Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруугийн зургаан байрны 250 өрхийн 2000-аад оршин суугч хүйтний ам наашилж, гадаа хасах градустай хонож байгаа энэ үед халаалтгүй зутарч сууна. 47 дугаар байрны суурь муудсан тул тэнд байсан ус, дулаан дамжуулах барилга буюу бидний нэрлэж заншсан ЦТП-г дөрөвдүгээр байрны дэргэд шилжүүлэн барих Нийслэлийн захирагчийн ажлын алба, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэр энэ онд гарч, төсвөөс 120 сая төгрөг хуваарилан, тендер зарлажээ. Тендерт шалгарсан компани есдүгээр сарын 15-нд суурь тавьж, барилгын ажлаа эхэлсэн байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат “Мон илд” хамгаалалтын албаны залуусыг дагуулан ирж, ЦТП-г дөрөвдүгээр байртай холбосон дулааны шугамыг хөрөөдөж хаясан аж. Болсон явдлын талаар “Эрдэм” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Н.Бумбараас тодрууллаа.
-“Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат яагаад ингэж авирлаж байгаа юм бол?
-Л.Чинбат тэр хавийн газрыг авахаар 2004 оноос хойш луйвар хийж яваа. 47 дугаар байрны ЦТП-г орон сууц, нийтийн аж ахуйн “Опен хаус” компанийн Дорждагва гэдэг хүн 55 сая төгрөгөөр түүнд худалдсан байдаг юм. Нийслэлийн өмчийг хэн нэгэн хүн ингэж дураараа зарж үрж болохгүй. Манай тойргоос УИХ-д сонгогдсон Ерөнхий сайд асан С.Баяр, одоогийн Ерөнхий сайд С.Батболд нарт бид албан бичиг явуулж, энэ талаар уламжилсан. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “Арга хэмжээ авсан” гэж тэдэнд хэлээд өнгөрөөсөн бололтой. Л.Чинбатын 2006 онд худалдаж авсан ЦТПийн газрыг Захиргааны хэргийн шүүх буцааж нийслэлийн өмч болгосон. Гэсэн ч шүүхийн шийдвэрийг Л.Чинбат ойшоохгүй байна.
-Л.Чинбат өөрөө дулааны шугамыг хөрөөдсөн юм уу?
-Тэр хүн далай аварга А.Сүхбаттай хамт “Олимп” сургуулийн баахан хүүхдэд “Мон илд” хамгаалалтын албаны хувцас өмсгөчихсөн дагуулж ирээд хөрөөдүүлсөн. Тэр үед цас орж байсан юм. “Опен хаус”-ын гурван ажилтан тэднийг болиулах гээд дийлэлгүй, халуун усанд түлэгдэх шахсан.
–“Гачуурт” ХХК-ийн ажилтнууд одоо тэнд газар ухаад эхэлсэн үү?
-Хашаа барьж хамгаалуулаад, шөнөжин газар ухаж байгаа.
-ЦТП-ийн газар дээр барилга барих гэж байгаа юм болов уу?
-14 давхар барилга барих юм гэсэн. Нийслэлийн газрын албаны дарга Сундуй энэ бусармаг ажилтай холбоотой. Газрын албаныхан хар зам дээр барилга барих кадастрын зураг гаргаж өгсөн. Уг нь шинэ ЦТП-г 12х18 харьцаатай газарт барих ёстой ч 9х12 харьцаатай суурь цутгасан. Газрын луйварчдаас айгаад хэмжээг нь багасгасан байх.
Та нар холбогдох газруудад нь мэдэгдээгүй юм уу?
-Тэр дор нь мэдэгдсэн. Нийслэлийн захирагчийн ажлын албаны Орон сууц, нийтийн аж ахуйн албаны дарга Алтангэрэл, нийслэлийн Газрын алба ны Амартайван хоёр ирж харчихаад “Эвгүй юм болж магадгүй” гэх маягийн зүйл хэлчихээд яваад өгсөн гэв. “Опен хаус” компанийн ерөнхий инженер А.Байгалмаа “Энэ ЦТП-ээс 20 гаруй орон сууц, 10 гаруй компани халаалт авдаг. Дөрөвдүгээр байрны дулааны шугамыг хөрөөдөөд тасалчихаар бусад байрны халаалт доголдсон. Систем дундарна гэж байдаг юм л даа. ЦТП барих газрыг хурдан чөлөөлж өгөхийг шаардаж байна. Энд иргэд хохирч байхад нийслэлийн удирдлагууд ямар ч арга хэмжээ авахгүй байна” гэсэн юм.
Б.Эрхэм