Зүйрлэшгүй нэгэн хууран мэхлэгч 30 жилийн турш өөрийгөө Саудын Арабын ханхүү хэмээн итгүүлж, тансаг харшид амьдарч, хувийн жолоочтой, үнэтэй машин хөлөглөж, ямар нэг баримтгүйгээр олон сая ам.долларын зээл аван тарвалзаж байжээ. Үүгээр ч барахгүй ямар ч ял зэм хүлээгээгүй байна.
Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд хүрч ирсэн лимузинээс маш үнэтэй, тансаг хослолтой залуу эр бууж ирэв. Түүний хуруунд том бөгж гялтганаж, бугуйнд нь алтан “Rolex” цаг харагдана. Түүний араас хоёр эрхэм гарч ирлээ. Байдлыг ажваас тэд чинээлэг үе залгамжлагчидтай ойр дотно байж дасаагүй хүмүүс бололтой байв.
Тэр гурав ”American Express”-ийн танхимд орж нислэгийн тийзээ шалгууллаа. Гэтэл өндөр үнэтэй хослолтой нөгөөх эрхэм гэнэт ухасхийн гүйж “Би ханхүү Халид Аль Сауд байна. Намайг хулгайлах гэж байна. ЭСЯ руу, CNN рүү утасдаарай” хэмээн хашгирав.
Хэдхэн мөч өнгөрөхөд түүнийг цагдаа нар тойрчихсон байлаа. Нөгөө хоёр эрхмийн нэг нь “Эндүүрэл боллоо. Намайг Томас О’Коннел, хамтран ажиллагчийг минь Франциско Мартин гэдэг. Бид сэжигтэн этгээдийг шүүх рүү аваачихаар яваа юм” хэмээн тайлбарлахыг оролдов. Тэгээд тэрбээр “ханхүүгийн” бичиг баримтыг үзүүлэв. Үзвэл “ханхүүгийн” жинхэнэ нэр нь Энтони Жиньяк, шүүхээр урьд нь хэргээ шийдүүлж байсан, хууран мэхэлсний улмаас эрэн сурвалжлагдаж байгаа нэгэн аж.
Богота, 1975 он. Энтони Жиньяк 1970 онд Колумбад төржээ. Таван настай байхдаа дүү Даниэльтайгаа орон гэргүй хоцорсон байна. Өөр нэг дүүг нь тэжээж чадахгүйн улмаас эцэг нь бүрэлгэчихсэн аж. Ингээд хөвгүүд хоёр жил Богота хотын гудамжаар хэсүүчлэв. Тэдний тухай 2006 оны шүүхийн баримтад “Үргэлж өлөн зэлмүүн. Тэдний амьдрал ердөө л өлсгөлөн байв” гэж бичсэн байжээ. Эцэст нь ах, дүү хоёр өнчин хүүхэд асрах газарт очсон бөгөөд тэнд байхдаа явуулын америк хүмүүсийн хараанд өртсөн аж.
Долоон настай Энтони, тавтай Даниэль хоёрыг 1977 онд Мичиганы нэгэн гэр бүл өргөж авчээ. Энтони Америкт очоод англи хэл сурч, сургуульд орж, ирээдүйд нь хэрэг болох авьяас чадвараа анх удаа харуулсан байна. Өргөж авсан ээж нь Гурон арал дээр тансаг зочид буудалтай, эцэг нь нэрд гарсан зохиолч Дон Делдиз хэмээн тэрбээр ярьж ангийнхандаа итгүүлж чаджээ.
Энтонийг наймдугаар ангид байхад эцэг, эх нь салав. Энэ явдал хүүгийн сэтгэлд хүчтэй нөлөөлж, жил орчим сэтгэцийн эмнэлэгт хэвтэхэд хүрлээ. Тэгээд 17 настайдаа орон гэрээ орхиж, Калифорнид очив. Тэнд Халид ибн Аль Сауд нэрээр бичиг баримттай болсон байна.
Беверли-Хиллз, 1991 он. Беверли-Хиллзэд байх “Beverly Wilshire” зочид буудал руу Халид ибн Аль Саудын албан ёсны төлөөлөгч 1991 онд утасдаж, Саудын Арабын ханхүү өрөө захиалах хүсэлтэй байгааг уламжлав. “Ханхүү” ч удалгүй өөрийн биеэр заларлаа. Энэ мэт эрхэм дээд зочин тэнд мундаггүй болоод ч тэр үү, зочид буудлын ажилтнууд түүнээс бичиг баримт шаардсангүй.
Тухайн үедээ Элвис Пресли, Жон Леннон нар удаан хугацаагаар байрлаж, Японы эзэн хаан, Далай лам ч тус зочид буудалд саатаж байсан аж. Саудын хааны гэр бүлийнхнээс ч мөн морилж байжээ.
21 настай Халид хэдэн өдөр Беверли-Хиллзээр хэсүүчлэв. Хотоор явахдаа тэрбээр “Лимузин” дуудан, хөлөглөж байлаа. Түүнд мөнгө байсангүй, гэхдээ төлбөрийг хаан барагдуулна гэж хэлнэ. Машин хөлслүүлдэг газрын эзэн эхэндээ залилуулах вий хэмээн эмээж байсан ч нэг удаа “ханхүүтэй” үдийн зоог бариад тайвширчээ. Зочид буудлын ажилтан, үйлчлэгч нар залуу эрд хандахдаа “Эрхэм дээдэс” гэх үгийг хэрэглэж байв. Жирийн хүнд ингэж хандах учиргүй. Тийм болохоор хаан эцэгтэй гэдэгт нь итгэхээс яалтай билээ.
Ханхүү гэх нэршил, “Үүнийг миний тооцоон дээр биччих” гэх үг эхний дөрвөн өдөр ямар ч эргэлзээгүй нөлөөлж байв. Төд удалгүй зочид буудлынханд сэжиг төрж, цагдаад ханджээ. Өнгөрсөн хугацаанд нөгөөх хачирхалтай байрлагч зочид буудалд 3000 гаруй ам.долларын өртэй болж, машин хөлсөлсөн хийгээд, жолоочоор үйлчлүүлж 7500 “ногоон” гарзадсан, өндөр үнэтэй дэлгүүрүүдээс өчнөөн үнэтэй зүйлс авчихсан байлаа.
Саудын Арабын хуурамч ханхүү гартаа гав зүүн зочид буудлаас явах нь тэр. Энтони Жиньякийг дөрвөн удаа хулгай хийсэн, зориулалтын бусын зээлийн карт, чек ашигласан хэмээн буруутгав. Тэр залуу ийм хэргүүдийг Лос-Анжелес, Вашингтон, Виржинид өдүүлсэн болох нь шүүх ажиллагааны явцад илэрсэн байна. “Ийм янзтай явсан хүн энгийн амьдрал руу эргэж орохыг хүсэх болов уу даа” гэж цагдаагийн офицер халаглаж байсан гэдэг.
Майами-Хонолулу, 1993 он. Жиньяк 1993 онд Флоридад ирэв. Янз бүрийн хугацаанд Майкл Жексон, Элизабет Тейлор, Софи Лорен, Принс нарын алдартан байрлаж байсан Майамигийн “Grand Bay” хэмээх таван одтой зочид буудалд ханхүүгийн дүрээр тэрбээр өрөө авчээ. Залуу эр “Giorgio Armani”-гийн хослол, “Ralph Lauren”-ы цамц өмсөж, өндөр үнэтэй машин унан хотоор давхиж, дэлгүүрийн худалдагчдад “Шанель” цүнх бэлэглэн, халаасны мөнгө харамгүй цацан, үдэшлэг, уулзалт хэсэж явлаа.
Ийм бийлэгжүү байдал нь түүний зан болсон гэлтэй. Шинэ он гарахын урьд өдөр өрөөндөө хамтран архидсан хүмүүс нь “ханхүүг” зодож, дээрэмдсэн байна. Саудын Арабын ЭСЯ энэ талаар цагдаад мэдэгдэхээр шийдээд байтал жинхэнэ ханхүү Халид Аль Сауд энэ үед Флоридад ирээгүй нь мэдэгдэх нь тэр.
Жилийн дараа Жиньяк Хонолулуд очлоо. Саудын Арабаас ирсэн хэмээн зочид буудлынханд хэзээний л итгүүлээд хоногт 850 ам.доллар төлөх өрөөг Калифорниос ирсэн бэлтэй хосын хажууд авч дөнгөв. Гилберт, Ирена Гоэц нар бууралтсан үс арчлах хэрэгсэл үйлдвэрлэдэг нэрд гарсан компанийг үүсгэн байгуулсан, Хавайд амрахаар байсгээд ирдэг байжээ.
Зальт этгээд тэдний итгэлийг хүлээж, ялихгүй асуудлыг шийдэхэд туслахыг хүссэн нь өрөөний хөлсөө яаралтай төлөх явдал байв. Тэрбээр бэлэн мөнгөө Америктаа “орхичихсон” байжээ. Хос залуус 21 мянган ам.доллар түүнд төвөггүй зээлжээ. “Ханхүүг” тэд дахин хараагүй ч мөнгөө эргүүлж авч чадсан байна.
Швейцарчууд “эрхэм дээдэс” гэж хүндлээд байсан нь зальт этгээдэд итгэхэд хүргэсэн гэж хос хоёр хожим нь хэлсэн байдаг. Зочид буудлынхныг буруутай гэж шүүх үзээд хохирлыг нь барагдуулах шийдвэр гаргасан аж.
Жиньяк АНУ-д сэлгүүцэхээ үргэлжлүүлсээр, муж бүрт шинэ хохирогчдоо төвөггүй олсоор байв. Тэрбээр торны цаана сууж байхдаа ч залилан мэхэлсээр л байлаа. Ханхүү Аль Сауд 40 сая ам.доллар хандивлах гэж байна гэдэгт Нью-Йорк хотод байдаг нэр хүндтэй Сиракузийн их сургуулийн удирдлагыг итгүүлэхэд Флоридагийн урьчилан хорих газар байхдаа хэдэн захидал бичихэд л хангалттай байлаа.
Сүүлд нь түүний тайлбарласнаар бол татвараас үүдэлтэй хэл амыг дарахад “ханхүүд” 16 мянган ам.доллар хэрэгтэй байжээ. Эрдэм номын эгэл хүмүүс ядах юмгүй хууртан мань эрд чек бичиж өгөв. Тэр мөнгийг Жиньякийн дүү нөгөөх Даниэль хүртэж орхисон байна. Тэрбээр мөн л шүүхийн хаалга татаад үзчихсэн, 1991 онд оюутан эмэгтэйд халдсан хэргээр ял шийтгүүлсэн байв.
Орландо, 2002 он. Жиньяк 1996 онд Пальм-бичид баривчлагдаад, удалгүй барьцаагаар суллагдав. Гэвч Беверли-Хиллзэд өдөөсөн, Сиракузийн их сургуулийнхныг мэхэлсэн хэргээр нь дахин саатуулж, луйварчин 1997-1998 оныг шоронд өнгөрөөлөө. Шоронгоос гараад бас л сурсан “ажлаа” хийв. Түүнийг 2002 онд Орландод байхад нь олж авчээ.
Жиньякийн байрлаж байсан зочид буудалд хууль сахиулах байгууллагын ажилтнуудын семинар болж, залилан мэхлэгчдийн эсрэг хэрхэн тэмцэх тухай ярилцаж байжээ. Түүнийг баривчлахад 27 мянган ам.доллар үрээд амжчихсан байснаар барахгүй, хагас сая ам.доллароор хоёр “Lamborghini” захиалсан байв. Энэ үед Саудын Арабын дипломатчид Жиньякийг сайн мэддэг болсон байлаа.
Түүний байрласан зочид буудал, орсон дэлгүүрээс нь байнга утасдах болсон талаар Саудын Арабын элчин сайд Наил Аль Жубейр “Orlando Sentinel” сониноор дамжуулан мэдэгдэж байжээ. Зарим тохиолдолд хуурамч ханхүүд мэхлүүлсэн жирийн америк хүмүүс ч гомдлоо илэрхийлсэн байдаг.
Жиньяк 2003 онд Мичиганд буцаж ирэв. Шүүхийн баримтаар бол тэрбээр “Saks fifth avenue” дэлгүүрт 11 мянга, “Neiman Marcus” -т 17 мянган ам.долларын өртэй болсон байжээ. Барааг нь үнэ төлөлгүй авахын тулд огт байхгүй 70 мянган ам.долларын захиалгаа цуцална гэж менежерийг нь айлгасан байв. Түүнээс гадна “Citibank”-наас хоёр сая доллар авахыг оролдсон байна. Үүний тулд ханхүүгийн нэрээр банк руу бичиг явуулж, дансыг нь хааж, мөнгө явуулахыг шаарджээ. Уг бичгийн эцэст гарын үсгийн оронд ханхүүгийн хурууны хээг дарсан байв. 2004 онд луйварчин нэлээд удаан хугацаагаар шоронд оров.
Хүү Бушийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр мөнгө угааж, улсаас олон сая доллар хулгайлсны улмаас 20 жилийн ял авсан БНН-ын гишүүн, улстөрч Том Ноэ гэгчтэй шоронд танилцжээ. Түүнийг нөгөөх нь гэргийтэйгээ танилцуулав. Хар тамхи худалдсан хэргээр шоронд ороод, суллагдаад удаагүй байсан дүү Даниэль нь удалгүй Ноэгийнд байх болжээ. Өргөж авсан ээжийнхээ хөрөнгийг өвлөж авахад нь туслахаа улстөрчийн гэргий Бернауетт Ноэ амласан байна.
Залилан мэхлэгч Жиньяк ханхүү Халид ибн Аль Саудын нэрийн өмнөөс гадаадын хуульчидтай бичгээр харилцаж байсан баримтыг түүний өргөж авсан эцэг, эхийн төрөл садангууд 2008 онд “Toledo Blade” сонины сурвалжлагчид үзүүлжээ. Түүнээс үзвэл “ханхүү” 1990-ээд онд Швейцар, Саудын Арабын банкуудаас олон сая ам.доллар гуйвуулж байсан аж. Гэхдээ уг баримтуудыг нотолж чадаагүй гэнэ.
Майами, 2017 он. Жиньяк 2015 онд шинэ юм сэдэхээр АНУ-даа хүн ам нь хамгийн өндөр орлоготой гэгддэг Майамигаас холгүй байх Фишер-Айленд аралд очиж суурьшив. Хажууханд нь нэрд гарсан хөтлөгч Опра Уинфри, теннисчин Андре Агасси, хоккейчин Павел Буре, хөгжмийн зохиолч Игорь Крутой нар амьдарна.
Мань луйварчин “ханхүү”-гийн хувьд “Marden Williams international” гэдэг компани байгуулж, томоохон хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож эхлэв. Хоёр жилийн дотор Жиньяк бэл бэнчинтэй 26 бизнесменийг мэхлэн, найман сая доллар олж дөнгөжээ. Майами-бичид байх “Fortainellean” гэдэг нэрд гарсан зочид буудлын эзэн Жеффри Саффер гэдэг тэрбумтан мань Жиньякийн сүүлчийн хохирогч болсон байна.
Зочид буудлынх нь 30 хувийг ханхүү Халид ибн Аль Сауд 440 сая доллароор худалдаж авах бодолтой хэмээн Жиньякийн зууч нь 2017 оны гуравдугаар сард тэрбумтанд уламжилжээ. Энэ санал сонирхлыг нь татсан тул Саффер компанийнхаа захирлуудын зөвлөлд яриа хэлэлцээ хийхээр Жинькяийг урив. Тэрбээр очсон нь мэдээж. Түүгээр ч барахгүй Саффер өөрөө наймдугаар сард Фишер-Айлендэд морилж ирэв. Мань “ханхүү” дипломат дугаартай хоёр ч чамин машин дотор нь “сойсон” гараашаа түүнд үзүүлэн гайхуулж, Дубайн банкны 600 сая ам.долларын баримт бүхий хээ хуартай хос хайрцаг ч харуулав.
Саффер явах болоход “ханхүүд” 50 мянган ам.долларын үнэтэй “Cartier” бугуйвч бэлэглэх яг тохиромжтой цаг болсныг туслах нь тэрбумтанд сануулжээ. Ингээгүй тохиолдолд хааны гэр бүлийн нэр хүндэд сэв сууна гэж бас хэллээ. Тэрбумтан даруй бэлэг худалдаж авах нь тэр.
Тэд яриа хөөрөөгөө үргэлжлүүлэхээр уулын цанын “Аспен” гэдэг амралтын газрыг зорив. Тэнд л Сафферт анх удаа эргэлзээ төрсөн байна. Лалын шашинт улсын эчнээ хөрөнгө оруулагч шашин нь хориглодог гахайн махтай хоолыг хэнэг ч үгүй зооглоод байгаа нь эрхгүй гайхахад хүргэсэн аж. Тэгээд “ханхүүг” аюулгүй албаараа шалгуулаад, залилан мэхэлж байсныг тэр дор нь илрүүлж орхив.
Саффер өргөдөл гаргасны дагуу Флоридагийн хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгаж эхэллээ. Тэгээд 2017 оны арваннэгдүгээр сард Жиньякийг өөр хүний нэрээр зорчиж явахад нь онгоцны буудал дээр баривчилжээ. Өөрийгөө гадаадын дипломат ажилтан, албан ёсны төлөөлөгч болгон бусдыг мэхэлснээ, луйвар хийхийн тулд хүн хулгайлснаа Жиньяк 2018 оны тавдугаар сард хүлээсэн байна. Шүүхээс түүнд ял оноовол 30 жилийн дараа л суллагдах магадлалтай аж.