Ц.Ганхуяг
Зохиолч, яруу найрагч
Хаврын тэнгэр бүүдийж цасан шамарга хаялан хөх хавсарга шуурсан тээр жилийн тэр нэгэн өдөр хязгааргүй цэлийх их говийн элсэн манхан дунд, сүрэг үхрийн захад нэгэн алаг үнээ тухтай нь аргагүй идээшилж явна. Гэтэл түүний дэргэдүүр зурайх зөрөг замаар давхиж явсан суудлын тэрэг зогтусан зогсгоносноо алаг үнээг чиглэн очлоо. Тэд унаанаасаа бууж алаг үнээг их л гярхай ажиглан энэ элсэн говьд ийм сүүтэй үнээ байдаг л юм байна даа гэж гайхсан бололтой эргэн эргэн харж шүлэнгэтсээр унаандаа сууж давхин одлоо.
Алаг үнээний эзэн Мангал хэмээх өвгөн эмгэн Зэсмаагийнхаа хамтаар тэртээх толгодын цаана хүн бүл тааруухан хоёр гэрээр хаваржина. Уг нь Мангал гуайнх олон хүүхэдтэй өнөр өтгөн айл л даа. Даанч хүүхдүүд нь ажил амьдрал, сургууль соёл гээд гадаад, дотоодоор тарчихсан айл. Мангал гуай Зэсмаа гуай хоёр ч өндөр настай өтөл буурлууд мал маллах чадал тэнхээ хомс болохоор алаг үнээгээ Цогт хүү, Баярмаа охин хоёроор маллуулахаар болж аяга цайны, шанага таргийн сүү авч байхаар тохиролцжээ. Маллуулах ч гэж дээ энэ говьд удам угсаагаараа нутагшчихсан ганц үнээг маллах гэж юу л базаав гэж. Бэлчээрээрээ яваад өвсөө идчихнэ. Усандаа ирэхээр нь хэдэн ховоо ус татаад өгчихнө. Саамшихаараа өөрөө хүрээд ирнэ.
Харин саалгахдаа жаахан догшин авиртай. Саалийн үнээ догшироод юу л базаав гэж хойд, урд хөлийг нь л тушина биз. Тэгээд л хувин хувингаар сүү сааж, тогоо тогоогоор хөөрүүлнэ. Өрмийг нь хамаад тусгай торхонд хураачихна. Сүү, таргаа борлуулчихна. Ийнхүү Цогт, Баярмаа хоёрын амьдрал бага багаар чангаравч Мангал гуай, Зэсмаа гуай хоёрт өгөх аяга цайны, шанага таргийн сүү нь хомсдосоор бүр сүүлдээ сүү гэж цийдэм шиг цэхэр ус л ирдэг болжээ. Өвгөн Мангал гуай хоймортоо дээлээ нөмрөн завилан сууж мод толгойныхоо бохийг арилган хүд хүд үлээж байх нь нэг л ёоз муутай байгаа бололтой. Хөгшнөө тэр нэлээд цухалдуухан дуудсанаа.
-“Зэсмаа чи энэ цайны байж байгааг хар даа. Цэхийчихээд оочихоос ч дургүй хүрмээр. Цогт, Баярмаа хоёр аяга цайны, шанага таргийн сүү өгдөг байснаа сүүлдээ зөвхөн цайны сүү л өгдөг боллоо. Цайны сүү ч гэж дээ цэхийсэн цийдэм шиг юм л ирэх болж дээ. Энэ хоёр сүүг нь хөөрүүлж өрмийг нь зарчихаад болсон сүү өгөөд байна уу? Эсвэл сүүндээ ус хийгээд бидэнд сүү гээд ус өгөөд байна уу? Манай алаг үнээний сүү ч арай ийм шингэн байхгүй дээ. Алаг үнээгээ хүнээр саалгачихаад амьддаа ийм ч сүү ууж суух гэж” гээд бухимдан аягатай цайгаа тулганыхаа нурам руу цацчихлаа.
Энэ хот айлаас нэлээд зайдуухан нэгэн шингэн дуутай нохой хуцаж заримдаа бүр ульж буй нь Цогтын халтар гөлөг мөн бололтой. Харин Мангал гуайн хоточ халтар хааяа хааяа хотоо тойрч хөв хөв хуцан хонио эргэх нь их л сүрлэг агаад чимэгтэй нь аргагүй сонсогдоно. Энэ нохой мал сүргээ хээрийн боохойноос хамгаалж дуу чимээ өгч буй бололтой. Нохдын боргохыг сонссон Зэсмаа гуай өвгөндөө.
-Энэ Цогтын халтар гөлөг сайн хоточ нохой болно доо. Дандаа л хээр очиж боргон заримдаа бүр ульж байх юм гэхэд Мангал гуай.
-Зэсмаа чи болоогүй л байна даа. Цогтын халтар гөлөгний жон жон гэсэн дуу, шонтгор хоншоор, гөлөн гөлөн гэсэн тогтворгүй хялман нүд, шарваганасан сүүл хоточ нохойны шинж алга даг аа. Хээрийн боохойг хүрээд ирээч мөлжүүртэй яс өгвөл хоолойг нь тасдах хонь дөхүүлээд өгье гэж байхад ойрхондоо чи бид түүний улин хуцахыг тайлж мэдэх биш. Чи сайн ажиглаарай. Жинхэнэ хоточ нохойн шинж манай халтарт л байдаг юм гэлээ.
Энэ явдлаас хойш хоёр ч жилийн дараа билүү дээ намрын нэгэн бүрхэг үдэш алаг үнээ Хадат хавцлын хөндийд ганцаараа идээшилж явна. Өвс ногоо гандаж, сөл татарч буй тэр цагт алаг үнээ сөл хөөгөөд гэрийн зүг толгой эргүүлэх янзгүй ээ. Харин алаг үнээ хөндийг өгсөн нэлээд дээшилсээр Хадат хавцалд дөхүүхэн хоноглох бололтой.
Намрын хүйтэн салхи сэвэлзсэн тэр нэгэн зэврүүхэн шөнө алаг үнээний эргэн тойронд чоно улих дуу зайдуухан сонсогдож байснаа ойртон ойртсоор бүр хажууханд нь дөхөөд иржээ. Гэтэл алаг үнээ айж үргэсэндээ юү, эсвэл амиа аргалж аврагдах гэсэндээ юү хойгуур, урдуур нь хэрэн шиншлэх чонон сүргийн дундуур Хадат хавцал руу дөхлөө. Чонон сүрэг, алаг үнээний хоорондох зай алхам алхмаар ойртсоор байгаа бололтой. Хааяахан жижгэвтэр чононууд ойртож нэг харагдан, холдож далд орж байснаа сүүл рүүгээ том том чононууд ч бас л ил гарч далд орон алаг үнээ чонон сүрэгт бүслэгджээ. Ийм зэлүүд нутагт тас харанхуй шөнө ганц алаг үнээ энэ олон чоныг яахсан билээ. Чонон сүрэг алаг үнээнд улам л дөхсөөр байлаа.
Гэтэл алаг үнээ дэлэн хөхөө уруулахгүй гэсэн үү эсвэл хонгон биеэ л хамгаалж чадвал хоёр эврээрээ амиа хамгаална гэж бодсон уу Хадан хавцалд бөгсөө шургуулан зогслоо. Чононууд нэг ойртож, нэг холдсоор алаг үнээнд алхам алхмаар дөхнө. Хамгийн жижигхэн чононоосоо эхлэн алаг үнээ рүү довтолж эхэллээ. Довтлох ч гэж дээ алаг үнээний өмнүүр хойгуур хөрөөдөж сүүлээ шарвагануулан хөрвөөх нь эрхэлж наадаж ч байх шиг. Зарим нь үнээнд ноцохоор дайрч, сэлмэн эвэрт нь сэжүүлээд буцаж зугтана.
Хамгийн сүүлд томоос том азарган чоно дөхөж ирлээ. Энэ чоно үнээг бүр багалзуурдахаар шийдсэн бололтой. Хэл амаа билүүдэж ясан шүдээ ярзагануулах нь дайсанд довтлох баатар эр сэлмээ хурцлан, цавчлах мэт овооных нь үс босож, сэрвээнийх нь үс сэрийж, арзаганасан цагаан шүдээ ярзагануулан архирах нь зүрх шимширмээр. Алаг үнээ тулалдаанд бэлэн байлаа. Чоно ухасхийн дайрахад алаг үнээ сэлмэн эврээрээ хүчтэй нь аргагүй сэжтэл азарган чоно улаан сугаараа ягаан цус садруулсаар зугтаж одлоо. Энэ явдлаас хойш чононуудын довтолгоон зогсож бэлэн хоол биш гэдгийг мэдрэн шантрав бололтой зай нь холдон зайдуухан харагдах сэрвэнгийн энгэрт хэсэг бөөгнөрлөө.
Тэгтэл тэдний цаана огт довтолгоонд оролцоогүй нэгэн чоно шөнийн харанхуйд сүүмэлзэн байсан нь Цогтын халтар байжээ. Халтар нохой бөөгнөрөн буй чонон сүргийн дундаас гарч алаг үнээг чиглэн шогшиж ирлээ. Алаг үнээ халтар нохойг хараад их л баярлав бололтой толгой хүзүүгээ сунган гунганаж хоёр чихээ сэртэгнүүлэн байв. Халтар нохой өмнө нь ирж цогнойн сууснаа хэл амаа долоон босож хэд хөрөөдөн бүр ойртон тулаад ирлээ. Алаг үнээ ашгүй дээ манай айлын халтар нохой л амийг минь аварлаа гэх шиг хошуугаа цорвойлгон үнэрлэх гэтэл халтар нохой үсрэн нааж хоолойноос нь тас зуурлаа. Энэ агшинд чонон сүрэг улангасан дайрч алаг үнээ сүрэг чонын хоол боллоо. Сүрэг чоно алаг үнээг хэсэгчлэн тасчиж тараах нь их л сурмаг бололтой.
Азарган чоно алаг үнээний цоройг дэлэнгийн хамтаар хуу татан тасдан авч цагаан сүү садруулсаар хазганан зууж одоход сүү урссан цагаан зам дээгүүр чонын суганаас ягаан цус урсан далд орлоо. Азарган чонын араас нэгэн жижгэвтэр чоно үнээний зүлдийг хүзүүн дээрээ тавин улаан цус садруулсаар шогшлоо. Чононууд ийнхүү байхад Цогтын халтар хэл амаа долоон тэднийг тойрон шогшино. Чононууд авдгаа авч, жаахан зай гарах хооронд халтар нохой ухасхийн дайрч хойд шийрийг нь зуун зугтлаа.
Хойд шийр зуусан халтар нохойны араас нэгэн гичий чоно хойд шийрийг нь хонгоных нь махтай авчихаагүй байгаа гэсэн бололтой хэсэг элдэж байснаа хөөрхий дөө хоосон шийр л зууж зугтаж дээ гэсэн аястай хэлээ унжуулан шогшиж ирлээ. Хадат хавцалын аманд алаг үнээний сэг ч, сэвс ч үлдсэнгүй. Харин яс нь л хэрзийж сэрзийж үлджээ. Азарган чоно ч зууж яваагаа зулгааж чадалгүй төгсөх бололтой. Алхаа гишгээ нь сулран гуйван дайвж аман дахиа арай ядан зууж нүд нь эрээлжлэн унажээ. Тэр чонын толгойд ийм бодол эргэлдэж эцсийн амьсгалаа хураав.
“Мангал өвгөний алаг үнээг идэх гэж мөн ч их тэмүүлсэн дээ. Эцэст нь эвэрт нь сэжүүлж үхэх байж дээ. Шунаг сэтгэлтнийг шулам дагаж явах юм даа. Алиахан зантай гичийний анхилам үнэрт мансуурч арав, хорин асман чоныг горьдоож аашилж явсан аатай үе дуусаж амьсгал хураах нь дээ. Ай хөөрхий аархаж явсны гай энэ биз ээ”.
Алаг үнээг сүрэг чоно идсэнийг Хадат хавцлын хөндий, тэр нутгийн ойр орчмынхон ам дамжин ярьж, чих дэлсэн сонсогдсоор анд мордохоор бэлтгэцгээжээ. Тэд буу, хурдан хүлэг морьдоо шилж хавх ганзгалсаар Хадат хавцлын орчмоор хэдэн өдөр эргэлдэвч чонын бараа харж сураг ч сонссонгүй. Харин Цогтын халтар нохой л тэр толгоддоо газар шиншлэн шогшиж явна. Энэ явдлаас хойш бүтэн жил гаруйн дараа Мангал гуайн саахалтын нэг эр хэдэн тэмээгээ хайж Хадат хавцлын дэргэдүүр шогшиж явтал гэнэт нүдэнд нь өвсөн дунд нэгэн амьтан хөдлөх шиг болоход түүнийг ажиглавал алаг үнээний хэнхрэгт хэдэн жижигхэн амьтан гиншин хөдөлж байлаа.
Тэр эр нохойн нялх гөлөг л байна. Манай энэ хавийн хэний гичий гөлөглөө вэ? гэж бодон лавшруулан харвал гурван бор саарал, нэг хар гөлөг байлаа. Нөгөө эр гэртээ ирээд айл саахалтынхаа эрчүүлд хуучилбал тэжээвэр гичийний гөлөг бус чонын бэлтрэг байх хэмээн таацгаажээ. Энэ хавийн эрчүүд бэлтрэг агнахаар мордоцгооход говийн нар баруунаа хэвийж байлаа. Яг энэ агшинд хүзүүн дээрээ ууттай юм тавьсан гичий чоно Хадат хавцлаас гарч давхилаа. Анчид Хадат хавцалд давхин очвол алаг үнээний хэнхрэг яс арзайж сэрзийж байхаас өөр юу ч үзэгдсэнгүй.
Харин Хадат хавцлын дээд эхэнд хавхтай халтар нохойн сэг л хадан завсар хавчуулаастай харагдлаа. Халтар нохой хавханд орж хадны завсар хавчуулагдан үхэхдээ “Хээрийн боохойтой эвсэлгүй хотоо манаж хонь малаа хамгаалж явсан бол хавханд орж хадны завсар хавчуулагдан шархны цусаа долоон ясаа мэрж амьдаараа өөрөө өөрийнхөө зовлогыг зулгааж харангадаж амьсгаа хураахгүй л байсан даа” гэж хамгийн сүүлд боджээ.
Тэд нөгөөх эрийн худалчийг гайхан оройн харуй бүрийгээр буцаж хонины бэлчээрт явтал морьд нь гэнэт бусган үргэжээ. Морь чухам юунаас үргэснийг лавлатал чоно нэгэн хонийг хүү татан зөвхөн гүзээнийх нь сэвсийг сэгсэрчихээд гүзээг нь аваад явчихсан байлаа. Гичий чоно бэлтрэгнүүдээ хонины гүзээнд хийгээд зөөчихжээ. Энэ тухай сонссон Мангал гуай үдшийн бүрэнхийд лааны гэрэлд их л бодлогошронгуй суух агаад элдвийг эргэцүүлнэ. “Чоно ч ухаантай амьтан л даа, даанч 1000-аас ганцыг л хүртэж байгаарай гэсэн бурхны сургаалийг буруу сонсоод цөмийг нь хүртэх гээд зүтгэдэг шунаг хорон санаатай амьтан”. Яг энэ агшинд Зэсмаа гуай орж ирэхэд Мангал гуай.
-Зэсмаа тэр хар бэлтрэг Цогтын халтарынх л байж таараа. Говь нутаг минь хар чонотой болчихлоо. Энэ гарцаагүй л “цээжний бэлтрэг” байгаа даа. Цээжний бэлтрэг тэгээд хар чонотой болохоор алаг үнээний минь удам угсааны хэдийг түүж дуусгах байх даа. Тэр чоно алаг үнээний хэнхрэгт гөлөглөдөг нь ясыг нь мэрж тосыг нь долоож байхад хэдэн бэлтрэг минь харангадахгүй гэсэн биз.
Тээр жил намайг залуу байхад сургуулийн нэг жаахан охин “Миний нутгийн бүргэд харийн тэнгэрт өдөө цацдаггүй, Миний нутгийн бүргэд хүний нутагт ясаа тавьдаггүй” гэсэн хөөрхөн шүлэг бичсэн байж билээ. Тэр цагт тийм л байсан. Тэр үнэн. Харин өнөө цагт харийн тэнгэр дор өндгөө дарж холын нутагт ясаа тавих гэж тэмүүлэх нь их болж дээ. Эзэд нь ийм бодолтой, эх нутаг минь тийм чонотой болчихлоо доо. Ээ миний Монголын минь үр сад яахсан бол доо.
Алтай хангай, алтан говь сайхан нутаг минь алаг үнээний сэг шиг хэрзийж, сэрзийж хонхойж, ёнхойж үлдэх вий дээ. Сэтэртэй үнээний сэлмэн эвэрт сэжүүлж үхсэн азарган чононы, сэгэнд эргэлдэн хавханд орж хаданд хавчуулагдан харангадаж үхсэн халтар нохойн, хэнхрэг ясанд зулзагалан хэдэн бэлтрэгээ харангадаахгүй гэсэн гичий чононы бодсоныг зөв санаат, зөөлөн сэтгэлт Монгол хүн бодмоор л юм даа. Алаг үнээний араг ясанд чоно төрдөг, тэгээд бас хар бэлтрэгтэй байдаг. Тэр хар бэлтрэг цээжний бэлтрэг л байгаа юу л болж байна даа Монголчууд юу бодож суугаа бол гэх мэтээр элдвийг эргэцүүлэн бодож эргэн хөрөвсөөр нойргүй хоножээ. Мангал өвгөн их л бухимдуу байна даа...