Би өөрийгөө олон нутагтан гэж боддог. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд буриад зон олны амьдарч ирсэн Уялга хэмээх сайхан нутаг бий. Аав, ээжийн маань төрж, өссөн газар байгаа юм. Мөн Төв аймгийн Батсүмбэрийг дээдлэх. Төрөл садангууд маань амьдрах тус нутагт ээжийгээ дагаж очдогсон. Харин Сэлэнгийн Ерөө сум бол унасан газар, Ерөө гол бол угаасан ус минь. Улсын наадам тохиох долдугаар сарын 11-ны өглөө би гэдэг хүн хорвоод мэндэлсэн гэдэг. Жимсчидийн гижгийг хүргэж, анчдын аазгайг өдөөдөг ай даа сайхан нутаг даа. Гэлээ ч Алтанбулаг сэтгэлийг минь хамгийн ихээр хөдөлгөж, дурсамжийг минь хамгаас илүү өдөөдөг. Аав ээждээ эрхэлж, ах эгчдээ зэмлүүлж, айлын хүүхдүүдтэй ноцолдож, гахай нохойг зодож өссөн бага нас, идэр үеийн минь он жилүүд тэнд өнгөрсөн болохоор арга ч үгүй биз ээ. Нутгаа санах бүр аав ээж маань зүүдлэгдэж, эцэг эхийгээ дурсах болгонд газар шороо минь бодогддог нь хүмүүн болоод байгалийн шүтэлцээн юм болов уу.
Манай Алтанбулаг сумыг Монгол мэднэ. Ардын хувьсгалын өлгий нутаг, эх орны умард боомт, тариа ногооны том үйлдвэрлэгч гэх мэт олон баримт түүний ач холбогдлыг илтгэдэг бол Тужийн нарс, Гүн нуур, Буур хээр, Хярааны гол зэрэг газрууд Монголын түүхийг өгүүлж, монголчуудын омогшлыг өдөөдөг билээ. Харин яагаад ч юм Бүргэдтэй уулыг маань хүмүүс тэр бүр дурдаад байддаггүй юм. Монгол улсын умард хилийг манан орших энэ хайрхан Алтанбулагийн гол брэнд юм шүү дээ. Сүрлэг гэж жигтэйхэн. Араараа нарсаар бүрхүүлж, өврөөрөө хадаар хучуулсан энэ хайрхан бол тэр хавийн цорын ганц харуул занги. Социализмын үед Оросын хилчид Монголын газраас эхлээд сөөм, сөөмөөр хумсалж байснаа сүүлдээ метр метрээр хуссан. Тэгж явсаар хилийн зурвас дахь хамаг өндөрлөг газарт эзэн суучихсан юм. Алдарт булаг “Алтанбулаг”-ийн маань ундаргыг хүртэл туучихсан. Булгийн тархинаас ердөө тав, аравхан метрийн урдуур л хилийн зурвасаа татчихсан байгаа юм даа. Нутгийн хөгчшүүдийн хуучилдгаар Бүргэдтэй уулын баруун хойно дөрөв, таван километрийн цаадах өндөр уулын араар Монголын хил анх байсан юм гэнэ лээ.
Гэвч тэглээ гээд манай нутаг баялгаа алдаагүй, үзэмжээ гээгээгүй ээ. Уул толгодоор ч дутаагүй. Бүргэдтэй ууланд өлгийдүүлсэн “60 жил” хэмээх уул бий. Өвлийн цагт хүүхэд багачуудын хөлд дарагдаж, цана чарганы мөрөнд бүрхүүлдэг бол зуны улиралд ургамал ногоогоор багширч, улаан өнгөтэй амьтдын тавхайн чилээг гаргана. Намайг бага байхад манай сум 200 үнээний саалийн фермтэй байсан юм. Талын улаан үүлдрийн улаан өнгөтэй үнээ л дээ. Үүнийг мэдэхгүй гадны нөхөд “Оросын цэрэг уул даваад ирэв үү” гэж ихэд сандардаг байж билээ. Ээжтэйгээ хамт эмийн ургамал түүн тэр уулын энгэрт суусан мөчөө тодхон санаж байна. Эрдмийн мөр хөөсөн эгчид минь хэрэгтэй гээд намар болгон л тэнд очин түүдэг байлаа. Өндөр ургасан дэрс цахилдаг халиуран, өнгө алаглуулсан үхэр мал бэлчиж, өнгөө хувиргах алга дааганууд гүйлдээд л. Тэр бүрийг ээж маань чимээгүйхэн ажаад суудагсан. Одоо тэгээд суувал их л сайхан мэдрэмж төрөх байх даа.
Сумын төвийн зүүнхэн талд бие биеэ дэрлэн орших Долоон даваа дүнсийнэ. Түүн дээр гарах аваас илүү сайхныг үзнэ шүү дээ. 100 км хавтгай дөрвөлжин газар нутаг алган дээр зүгээр л буугаад ирнэ. Хангай нутагт бол ховор тохиох байгалийн өвөрмөц тогтоц. Чухам тэндээс л цуутай Тужийн нарсыг баруунаас зүүн хязгаар, өмнөөс умард зах хүртэл нь тольдоно. Жаахан наашлуулаад ажвал тариан талбай налайн, гол нуур мэлтэлзэж, элсэн манхан гялтганана. Харин давааны баруун талд Чингис хааны ундаалсан алдарт Буур хээр байх, зүүн зүгт гүнжийн домогтой Гүн нуур орших. Мөн Хутаг-Өндөр хэмээх сайхан уул бий. Түүний барааг үзсэн хэн ч Японы Фүжи уул уу гэж андуурдаг юм. Ийм уудам орон зайд орших олон үзэгдлийг нэг дор, нэг хоромд харна гэдэг жинхэнэ гайхамшиг. Нутаг минь ийм сайхан болохоор л аав маань гэрэл зураг сонирхсон байх. Мөн зураг авахыг хүүдээ зааж өгсөн биз ээ. Би ч зурагт ухаангүй дуртай болсон. Дурласнаар барахгүй бүр зурна гэж томордог байв. Зурдаг баатар болж байшингийнхаа дээвэр дээр нэлээд хэвтсэн юмдаг. Бүргэдтэй уулаа бол өчнөөн дахин зурсан даа. Ээж маань ч их дэмжсэн. Дэргэд минь суугаад, удаан гэгч нь хараад л суудагсан. Зураач болоосой гэж хүсдэг байсан байх аа. Харин ингэж явахдаа би байшингийнхаа хар цаасыг мөн ч их цоолсон доо. Өөрөө цоолно, өөрөө нөхнө. Нөхөөс олдохгүй бол хар лаак хайлуулна.
Гэхдээ үүнийхээ хэргийг гаргасаан, гаргасан. Уран зургийн дугуйлангийн гишүүн болж, натюрморт чиглэлээр мэргэшинэ гэж хэсэг пижигнэсэн. Хэд гурван уралдаанд ч оролцов. Бас болоогүй ээ, сургуулийнхаа урлагийн чуулгад шүлэг уншина. Чуулгаараа Буриадад очиж тоглолт хийсэн гэж байгаа. Ээж маань “Зурахын хажуугаар шүлэг цээжил, цээжтэй болно” гэдэг байлаа. Багш хүн болохоор хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжилд нямбай хандана. Ном их уншуулна, шүлэг их цээжлүүлнэ. Бас логик бодлого бодуулна. Гэхдээ намайг хэзээ ч шөнө хичээл хийлгэж байгаагүй. Дэвтэрийг минь бариулаад үүрээр гадаа суулгахдаа “Өглөө уншсан зүйл өнө удаан үлддэг юм” гэдэгсэн. Ээжийн маань сургасан энэ барил ямар их өгөөжтэйг би Москвагийн Университет Дружбы Народовын сэтгүүл зүйн ангид сурч байхдаа жинхэнэ утгаар нь мэдэрсэн дээ. Утга нь байтугай, үг нь ч ойлгогдохгүй мэргэжлийн хичээлийг би зүгээр л А,Б-гүй цээжлээд шалгалтандаа онц авч билээ, нэгдүгээр семестртээ. Орос оюутнууд номноос ойгүй их хуулж байхад би гэдэг хүн орос профессорт хагартлаа магтуулаад л. Хөөрхий ээждээ л талархан зогсч билээ.
Манай сумынхны нэг гол бахархал бол Хувьсгалын музей. 1948 онд баригдсан атлаа өнгө үзэмж, интерьер шийдэл, дотоод бүтцээрээ Улаанбаатарын аль ч музейн урд л гишгэнэ. Үзмэрийн тоогоороо ч хотын томчуудаас дутахгүй. 3500 гаруй үзмэртэй гэж байгаа. Түүний дэргэд бас нэг музей бий, Д.Сүхбаатарын байрлаж байсан 1921 оны дүнзэн байшин. Дор хаяж 100 жилийн түүхийг өгүүлэх түүхэн байшингууд энэ мэтчилэн манайд олон бий шүү. Заримд нь айл амьдарч байна, нөгөөд нь сумын захиргаа конторлож буй. “Долоон бурхан харвадаггүй” киноны зураг авах гэж киночид хэдэн жилийн өмнө манай сумыг бужигнуулж өгсөн. Энд тэнд буун дуу гарч, пулемёт тачигнаад л. Хойно урд гранат тэсэрч, мина дэлбэрээд л. Сумынхан маань нэг хэсэгтээ л хагас цэрэгжилтийн байдалд байсан гэдэг. Манай найзын гэр бүл гадагш гарч ч чадаагүй. Гэрийнх нь гадаа хувьсгалчид болон гоминданыхан хэд хоногийн турш “байлдсан” юм чинь. Монголын түүхэн онцгой үйл явдлуудын туурь нь Алтанбулаг болохоор киночид нутгийг маань түших нь арга ч үгүй биз ээ.
Улс орны эрх ашгийг хамгаалах Бүргэдтэй хайрхан, Долоон даваанаас гадна орон нутгийн өндөр ач холбогдолтой нэгэн уул манай сумын чанх дунд байрладаг. Нарийндаа бол дэнж л дээ. “Ахмадын” гэдэг нэртэй. Түүн дээр гараад л нутаг орондоо өрнөж буй үйл явдлыг нэг мөсөн мэдэж авна. Бүх зүйл бүхэлдээ ил харагддаг хэрэг л дээ. Саравчилж аваад суусан байхад олдохгүй үхэр, харагдах гахай гэж үгүй. Алдагдсан тоорой, зугтаасан тугалынхаа бараа сургийг би гагцхүү тэндээс олж хардаг байлаа. Хөгшин залуугүй тэнд уулзалдаж хууч хөөрөн, сонин хачин солилцоно. Нялх багачууд наагуур цаагуур гүйлдэн тоглоно, өсвөр залуус сагс, гар бөмбөгөө нүднэ. Би ч гэсэн тэдний нэг. Хар багын л спортын хэнээтэн байлаа. Сонирхохгүй спорт гэж байсангүй. Сагс нүднэ, бөмбөг өшиглөнө, теннис тоглоно. Бүр тэвэг ч өшиглөнө. Үүндээ бол гаргуун гэж жигтэйхэн. Хэрэв тэвэг спортын төрөл байсан бол мастерын болзлыг дөрөвдүгээр ангидаа л хангах байлаа. Сумынхныхаа ханадыг дараад зогсохгүй очсон газар болгоныхоо лидерийг айлгаж байв шүү дээ. Одоо бодоход инээдтэй.
Ер нь ч тэгээд монголчууд андахгүй дээ, сэлэнгийнхэн бүх спортын хугархайтай гэдгийг. Тэр дундаа алтанбулагийнхан илүү спортлог. Алтанбулагийн багачууд Ахмадын дэнж, 60 жил дээрээ л спортлог болон хүмүүждэг юм. Спортлог спортлогтоо идэр өвлийн хүйтэнд дугуйгаар уралддаг байвал яах уу. Миний үеийнхэн л лав дугуйгаа жилийн дөрвөн улиралд унадаг байсан. Сумын баруунтаа урсах Бааст гол дээр бүр өнждөг байлаа шүү дээ. Дугуй бол аргагүй л бага насны минь салшгүй хэсэг байсаан. Хүсэл мөрөөдлийн минь ч түүчээ байлаа. Түүнийгээ унаад давхиж явахдаа олон зүйлийг ургуулан бодож, хүсэл мөрөөдлөө баяжуулан төсөөлнө. Тэр дундаа “Дүүтэй байсан ч болоосой” гэсэн бодол байнга төрдөг байж билээ. Дүүгээ дугуйнд сундлаад цэцэрлэгт нь хүргэж байна гэж төсөөлнө, хамтдаа нийлээд өвөлжөөгөө цэвэрлэж байна гэж бодно. Тэгээд л хамаатны хүүхдүүдийг царайчлах. Ямар сайндаа л хаа хамаагүй айлын хүүхдүүдийг дүү шигээ санан “Хүүхэд дээрэлхвэл ахдаа хэлээрэй” гэж байхав.
Бааст гол гэснээс тус гол эрт үед томоо байсан юм билээ. Сав газрынхаа хэмжээ дамжаагаар бол Сэлэнгэ мөрний дайны өргөн. Гэвч оросууд урсгалыг нь хааж, өөрийн нутаг руугаа буцаан урсгаснаас болж горхийн чинээ л урсдаг болсон. Уг нь энэ гол маань Монголд орж ирж байгаа цорын ганц гол юм шүү дээ. Эх оронч. Манай нутгийнхан эх оронч голоо өдрийн хэд гатална. Үхрээ хайж тэр л дээ. Хангай зүгийн үхрүүд гэрээ мартсан Гэсэр л гэсэн үг. Зуны цагт гэр орондоо ирнээ гэж гонж. Идэж усаар яваад хэдэн хоногоор зэсэрнэ. Их юм болно оо. Тэр болгонд л Бааст голыг зүглэнэ эсвэл Долоон давааг өгсөж уруудна. Энэ даваа өндөр биш ч гэлээ эзлэх талбай нь айхтар том. Тийшээ орсон мал олдоно оо л гэж гонжийн жоо. Тэр олон жалга, нугачаа нь сүрэг адууг байтугай суурь хонийг сураггүй болтол нь нуучихна. Тиймээс би гулардаг үнээнүүдээ хайж ихэд зүдэрдэг байж билээ.
Бас болоогүй ээ, үнээгээ олж ирээд өөрөө саачихна, сүүгээ машиндаад цөцгий гаргачихна, цөцгийгөө цохиод тос болгочихно. Ер нь буриад айл юу хийдэг үү тэр бүгдийг л би хийдэг байлаа. Үнээг олж тугалд нь тушаах том ажлын хажуугаар галзуурах шахаж буй гахайнуудыг журманд оруулах, гарч гүйчих гээд байдаг тахиануудыг торонд хийх гээд асуудал дагуулсан ажлууд ар араасаа хөвөрдөг байв. Ялангуяа гахай маллах бол хамгийн ярвигтай ажил шүү дээ. “Гахай малласан хүн уураа барна” гэсэн үг байдаг даа. Үүнийг хүмүүс “Уургүй болно” гэж ойлгоод байдаг. Уг нь бол “Аргаа барна” гэсэн санаа юм. Хоолыг нь өгөхийн хооронд барьж идчихээ дөхдөг, зодоод нүдээд явуулахад буцаад хүрээд ирдэг тэнэгдүү амьтан. Алхам бүрийг нь л хянаж байхгүй бол хашаа хороо буулгаж, гэр орныг түйвээнэ шүү дээ. За тэгээд, өтгөн шингэн нь бол бүр ч дийлдэхгүй. Гэлээ ч шимээ арвин өгдөг буянтай амьтан даа. Товчхондоо, гахай маллах хичээлийг бол заана дөө, заана.
Шил дараалсан олон ажлыг амжуулах хэдий хэцүү ч аав, ээжийгээ түүнд оролцуулах дургүй байж билээ. Айлын бага хүүхэд болоод ч тэр үү өдрөөс өдөрт бууралтаж яваа тэднийгээ аль болох амраах ёстой гэдгийг хар багадаа л ухаарсан байлаа. Манай байшингийн ар тал бол миний онцгой орон зай. Би тэндээ жоороо нууна, тоглоомоо тоглоно, бодлоо тэрлэнэ. Тэгж суухдаа аав, ээжийгээ л бодно. “Тэднийхээ үгүйд би яаж балрах бол оо” гэж. Бодох бүрт сэтгэл шанална. Заримдаа бүр уйлчихна. Гэлээ ч өөрийгөө зоригжуулаад л тэндээс гардаг байв. Ээж, аавыгаа ядрааж болохгүй, баяруулах ёстой гэж. Би аав, ээжийгээ 45-тай байхад нь мэндэлсэн юм. Тэднийхээ юу хүсдэгийг, юу боддогийг шууд л мэдэрнэ. Төрөлхийн мэдрэмтгий. Тиймээс хүн хөгшрөх тусам үр хүүхдээ харуулдаж, цаг явах бүр нутаг уснаа тэмүүлдэг болдгийг маш сайн ойлгож байлаа.
Тиймдээ ч сургуульд сурсан ч, ажил дээр гарсан ч долоо хоног бүр гэртээ харьдаг байсаан. Урьтаж хэлэлгүйгээр очиход минь миний хоёр хөгшин магнай хагартал баярладаг байж билээ. Аав, ээжийн буянг хариулж барахгүйгээс хойш тэдэндээ аль болох олон үзэгдэж, үнээ малаа таталцан жаахан ч гэсэн баярлуулахыг хүсдэг байсан маань энэ. Гэртээ давхиж ороод ээжийнхээ өвөрт хэвтэн эрхэлж, аавыгаа цаашлуулан ход, ход инээхийг нь харж суусан тэр жаргалтай мөчүүд минь нүдний өмнүүр өдөр бүр эргэлддэг. Дээрх өдрүүд бол бага насны маань хамгийн алтан дурсамж. Ээжтэйгээ байлаа, аавтайгаа ч байлаа. “Нутгаа санах бүр аав ээж маань зүүдлэгдэж, эцэг эхийгээ дурсах болгонд газар шороо минь бодогддог” хэмээн тэмдэглэсэн өгүүлбэрийн минь утга энэ буй за. “Хөгшрөхийн цагт хөнжлийг минь хучиж, хөлийг минь дулаацуулах хүүтэй боллоо” хэмээн аав маань ээжид хэлж байсан гэдэг. Хүү нь хичээсээн. Гэхдээ л чамлалттай.
Тэмдэглэсэн: ЖАЛСРАЙН БАЯРЖАРГАЛ