижигхэн сууринд очвол машин техник эгнүүлэн жагсаажээ. Ажлын хувцастай хэдэн хүн засвар хийж байв. Ургац хурааж байгаа хамт олон байвал ажлынх нь явцаас сурвалжлахаар яваагаа хэлэхэд биднийг угтсан хүн “Талбайд гарсан бригад байхгүй ээ. Хаа ч адил. Дөнгөж сая Баянцогт руу ярилаа. Өчигдрийн их борооны үеэр мөндөр ороод, 500 гаруй га талбайг нь цохичихож. Хайран юм болжээ.
Газар тариалангийн гол бүс нутаг бол Сэлэнгэ. Тэнд ч гэсэн бороо, ус адилхан зүдрээж байна” хэмээлээ. Тэр хүн бол хэвлэлийнхний мэдэх, олон улсын автораллигийн уралдаанч Х.Ганхүү байлаа. Арваад жилийн өмнөөс энэ нутагт нөхдийн хамт малын ногоон тэжээл тариалсан аж. Тэрбээр “Аргалантад хамгийн сайн тариатай нь “Хос бэрс” компани. Тариа бригадын төв нь тэр урд харагдаж байна. Тэднийхтэй танилцах бол чигээрээ урагшаа явж очоорой. Талбайн хаалгыг онгойлгож ороод, сайн хаачихгүй юу” гэлээ.
Зааж өгснийх нь дагуу “Хос бэрс”-ийн битүү хашаалсан тариалангийн талбайн төмөр хаалгыг онгойлгож ороод, сайтар хаалаа. Тариа найган угтлаа. Улаан буудай ташаа хэрийн өндөртэй. Сайтар харвал хоёр төрлийн сортынхыг хольж тарьсан бололтой. Нэг нь “сахал”-тай, нөгөө нь мөлчгөр, арай булцгар юм.
Бригадын төвд хоёр орчим км газар явж хүрэх зуураа шаргалтан найгах тариа бага зэргийн ногоон туяатай байгаагийн учрыг бие биеэсээ асууж явлаа.
Зорьсон газраа ирэхэд комбайн, трактор, шатахуун цэнэглэгч, үрлэгээний машин, хаман боогч гээд тариа тарьж, арчилж, хураахад юу хэрэгтэй, тэр бүгдийг янз янзаар нь эгнүүлсэн байв. Хэд хэдэн байшин бүхий эмх цэгцтэй орчинд бага насны хэдэн хүүхэд тоглоно. Ажлын хувцастай залуус “зэвсэг”, техникийнхээ эрэг, шургийг мушгиж харагдана. Хэрэг зорилгоо хэлэхэд залуу бүсгүй ажилчдын амрах байрнаас “суга үсэрч” гараад 60-аад насны намхан бор хүн дагуулж ирсэн нь тус бригадын ахлагч Э.Эрдэнэчимэг байлаа.
Бүсгүй хүний нэртэй энэ эр компанийн тариа бригадын ахлагчийн ажилд өнгөрсөн хавар томилогджээ. Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн агрономич байх гэж бодтол өөрийгөө тракторын жолооч гэв. Компанийн захирал Н.Сүхбаатар тариалангийн ажилд 1978 оноос хойш нухлагдсан түүнийг “Та чадна. Дээд сургууль төгссөн байлаа гээд туршлагагүй хүмүүс бардаггүй юм байна” хэмээн итгэл хүлээлгэсэн аж.
Тус тариа бригадынхан нар ээж, салхи сэрчигнэсэн өдөр хийх юмгүй мэт эрэг шурагтай “нөхөрлөн” өнжиж байгаагийн учрыг асуулаа. Э.Эрдэнэчимэг ахлагч “Өчигдөр үдээс хойш орж эхэлсэн бороо шөнөжин шавшлаа. Одоо газар нойтон байна. Хоёр хоногийн өмнө техникээ талбайд оруулчих гэснээ больсон юм. Хэрэв хадсан бол хайран юм болох байлаа. Цаг агаарын мэдээ сонсож, гансарсаар байтал болсон тариа бөхийчих вий гэж бодоод л байна. Түрүүч нь одоо ёсолж эхлээд байдаг. Гэтэл дунд нь нялхаараа шахам ногоон нь ч байна. Арав хоногийн дараа гэхэд хадаад эхэлчих байх. Сарын сүүлчээр бороо үргэлжлэн орно гэж зарлаад байх юм. Ямар ч байсан ангилан хадах нь тодорхой боллоо” хэмээн ярьж байлаа.
Эднийх улаан буудай 500, малын ногоон тэжээл 100, бас хэсэгхэн га талбайд рапс тарьсан аж. Бригадын ахлагч “Ноднин ургац аваагүй. Ер нь тариаланчид нийтээрээ сүүлийн гурав, дөрвөн жил “шатсан” шүү дээ. Энэ жил ургац сайн, болц ч боломжийн байхад бороо баллах бололтой” гэж байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Баруун хойшоо хар даа. Өвөлжөө талын талбай зэрлэг ургамал ихтэй. Ургамал л юм хойно бороо, чийгэнд хурдан өндийгөөд ирэх юм.
Зэрлэгийн хор цацаж байгаа хүмүүс байна. Манайх бол хэрэглээгүй. Бусдыг анзаарахад зэрлэгээ ч, тариагаа ч үхүүлчихэж байна лээ. Тиймээс хаширлаад огт цацаагүй. Ангилан хадах болоход хүн хүч, түлш шатахуун илүү шаарддаг. Богино хугацаанд шалавхан ажиллаж тариагаа хурааж авна. Манай захирал түлш, шатахуунаа базааж яваа байх. Тариа хураалтаар ирж, талбайнхаа нэг талыг хариуцаж ажиллана” хэмээн ярив.
Тус компани тариа хураах ид ажлын үеэр 25 хүн зогсоо зайгүй ажиллуулахаар бэлтгэсэн гэнэ. Ангилан хадах, тариа боох, будаа үтрэмд буулгах, рапс шигшиж шуудайлах, будаа цэвэрлэх, ногоон тэжээл боох гээд их ажил өрнөх ажээ.
“Хос бэрс”-ийн болц нь гүйцсэн тариа талбайгаас гурилын үйлдвэрт очихын наана ишин дээрээ найганхан “инээмсэглэнэ”. Тарианы чанарын тухайд асуухад бригадын ахлагч “Цавуулгийг тариа худалдаж авахыг сонирхож байгаа компаниуд лабораторидоо шинжилдэг. Манайх “Алтан тариа” компанид нийлүүлж ирсэн” гэлээ.
Тариа хураалттай танилцах санаатай очсон бид энэ мэтчилэн мэдээлэл цуглуулангаа тус компани ажиллагсдынхаа төлөө хийж бүтээснийг бахдав. “Хос бэрс”- ийнх буудайгаа гурилын үйлдвэрт тушаадаг бол ногоон тэжээлийг өөрийнхөө 1500 толгой малдаа зориулж тариалдаг аж. Мал нь компанийн дотоод буюу ажиллагсдын хэрэгцээний өмч аж. Халуун ус, цайны газар, саунтай тариа бригадад залуус ажиллах дуртай байдаг болов уу гэж бодогдсон. Эднийх бассейн ч байгуулж эхэлжээ.
Бэлтгэсэн: Р.Оюунжаргал
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.БОЛОРЧУЛУУН: Дулаахан байх 15 хоногт намрын ажлаа амжуулна
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Ургац хураалт дөнгөж эхэлж байхад ихэнх нутгаар хүйтэрч, бороо орлоо. Үүнээс болж ажил нэлээд оройтож эхэлжээ?
-450 300 тонн үр тариа, үүнээс 425 800 мянган тонн буудай хураан авах урьдчилсан баланс гарсан. Энэ сарын 5-наас ургацаа хурааж эхэлсэн ч ажил одоохондоо жигдрээгүй. Хүнсний ногооныхоо 15, төмсний 10 хувийг хураасан. Тариалангийн бүс нутгаар 7-8 дугаар сард их хэмжээний хур тунадас унасан, хөрс чийгтэй байна. Ер нь есдүгээр сарын 5-7-нд ургац хураалт жигдэрсэн байдаг ч энэ жил есдүгээр сар гарснаас хойш хоёр ч удаа хур тунадас орсонтой холбоотойгоор ажил 10-15 хоногоор хойшлох төлөвтэй.
-Дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургац авах урьдчилсан төлөв гарсан. Гэтэл тэнгэр муудсанаас болоод төлөвлөсөн ургацаа хураан авч чадахгүйд хүрээд байгаа юм биш үү?
-Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 12-ноос хур тунадас татарна гэж мэдээлсэн. Гэсэн ч сарын сүүлийн долоо хоногоос цас орох юм билээ. Тиймээс дулаахан байх 15 хоногийг ашиглан, ургацаа амжиж хураахаар ажиллаж байна. Хур багатай жил ургацын 70 орчим хувийг шууд хураадаг, 30 орчим хувийг ангилан хаддаг. Харин энэ жил 70 орчим хувийг ангилан хадаж, үлдсэнийг нь шууд хураахаар төлөвлөөд буй.
Ургац хураалт оройтож буйтай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайдаар ахлуулсан Улсын ургацын комисс хуралдлаа. Ингээд цаг агаарын байдалтай уялдуулан ургацаа яаралтай хураах үеийн технологийн зөвлөмж боловсруулж, тариаланчдад хүргэх ажлыг Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон манай газрынханд даалгасан. Бид уг зөвлөмжийг боловсруулсан, маргаашнаас орон нутагт түгээнэ. Ангилан хадах арга түлхүү ашиглахыг зөвлөмжид дурдлаа.
-Энэ сарын эхээр зарим газарт цас орсон. Тариалангийн бүс нутгийг хамрав уу?
-Завхан, Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн уулархаг нутгаар цас орсон юм билээ. Энэ нь ургацад нөлөөлөөгүй.
Бэлтгэсэн: Ж.Уранмандал
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Төлөвлөсөн ургацаа авч чадах уу?
Б.МӨНХТӨР (Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):
-Ургацаа хурааж эхлэх гэж байтал бороо орсон учир ажил 2-3 хоногоор хойшиллоо. Аймгийн хэмжээнд ургацаа 22 хоногт багтаан хураах техник, технологийн хүчин чадал бий. Ажил жигдэрчихвэл ургацаа технологийн хугацаанд нь багтаан хураах боломжтой.Сэлэнгэ аймгийн тариаланчид үеийн үед дотоодын ургацын 60 хүртэлх хувийг бүрдүүлсээр ирсэн. Энэ жил ч уг зорилтдоо хүрэхийн тулд ургацаа хаягдалгүй хураан авахын төлөө ажиллаж буй. Томоохон аж ахуйн нэгжүүд тариагаа хурааж эхэлсэн. Жижиг компаниуд цаг агаарын байдлыг харзнан
түр хүлээж байна. Зуншлагын байдлаас хамаараад буудайн болц нэлээд оройтсон. Тачир тариа түрж ургасан талбай мэр сэр бий тул ангилан хадахаас өөр аргагүй. Ойрын хугацаанд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөв гарсан. Хүйтрэх нь тариа хураалтад ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Бороо ороод, цас уначихвал хэцүүднэ. Одоохондоо ийм бэрхшээл манайд тулгараагүй. Ургац хураалтын үеийн зөвлөмжийг ХХААХҮЯ-наас гаргасан. Уг зөвлөмжийг хүргэхийн зэрэгцээ ургац хураалтын нөхцөл байдалтай танилцах үүднээс бид тариалан бүхий сумдадаа ажиллаж байна. Буудайн чанар, цавуулаг ямар байгаа талаарх мэдээллийг өчигдрөөс (уржигдар) сумдаас авч эхэллээ. Удахгүй дүнг нь нэгтгэн гаргана.
Ч.АМГАЛАН (Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):
-Манай аймагт энэ жил 42 259 га талбайд үр тариа, үүнээс 41 593 га-д буудай тариалсан. Төмс 323, хүнсний ногоо 147.5 га талбайд тарьсан юм. Өнгөрсөн зун цаг агаар таатай, бороо хур элбэг байсан учир ургац сайн гарлаа. Урьдчилсан балансаар 55 000 тонн буудай хураан авах төлөвтэй. Нэг га талбайгаас авах ургацын хэмжээ дунджаар 14.2 центнерт хүрэхээр байна. Тэшиг тэргүүтэй хойд талын сумд ургацаа хурааж эхэлсэн.
Одоогоор 50 га талбайн ургацыг шууд хураан авсан. Зарим газарт, ялангуяа Рашаант сумын нутагт зуншлага оройтсоноос нялх ногоон тариа түрж ургасан. 1000 га талбайн буудайг ангиллаа. Түүнчлэн 28 га талбайгаас 290 тонн төмс авсан. Хэд хоногийн өмнө сумдаараа тойрч, ургацын байдлыг хянан магадлахад урьдчилсан балансаас нэмэгдэх төлөв ажиглагдлаа. Урьдчилсан дүн гаргах үеэр нялхаараа байсан тарианы болц одоо л гүйцсэн гэсэн үг. Энэ шалтгаанаар аймгийн хэмжээнд нийт урга 60 000 тоннд хүрэх болов уу. Өчигдөр (уржигдар) нэлээд хүйтэн, бороотой байлаа. Энэ сарын 14-нд шөнөдөө цочир хүйтрэх юм билээ. Түүнээс хойш харьцангуй дулаан байх төлөв гарсан тул бид төлөвлөсөн ургацаа бүрэн хурааж авах боломжтой.
Х.ТҮВШИНЖАРГАЛ (Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга):
-Аймгийн Засаг даргын захирамжаар ургацын урьдчилсан баланс тогтоох хоёр ажлын хэсэг 14 суманд ажиллалаа. 61 145 га талбайд буудай тариалснаас 83 400 тонныг хураан авах төлөв гарсан. Нэг га-гаас авах ургацын хэмжээ 13.6 центнерт хүрэхээр байна. Мөн 67 700 тонн төмс хураан авна. Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар ургацын штаб байгуулан, тулгамдсан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэх болсон. 7-8 дугаар сард хур тунадас их орсноос үр тарианы болц жигд биш байгаа. Ийм нөхцөлд хэрхэн ажиллах шаардлагатай талаар тариаланчдад зөвлөмж өгөх, ургац хураах ажлыг эрчимжүүлэх зорилгоор манай газраас агрономич нарыг сумдад ажиллуулж буй.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Х.Цолмон: Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэх төлөвтэй
Орон даяар ургац хураалтын ажил эхэлж буйтай холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн инженер Х.Цолмонгоос ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг тодрууллаа.
-Тариалангийн бүс нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх бол?
-Есдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн нутгаар цочир хүйтэрч, салхи 6-11, зарим үед 16-18 метр хүрч ширүүснэ. Мөн бага зэргийн хур тунадас орох тул малчид, тариаланчид, хадланчид болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Агаарын температур энэ сарын 17 хүртэл өдөртөө 15-20, шөнөдөө 0-5 градус дулаан байна.
-Ирэх сарын төлөв гарсан уу?
-Ирэх сард тариалангийн бүс нутгийн зарим хэсгээр хур тунадас ахиу орно. Тодруулбал, Сэлэнгэ, Булган, Архангай, Хэнтийн хойд, Хөвсгөлийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас унах нь. Агаарын температур олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Бэлтгэсэн: У.Тэргэл
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хойд хөрш 105 сая тонн үр тариа авах болжээ
ОХУ энэ сарын 11-ний байдлаар 86.5 сая тонн үр тариа, тэр дундаа 60.7 сая тонн улаан буудай цайруулаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.6 центнерээр бага үзүүлэлт аж. Өнгөрсөн онд тус улс 106.6 сая тонн үр тариа хураасан бол энэ жилийн уг үзүүлэлт 19 хувиар буурч, 105 сая тонн болно гэж Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев мэдээлжээ. Тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр 69 сая тонн улаан буудай хурааж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, үлдсэн 30 орчим сая тонныг экспортлох гэнэ.
Хэдийгээр Оросын хэд хэдэн бүс нутагт цаг агаар хүндэрч ган гачиг, үер буусан ч Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев өнгөрсөн тавдугаар сард гаргасан таамгаа бууруулаагүй байна. Өнгөрсөн онд тус улс 135.4 тонн үр тариа хурааж, дээд амжилт тогтоосон билээ.
Тэгвэл шинэ ургацын жилд Европын Холбоо 29, АНУ 25 сая тонн улаан буудай экспортлох төлөвтэй байна. 2018-2019 онд АНУ-ын үр тарианы ургац таамагласнаас бага зэрэг буурч, 411.7 сая тонн болохоор буй гэнэ. Жилийн өмнөх үзүүлэлт 430.3 сая тонн байжээ. Үүний сацуу улаан буудайн экспортоор тэргүүлэгч улсуудын нэг Украин 25.5 сая тонныг хурааж, 16.5 сая тонныг худалдах гэнэ. Харин Казахстан 14.5 сая тонныг хурааж, 8.5 саяыг нь экспортлох аж.
Бэлтгэсэн: З.Амгалан