Цусан суулгаар өвчилсөн хүний тоо олшрох болжээ. Урин дулааны улиралд тархалт нь ихэсдэг энэ өвчний тохиолдол өнгөрсөн долдугаар сараас эрс нэмэгдсэн байна. Эл өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандаж, эмчилгээ хийлгэх нь зүйтэй, иргэд өөрсдөө дур мэдэн эм уувал өвчин улам хүндэрч, бусдад халдвар тараах аюултай аж. ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цусан суулга ямар шинж тэмдэг, хор уршигтай өвчин бэ?
-Энэ нь нянгаар үүсдэг гэдэсний халдварт өвчин. Халдвар үүсгэгч нь сүү, ээдэм, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд үрждэг. Ихэвчлэн ахуйн хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Халдвар авснаас 1-2 хоногийн дараа халуурах, бөөлжих, цус, залхгаар суулгах шинж тэмдэг илэрдэг. Архаг өвчингүй, дархлаа сайтай хүн ихэвчлэн 5-7 хоногийн дотор эдгэдэг. Гараа савандаж угаах, ариун цэвэр, эрүүл ахуйгаа сайн сахиснаар өвчний тархалтыг зогсоож болно. Бага насны хүүхэд хүрвэл хордлого тусаж, шингэн амархан алдах, бүдүүн гэдэсний шархтай болох зэрэг хүндрэл гардаг.
-Хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр үү. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Ихэвчлэн 1-5 настай хүүхдэд хүрдэг өвчин. Гэртээ хүмүүждэг хүүхдүүд голдуу өвчилдөг. Сэргийлэх гол арга нь гарын ариун цэврийг сайтар сахих явдал. Урьдчилан сэргийлэхийн тулд иргэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо, сав баглаа боодлыг сайтар шалгах ёстой. Гэр хорооллын айлууд ус хадгалах саваа долоо хоногт хоёроос доошгүй удаа угааж, тогтмол таглаж занших хэрэгтэй. Мөн ил задгай бие засахыг хориглох, жорлон бохирын цооног, муу усны нүх зэргийг шаардлагын дагуу барьж, хлор агуулсан бодисоор халдваргүйжүүлэх нь зүйтэй.
Бэлтгэсэн: Г.Гэрэлтнаран