Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/914 дүгээр захирамжаар байгуулагдсан Хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж байгаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгө (инженерийн байгууламж)-ийн чанар, өмчлөлтэй холбогдох асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий байнгын Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.
Хурлаар 2016, 2017 онуудад шинээр ашиглалтад орсон 1,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 39 орон сууцны инженерийн шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэх тухай саналыг авч хэлэлцлээ. Засгийн газраас 2018 онд Тооллого дахин үнэлгээ хийх тогтоол гарсны дагуу дундын өмчлөлийн өмч хөрөнгөд бүртгэгдээгүй орон сууцыг бүртгэлжүүлэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам хамтран Төрийн өмчийг тооллого дахин үнэлгээний аргачлалыг боловсруулж байна. Өнөөдрийн байдлаар дахин үнэлгээнд хамрагдаагүй 491 орон сууцны инженерийн шугам сүлжээ байна. Эдгээрээс 39 орон сууц нь 2016 2017 онд ашиглалтад орсон буюу шинэ гэж үзэж байгаа тул тус тооллого дахин үнэлгээнд хамрагдахгүйгээр шууд бүртгүүлэх саналыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар шийдвэрлэв.
Цаашид үлдсэн бүх орон сууцнуудын шугам сүлжээг үе шаттайгаар хэсэгчлэн хамруулахаар төлөвлөж байна. Бүртгэж авснаар орон сууцанд байгаа дундын өмчлөлийн өмч хөрөнгийг засварлах, ашиглах боломж бололцоо нээгдэж өмч хөрөнгө эзэнжих тустай юм