Дэлхийн театрын академи буюу ITA-ийн 90 жилийн ой энэ онд тохиож буй. Эл ойн хүрээнд БНСУ-ын Театрын холбооноос Азийн жүжгийн эмэгтэй зохиолчдын анхдугаар наадмыг зохион байгуулахаар болжээ. Тус наадамд манай улсаас УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан “Ээж ээ” жүжгээрээ шалгаран, оролцох гэж байна. Эл наадам ирэх сарын 3-11-нд БНСУ-д болох аж.
“Дээд тэнгэр дуугүй байхад
Энэрэхийн эхэнд ээж минь байх юм
Дэргэдийн бурхад аниргүй л байхад
Хайрлахын түрүүнд ээж минь л байх юм
Ээж ээ, гишгэх газарт тань цэцэг болъё үр чинь
Ээж ээ, сүсэглэх зүгт чинь сүү болъё үр чинь” хэмээн өгүүлдэг Д.Мэндсайханы “Ээж ээ” жүжигт эх хүний хайр энэрлийн тухай өгүүлдэг. УДЭТ-ын 75 жилийн ойд зориулан бүтээсэн эл жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсан найруулсан бөгөөд гол дүрд Ардын жүжигчин Н.Сувд, С.Сарантуяа, жүжигчин Б.Отгонбат, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нар тоглож олны хүртээл болгосон билээ. Д.Мэндсайхан “Хөхөө”, “Мануухай”, “Худалч эгч” зэрэг жүжгийн зохиол бичиж, энэ онд үзэгчдийн хүртээл болгосон “Би эндээс явахгүй” жүжгийн зохиолыг шинэчилсэн юм.