-Р.Эрдэнэбүрэнг цагаатгасныг прокурор эсэргүүцэв-
Монголчууд бидний татварт төлсөн мөнгө, гадаадын орнуудаас элдэв чамин нэртэй өрийн бичгээр босгосон хөрөнгө Хөгжлийн банк хэмээх “саалийн үнээ”-ний дэлэнд хуримтлагдаж, тэндээс тухайн үеийн эрх баригчид их хэмжээгээр ашигласан билээ. Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт, мөнгөний зарцуулалтаас улбаатай олон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлж, цөөнгүй нь шүүх, прокурорын шатанд хэрэг биш болж буй.
Шүүгч, прокурорууд АТГ, ТЕГ, цагдаагийн мөрдөгчдөөр яллах, цагаатгах нотлох баримт хэмээн баахан цаас цуглуулчихаад түүнийгээ үл хэрэгсэж, улсын хөрөнгө завшсан байж болзошгүй хүмүүсийн толгойг илээд сууж байна. Үүний тод жишээ нь энэ сарын 13-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн Р.Эрдэнэбүрэнд холбогдох, мөн энэ сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс шийтгэх тогтоолоо танилцуулсан З.Баянсэлэнгэ нарын олны анхаарал татсан хэрэг юм.
Шүүгч нар цагаан захтнуудын холбогдсон хэрэгт ямар ашиг сонирхолтой байсан болоод нэгийг нь цагаатгаж, нөгөөг нь торгоод өнгөрч байна вэ. Өмнө нь ч гэсэн хэд хэдэн хэргийн холбогдогч албан тушаалтнуудад торгуулийн ял шийтгэсэн нь авлигыг шүүх өөгшүүлж буй нэг хэлбэр гэлтэй.
Шүүх өөгшүүлэхийн зэрэгцээ хууль тогтоогчдын баталсан Эрүүгийн хуульд авлигачдынхаа толгойг илсэн заалт оруулсан болохоор түүнийг хэрэглэж буй шүүгч, прокурор, мөрдөгч нар “Хуулиа л дагана даа” гэхээс өөр яалтай билээ. Гэхдээ шүүгчдийн үзэмж энд нөлөөлж буй нь гарцаагүй.
24 САЯЫН ОРЛОГОТОЙ ХАР ДЭВТРИЙГ НОТЛОХ БАРИМТ ГЭЖ ҮЗСЭН НЬ ХАЧИРХАЛТАЙ
Нэгэн цагт УИХ-ын гишүүний сэнтийд сууж, 2012 онд АН Засгийн эрх барих үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж энэ сарын 13-нд хэлэлцээд гэм буруугүй гэж үзэн цагаатгалаа. Түүнийг 2016 оны дөрөвдүгээр сард сүр дуулиантай баривчилж, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн түүхтэй.
Түүнчлэн “Шинэ сум” хэмээх, зарим аймагт хэрэгжүүлсэн төсөлтэй холбогдуулж шалгасан юм. Гэвч шалгалтын явцад Р.Эрдэнэбүрэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэл нь ил болсон аж. Тиймээс нийслэлийн Прокурорын газраас Р.Эрдэнэбүрэнд Эрүүгийн хуулийн 22.10-ын нэг дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байсан юм.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болоод удалгүй Р.Эрдэнэбүрэн “Номин констракшн” компаниас 380 сая төгрөгөөр орон сууц, гараашийн хамт худалдан авсан аж. Үүнийг ямар мөнгөөр худалдаж авснаа тодорхой тайлбарлаж чадахгүй байсан учраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Эхнэр Г.Батчимэг нь “Алт мөнгө, үнэт эдлэл борлуулсан, Р.Эрдэнэбүрэнгийн дүүгийн орон сууцыг худалдсан, бусдад мөнгө зээлсний төлбөр, найз Ж.Гантөгсөөс зээлсэн мөнгө” гэх мэтээр янз бүрээр тайлбарлаж байж. Нэг ярьснаа үгүйсгээд өөр өөр тайлбар өгч байсан гэнэ. Мөрдөгч, прокурорууд гэм буруутай, эсэхийг нь тогтоохын тулд яллах, цагаатгах бүх л талын нотлох баримтыг цуглуулжээ. Үүний тулд эхнэр Г.Батчимэгийнх нь мэдүүлсэн “Алт мөнгө, үнэт эдлэл борлуулсны орлого” гэдгээ нотлох баримт энэ хэмээн гаргаж өгсөн дэлгүүрийн гүйлгээний хар дэвтрийг нь ШШҮХ-гийн эдийн засгийн шинжээчдээр шинжлүүлжээ.
Дэвтэрт нь 24 сая төгрөгийн гүйлгээ бичигдсэн байсан гэнэ. Уг дэвтэр дэх орлогын хэмжээ “Номин констракшн”-аас 380 саяар авсан байрных нь төлбөрийг нотолж чадаагүй аж. Энэ хооронд хэрэгт холбогдогчид нөгөө хар дэвтэртээ аудитын хувийн компаниар дүгнэлт гаргуулж. Аудит хийсэн компанийн захирал нь Р.Эрдэнэбүрэнгийн дунд сургуулийн найз нь байсан аж. Тэр нь ч найзынхаа гуйлтаар дүгнэлт гаргасан гэдгээ ч хүлээсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт байгаа юм. Тиймээс алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрийн гүйлгээний хар дэвтрийг Г.Батчимэгт буцаан олгож, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзээд хавтаст хэрэгт аваагүй гэнэ.
Харин Р.Эрдэнэбүрэнтэй хамт шүүгдэгчийн ширээнд суусан найз Ж.Гантөгс анх 2016 оны гуравдугаар сарын 31-нд АТГ-ын мөрдөгчдөд мэдүүлэг өгөхдөө “Р.Эрдэнэбүрэн байр авах захиалга өгөх гэсэн юм. “Чи очоод гэрээ хийгээд өгөөч” гэсэн. Тэгээд би гэрээг нь хийж өгсөн. Энэ байр минийх биш, Эрдэнэбүрэнгийнх. Р.Эрдэнэбүрэн намайг “Номин констракшн” компанийн ажилтан Бархастай уулзаад гэрээ байгуулчих” гэсэн юм.
Р.Эрдэнэбүрэн бид хоёрын хооронд ямар нэг өр авлага, бие биедээ мөнгө зээлсэн тохиолдол байхгүй. Р.Эрдэнэбүрэн надад энэ байр авч байгаагаа “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулсан” гэж ярьсан. Р.Эрдэнэбүрэн болон эхнэр Г.Батчимэг нартай хамтарч бизнес эрхэлж байгаагүй. Байрны төлбөрийг хэрхэн төлсөн талаар мэдэхгүй” хэмээжээ.
Үүнээс сар гаруйн дараа Ж.Баттөгс мэдүүлгээ өөрчилж “Р.Эрдэнэбүрэн над руу утасдаад “Байрны урьдчилгаа нэхээд болохгүй байна. 100 сая төгрөг “Номин констракшн” компанийн дансанд тушаагаад өгөөч гэсэн. Би мөнгө шилжүүлсэн баримтыг нь хадгалж байгаад эхнэр Г.Батчимэгт өгсөн санагдаж байна. Энэ мөнгөө Р.Эрдэнэбүрэнгээс авч чадаагүй байгаа. 2013 оны есдүгээр сард Г.Батчимэг надаас 180 сая, аравдугаар сард нь 100 сая төгрөг гээд нийт 380 саяыг авсан. Одоо болтол төлөөгүй байгаа” гэсэн байгаа юм.
Шүүх хурлын үеэр хавтаст хэрэгт аваагүй нотлох баримт буюу 24 сая төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ тэмдэглэсэн хар дэвтрийг өмгөөлөгч нар нь “зайлшгүй судлуулах шаардлагатай шинэ нотлох баримт” хэмээн гаргаж өгснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Эцэст нь уг хар дэвтэр нь 380 сая төгрөг шударгаар хөдөлмөрлөж олсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэж шүүгч үзэх үндэслэл болсон байгаа юм. Тиймээс Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарыг цагаатгах тогтоол гаргасан аж. Харин НПГ-аас Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.Базархандын шийтгэх тогтоолыг эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ.
ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР НЬ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭТЭЙ УЯЛДААГҮЙ НЬ З.БАЯНСЭЛЭНГИЙГ БУРУУТГАХ ҮНДЭС БОЛЖЭЭ
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Болортуяа нарыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, торгох ял ногдуулаад буй. “Хөгжлийн банк”-ны гэх хэргээс улбаатай энэ хэргийг шүүх шийдэхдээ харин ч хөнгөн ял шийтгэсэн.
Зарим хэвлэлд З.Баянсэлэнгийг есөн сая төгрөгөөр торгосон хэмээсэн нь ташаа гэдгийг дээрх шүүхээс мэдээлээд буй. З.Баянсэлэнгийг албан тушаалаа ашиглаж, “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлынхыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсын төсөвт 972.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн явц болон мөрдөн байцаалтын шатанд З.Баянсэлэнгэ М.Болортуяагаа “Хуралд орох гээд байна. Хурдан бичиг баримт бүрдүүл” хэмээн шаардсаар 123 айлын орон сууц худалдан авч, түрээсээр иргэдийг суулгах шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гаргуулсан юм.
Засгийн газрын энэ тогтоолын талаар тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сангийн сайд асан Б.Болор, ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад саяхан ҮХЦ-ийн гишүүн болсон Ш.Солонго нарын хүн мөрдөн байцаалтын явцад ч, өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлын үеэр гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг.
Сайд, эрх бүхий албан тушаалтнууд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Ямар хүмүүс тэр сууцанд сууж байгааг нь мэдэхгүй. Ард иргэдэд хэрэгтэй хөтөлбөр гэж үзсэн” хэмээн мэдүүлсэн байдаг. АТГ-ынхны шалгалтын явцад тухайн байранд нь З.Баянсэлэнгийн болон түүний нөхрийн хамаатан, МАХН-ын гишүүн, дэмжигч нарыг оруулсан нь тогтоогдсон юм.
Харин тэрбээр өнгөрсөн долоо хоногт хэвлэлд “Намайг МАХН-ын гишүүн гэдгээр нь яллаж байна. Хэрэв би МАХН-ын гишүүн биш байсан бол яах байсан бол. Гомдол, нэхэмжлэл гаргасан хүн байхгүй. Зөвхөн намайг яллахын тулд ажилласан” хэмээн ярилцлага өгчээ. Хуулийн байгууллагад, тэр дундаа цагдаагийн газарт эрх бүхий албан тушаал хашиж байсан хүн нотлох баримтыг хэрхэн цуглуулдгийг мэддэг л баймаар.
Яллах, цагаатгах аль, аль талынх нь нотлох баримтыг цуглуулсан нь хавтаст хэрэгт байгаа юм билээ. Цагаатгах нотлох баримтыг цуглуулах ажлыг хүрээнд л танхимынх нь сайд нараас гэрчийн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд ч, шүүх хурлын үеэр авч гэм буруутай, эсэхийг нь шийдвэрлэсэн нь лавтай.
Түүнээс гадна тухайн түрээсийн орон сууцанд авсан 123 айлын байр нь зах зээлийн үнээс зөрүүтэй, өндөр үнэтэй байсан зэрэг нь З.Баянсэлэнгийг гэм буруутайд тооцох үндэслэл болсон юм билээ.
Г.Равжаа