(ЭРГЭЦҮҮЛЭЛ)
Нэг олимп шувтарч, дараагийн олимпийн цикл эхэллээ. 20 хэдэн жил медаль тасарлаа гэж гасалдаг үе түүх болон үлдэж, медаль энэ тэр бол бидэнд асуудалгүй болсон. Гагцхүү ямар өнгийн медаль гэдэг нь л сонин болсон цаг. Амжилт гарахын хэрээр давах босго өндөрсдөг, үүрүүлэх итгэл нэмэгддэг учир ард түмнийхээ их хүлээлтийг 2020 оны олимпод гүйцэлдүүлэх л учиртай. Даварлаа гэж гомдоллох шаардалгагүй байх. Энэ бол хүн төрөлхтний туулж ирсэн жам юм. Тиймээс хүчээ илүү томоор гаргахаас өөр аргагүй. Үүнийг спортынхон өөрсдөө ухамсарлаж байгаа. Гэхдээ ухамсарлахад учир байна аа. Арай өөрөөр ухамсарлах гээд оролдъё.
2008 оны Бээжингийн наадамд үзүүлсэн супер амжилтыг 2012, 2016 оныхтой харьцуулахад бидний амжилт чанарын хувьд чимх чимхээр уруудсаар ирлээ. Лондон, Риод харахад, хүрэл медаль асуудал биш байлаа. Харин алт хүртэх, мөнгө үзнэ гэдэг л хэцүү даваа байв. Үүнд нэжгээд шалтгаан байгаа ч олон түмний дунд хамгийн түгээмэл тархсан ойлголт нь сэтгэл зүйн бэлтгэл. Тийм ээ тийм. Сэтгэл зүй амин чухал хүчин зүйлийн нэг. Илт ялж яваад ялагдсан, сүүлийн секундэд оноо алдсан зэрэг бол сэтгэл зүй ямар түвшинд байгаагийн нэг илрэл. Гэхдээ олимпийн нэгийн даваанд бөхгүй орны тамирчинд ялагдсаныг, тэр дундаа Африк тивийнхэнд дийлдсэнийг юу гэж ойлгох уу? Хүчээр илт сул, чадвараар илүү доогуур өрсөлдөгчдөө ялагдсаныг сэтгэл зүйтэй холбон тайлбарлавал өрөөсгөлийн өрөөсгөл ойлголт болно.
Дэлхийн тэмцээнээс бүтэн дөрвөн жилийн турш медаль авчихсан, том цуврал тэмцээнүүдэд бөөн амжилт үзүүлчихсэн улс шүү дээ, манайхан. Бөхийн төрлүүд дэлхийд жигд хөгжлөө хөгжлөө гэхэд талбайн теннис, хөнгөн атлетик шиг жигд хөгжчихөөгүй л байгаа, одоохондоо. Тэгэхээр манайхны тооцоолоогүй ялагдлуудад өөр л онош байна гэж хэлэх гээд байна. Тэр бол судалгаа. Дэлхийн спортын амжилт, үр дүн өнөөдөр олон хүчин зүйлээс хамаардаг болсон ч судалгаа шинжилгээ бол хамгийн жинтэй нөлөөг үзүүлж байна. Судалгааг хэн сайн хийнэ тэр амжилт гаргадаг цаг нэгэнт ирсэн нь буурай багууд хэрхэн амжилт олж байгаагаас, сул тамирчин яаж ялалт байгуулж буй олон жишээнээс илхэнээ харагдана. Дэлхийн жишээ ийм байхад Монголын жишиг өөр тийш зүглээд байх шиг.
Нэгд, судалгааг бид цогцоор нь хийж чадахгүй байна. Цогцлоож баймааж л өрсөлдөгчийнхөө сул талыг баримтад тулгуурлан олж харна, бэлтгэлтийн онцлогийг үзүүлэлтэд үндэслэн мэдэж явна. Ингэсэн улс л амжилт гаргаад байна угаасаа. ОХУ, Япон, БНСУ гэх мэт. Риогийн дүнгээс харахад дээрх гурван орон бөхийн аль ч төрөлд жигд амжилт гаргасан. Эрэгтэйд ч тэр, эмэгтэй ч адил. Гэтэл Монголын спортын судлагаа болон задлан шинжилгээ нь дасгалжуулагчийн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн хэд гурван үгийн хэмжээнд л эргэлдэж байна. Энэ нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг Риогийн наадмын эхний тойргууд дахь ялагдал маань харуулсан билээ. Саяын Азийн наадмаас ч үзлээ. Гол өрсөлдөгчид маань биднийг төвөггүй ялж байна.
Хоёрт, бид өөрсдөө судлагдаж гүйцлээ. Сайн менежментийн үрээр манай жүдочид сүүлийн арван жилийн хугацаанд асар өндөр дэвшлийг хийсэн. Дэвших явцдаа дэлхийн цуутнуудыг шил дараалан ялж ирсэн. Өдгөө манай аль ч жингийн хэн нь ч байсан алдар суутнуудыг ялж байна. Сайн сургуулилтын дүнд чөлөөтийн эмэгтэйчүүд мөн л дэлхийг донсолгож, цуутнуудыг айлгаж буй. Азийн дэвжээний асуудлыг арилгаж, дэлхийн рингний бэрхшээлийг үгүй хийсэн нь үнэн. Гэвч ингэж баруун зүүнгүй алдаршиж, өмнөд умардгүй бишрүүлж явахдаа өөрсдийн дархлааг алдчихаад байна. Өөрөөр хэлбэл байдаг чадал, байгаа нөөцөө оролцсон бүх тэмцээндээ хамаргүй ихээр цацсанаас болж өөрсдийгөө судлуулах нөхцөлийг бэлхнээ бүрдүүлээд байх шиг.
Гадны том багууд Монголд бүтэн багаараа ирж хамтарсан бэлтгэл хийх нь уламжлал, гадаадын хэвлэлүүд манайхны тухай тусгай нэвтрүүлэг бүтээх нь хэвийн үзэгдэл хэдийнэ болсон. Энэ нь дэлхийн зүгээс Монгол бөхөд өгч байгаа өндөр үнэлгээ ч гэлээ тамирчдын маань сайн гэсэн болгоныг сурах гэсэн төлөвлөгөө, бидний бэлтгэлжилтийн нууцлаг бүхнийг нээх гэсэн тэдний судалгаа нь билээ. Тэгэхээр монгол жүдочдын үсрэнгүй хөгжлийн нууц одоохондоо бүрэн тайлагдчихаагүй, монгол бөхчүүдийн дэвшингүй амжилт өнөөдөртөө хар дарсан зүүд хэвээр байгаа дээрээ монгол бөхийн нууцлаг чанараа хадгалж үлдмээр байгаа юм. Үүний тулд өнөөдөр гаргах түр амжилтыг хойш тавьж маргааш ирэх мөнхийн алдар суугаа тэргүүнд тавих учиртай.
Монголын тамирчид дөрвөн жилийн турш хэрхэн амжилт гаргахыг зүгээр хараад суугаагүй болохоо гадныхан олимпод баталсан. Нэвт биш юмаа гэхэд нэлээд судалсан л байгаа нь манай бөхчүүдтэй тэдний тамирчид хэрхэн барилдсанаас харагдсан шүү. Гэтэл Японы жүдочид, Оросын чөлөөтийнхөн төлөвлөсөн медалиа торолгүй хүртэж, хүссэн амжилтаа төвөггүй гаргацгаасан. Тэд чинь жингүүдийнхээ тэргүүн бөхийг Дэлхийн аваргад туршлагажуулж, олимпод формдуулдаг алсын хараатай, холын бодолтой улс. Тивийн аварга, гран-при энэ тэр бол бөхөө дадлагажуулах ердөө талбар нь. Судлагдахгүйн тулд л тэр. Монгол бөхийн хөгжил, Монгол бөхчүүдийн амжилт тэдний зиндаанд нэгэнт хүрсэн байхад энэ аргаар нь ажиллаад үзэх тухай эргэцүүлж яагаад болохгүй гэж, бид.