Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс найман хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нэг хүнд ногдох ҮНО, ДНБ-ий хэмжээгээр ойролцоо, дундаж орлоготой бусад оронтой харьцуулбал тун өндөр тоо юм.
Мэргэжлийн хүмүүс манайхтай ойролцоо хэмээн үзэж, харьцуулан судалдаг Шри Ланкад ядуурал 4.1 хувьтай байгаа гэхээр бидний байдал илүү тодорхой болох биз ээ. 60 гаруй сая малтай, байгалийн асар их баялагтай хэмээн цээжээ дэлддэг атлаа ядуурал яагаад ийм өндөр байна вэ.
“Ядуурлын шалтгаан хаана, юунд байна вэ” гэсэн асуултад хөтлөгдөж, албан тасалгааны цонхоор бус, ард иргэдийн дундаас амьдрал ямар харагдаж байгааг сурвалжлахаар эхлүүлсэн “Амьдрал сайн уу” цувралынхаа энэ дугаарыг Баянхонгор аймгийн Ахмадын асрамж, хөгжлийн төвөөс хүргэж байна.
Халуун өдөр сүүдэр бараадаж, хүйтний улиралд нар дагаад бор шувуу шиг бөөвийж суудаг хүмүүсийг анзаарч хардаг, аж амьдралыг нь сонирхдог хүн бараг л байхгүй. Харин бид “Амьдрал сайн уу” сурвалжилгаа бэлтгэхээр тэднийг зорилоо. Баянхонгор аймгийн Ахмадын асрамж, хөгжлийн төвийн нэг давхар байшингийн үүдэнд хэн нэгнийг хүлээсэн, хашааны хаалгаар орж ирэх хүн бүрийг горьдлого дүүрэн нүдээр дагуулж харсан хэдэн хүн суудгаараа л сууж байна.
Албан ажлын шугамаар л биш бол барагтай хүн зорьж очдоггүй энэ газарт харж асрах хүнгүй, бие даан амьдрах чадваргүй хориод хүн аж төрдөг.
Байрныхаа гадна салхилж суугаа хэдэн хүний “Хэн нэгэнд маань эргэлт ирээгүй байгаа” гэсэн горьдлого тээсэн харцыг дагуулсаар дотогшоо оров. Амралтын өдөр тул Ахмадын асрамж, хөгжлийн төвийн ажилчдаас ганц тогооч л үүргээ гүйцэтгэж байв. Өдрийн хоолоо саяхан идсэнийг илтгэн өрөөнүүдийн ширээн дээгүүр аяга, таваг нь хөглөрнө. Тогооч хэвтрийн хүмүүсийнхээ хоолыг халбагадаж өгөөд, цэвэрлэгээ хийж хараахан амжаагүй байгаа бололтой.
Тогоочийн хоол халбагадаж өгч буй хүний цаад талын орон дээр нэг эмээ хөнжил дотроо зөөлөн гиншин мэгших аж. Яасныг нь асуухад “Дандаа л ингэж уйлдаг юм. Нас нь дээр гарч, зөнөөд байгаа байх. Хааяа хүмүүст эргэлт ирэхээр бүр их уйлдаг” гэж тогооч хариулсан. Тэрбээр “Ахмадын асрамжийн газар гэхээр үр хүүхэдтэйгээ таарамжгүй харилцаатай, тэд нь тоодоггүй хүмүүс их ирдэг.
Орон тоо, төсөв мөнгө багатай болохоор манайх ирсэн хүн бүрийг аваад байж чаддаггүй. Яалт ч үгүй харж хандах хүнгүй, биеэ авч явах чадваргүйг нь л авдаг. Одоо энд байгаа хүмүүсийн олонх нь оюуны хомсдолтой, бие даан амьдрах чадваргүй. Ухаан санаа нь арай гайгүй, хүнтэй харилцах чадвартай ганц хүн нь гадаа үүдэнд сууж байгаа” гэв.
Зааж өгсөн хүн дээр нь очиход гайхангуй инээмсэглэн мэнд мэдэж угтав. Түүнийг Н.Бямбадорж гэдэг бөгөөд цэргийн албаа Эрдэнэтэд хааж, XX зууны манлай бүтээн байгуулалтад гар бие оролцон
...Өгөөмөр сэтгэлтэй залуус
Үрийнхээ дууг сонсонхон
Өнийн хүслээр жигүүрлээд
Өөдлөх амьдралаа дэвжээнэ
Эрдэнэтийн овоо өнгөтэй байна
Эрин зууны царай байна аа...
хэмээн дуулж явсан залуусын нэг.
Цэргээс халагдаад газар газрын залуус чуулсан шинэхэн хотод суурьшиж үлдсэн тэрбээр санхүүгийн мэргэжил эзэмшиж, Эрдэнэтийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт нягтлан бодогчоор ажилласан нь 1970-аад оны сүүлч. Залуусын хотод төвхнөж, үеийн бүсгүйтэй ханьсан, гал голомтоо бадраасан тэр өдрүүдэд түүний амьдралын хамгийн сайхан дурсамж бий.
Тэр үед залуу хос ирээдүй нь тэр чигээрээ гэрэлтэй, шулуун дардан байна гэдэгт итгэж байв. Н.Бямбажав байгууллагынхаа шилдэг, тэргүүний ажилтан гэгдэж, баярын бичиг, барааны саван, дугуй булантаар байнга шагнуулна. Дэлхий түүний төлөө эргэж, амьдралыг тэр хүссэнээрээ жолоодож буй мэт л санагдах болов.
Нэг гэрт ороод 2-3 жил болоход хайртай гэргий нь хүүхэд төрүүлж өгөөгүйд тэр сэтгэл дундуур явах болов. Хааяахан бор дарс хүртэхээрээ эхнэртээ “Чи надаас салах гээд л хүүхэд гаргахгүй байгаа биз дээ” гэх мэтийн үг хаяна. Бүсгүй чимээгүй л нулимсаа арчина.
Эхний жилүүдэд ийм явдал 2-3 сардаа нэг тохиодог байсан бол цаг хугацаа урсах тусам давтамж нь ойртсоор нэг л мэдэхэд өдөр тутмын амьдралынх нь хэмнэл болов. Арваадхан жилийн өмнө бүхнийг гэрэлтэйгээр харж, өөдрөгөөр төсөөлөн, үргэлж дэвжиж, дээшилж явах мэт санаж байсан тэдний амьдралд өчүүхэн ч ёлтойх зүйлгүй, там болж хувирчээ.
Нөхөр нь өдрөөс өдөрт архинд автаж, зан ааш, ёс суртахуун бүгд энэ хорт идээнд идэгдэн, илжирч буйг байнга дэргэд нь байдаг эхнэр нь мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ. Түүнийг архинаас татаж авах гэж гуйж, аргадаж, уурлаж, аашилж, элдвээр л үзэж. Эцэст нь “Хүнийг найз нөхөдтэй нь уулзуулахгүй, салгахыг оролддог, ажил төрөлд нь саад болдог, нөхрөө ойлгож, хүндэлдэггүй” гэсэн нэр зүүж, буруутдаг ч эхнэр нь түүний араас уйгагүй хөөцөлдсөөр л байв.
Гунигт амьдрал ийн хөвөрч байтал зах зээлийн нийгэмд шилжин, гахай үүрсэн хүмүүсийн урсгал урагш, хойшоо хөврөхөд эхнэр нь тэдний дунд орлоо. Харин Н.Бямбадорж архин намагт улам гүн шигдсээр. Байнгын гөлөмцүү явсан түүнийг нэг сэргэхэд эхнэр нь бүрмөсөн орхисон байв.
“Ардчилал, хүний эрх мандтугай, захиргаадалт сөнөтүгэй” хэмээн амтай бүхэн орилж асан тэр жилүүдэд тэр Н.Бямбадорж ажилдаа очихгүй хэд хоногоор архидаад явчих нь хэвийн үзэгдэл байв. Олон хавар нэгэндээ гэдэг болж, нойр хоолгүй олон хоногийн архидалтын дараа тархинд нь цус харважээ.
Нэгэн цагт сайн ажилтан байсан гэсэн аархуу ярианаас цаашгүй болсон түүнийг цус харвангуут группэд гарган зайлуулсан нь хамт олных нь хэнд ч харамсал төрүүлээгүй биз ээ. Халамжийн цөөн хэдэн төгрөгөөр амь зуух болсон түүнд дулаан, цахилгааны төлбөр хэт өндөр санагдах болсон учир хоёр өрөө байраа цөөн хэдэн төгрөгөөр нэг танилдаа зарав.
Байр угаасаа улсын өмч тул түүнд харамсах сэтгэл төрсөнгүй. Харин ч их зарлага гаргадаг том “амбаар”-аас салахдаа мөнгө авч чадсан нь түүнд хожоотой санагдсан гэдэг. Эр бяраа гайхуулж, том байгууллагын санхүүг барин, халгиж цалгиж явсан эр ийнхүү гудамжинд гарлаа. Цус харвалтын улмаас өрөөсөн тал нь саажиж, мэдээгүй болсон тэрбээр Эрдэнэтийн махны зах дээр ажиллах болов.
Мах эвдэж, шулах ажлыг цөөхөн төгрөгийн хөлсөөр хийж хэдэн жилийг барахад хөл гар нь улам муудаж, явж чадахаа болив. Архины гайгаар харж, хандах, нааш гэх хүнгүй болсон түүнд асрамжийн газарт очъё гэхээс өөр бодол орж ирсэнгүй. Ингээд өргөдөл, хүсэлт, бичиг баримтаа бүрдүүлээд өгтөл Хөвсгөл аймгийн Ахмадын асрамжийн газар руу явуулж, Н.Бямбадорж асрамжийн газрын хүн болсон байна.
Дээрх түүхийг сонсож суухад түүний ярианы өнгөнөөс эхнэрээ зовоож, гомдоож явсандаа харамсаж, өөрийгөө буруутгаж буй нь мэдрэгдэх шиг болсон. “Хань минь миний хойноос их хөөцөлдсөн дөө” хэмээн санаа алдахыг нь сонсоод хожимдсон ч гэсэн ингэж бодож байгаад нь баярлаж суулаа.
Хөвсгөлөөс яагаад Баянхонгорт ирчихсэнийг нь сонирхоход “Хөвсгөлийн ахмадын асрамжийн газар 50 гаруй хүнтэй, голдуу Булганынхан байдаг юм. Би ганцаараа Баянхонгорынх байлаа. Тэнд хэдэн сар болж байтал асрамжийн газрын дарга Баянхонгор руу ажлаар явна гэв. Тэгэхэд нь харж хандах, тулж түших хүнгүй ч нутагтаа очих үхье гэж бодоод “Намайг аваад яваач” гэж гуйсаар байгаад дагаад ирсэн. Нутагтаа ирэх гэртээ ирэх шиг сайхан юм” хэмээсэн.
Хориод хүнтэй энэ асрамжийн газарт гарын үсгээ зураад, тэтгэврээ өөрөө авчих хэмжээний бичиг үсгийн болон оюуны чадвартай хоёрхон хүн байдаг. Бусад нь мөнгөө тоолж авах бүү хэл гарын үсгээ ч зурч мэддэггүй тул тэдний тэтгэврийг тус төвийн ажилчид авч, хувцас хунар, чихэр, боов зэрэг хэрэглээний зүйлсийг нь бэлтгэж өгдөг гэнэ.
Харин Н.Бямбасүрэн өөрөө тэтгэврээ авдаг бөгөөд асрамжийн төлбөр (үйлчилгээ, хоол ундны зардлын 70 хувийг төр, 30 хувийг асруулагч өөрөө хариуцах ёстой тул сар бүр 72 мянган төгрөг төлдөг аж)-өө төлж, хэрэгцээнийхээ зүйлсийг аваад, үлдсэн мөнгөө хадгаламжид хийдэг аж. Дансандаа сая төгрөгтэй болох зорилго тавьсан ч мэдээгүй болсон хөлөө эмчлүүлэх гэж хувийн эмнэлэгт хэвтэх, эргэж ирсэн хамаатнуудынхаа гарыг цайлгах зэрэгт зарцуулаад, мөнгө нь олигтой хураагдахгүй байгаа гэсэн.
Асрамжийн төвд амьдардаг хүмүүсийн хувьд эргэлт маш чухал үйл явдал, хамгийн том баяр нь аж. Магадгүй амьд байгаагаа, хүний тооноос хасагдаагүйгээ мэдрэх ганц зүйл нь эргэлт болохоор тэр биз. Хэнд эргэлт ирсэн, хэнд ирээгүй удсан тухай яриа тэнд чухал сэдэв гэдэг нь Н.Бямбасүрэнгийн ярианаас ч мэдрэгдэнэ. Тэр “Надад эргэлт их ирдэг юм.
Аймгийн төвд ч, суманд ч ах дүү нар зөндөө бий. Тэд маань ирж уулздаг. Тэгэхээр нь тэтгэврийнхээ хэдэн төгрөгнөөс 10-20 мянгаар нь өгчихдөг юм. Намайг гээд ирж байгаа хүмүүсийг хоосон явуулж болохгүй шүү дээ. Надаас юм горьддог ч юм бил үү, яаж мэдэх вэ. Эргэлт ирэхгүй бол хэцүү шүү дээ. Энд арваад жил болоход ганц ч удаа эргэлт ирээгүй нэг эмээ бий. Уйлаад л байдаг юм” хэмээсэн.
Тус асрамжийн газарт хүмүүсээ эрэгтэй, эмэгтэйгээр нь ялган, нэг өрөөнд 3-4-өөр нь оруулдаг аж. Насан эцэслэтлээ нэг өрөөнд амьдрах тул тэд хүссэн ч, эс хүссэн ч гэр бүлийн гишүүд шиг ээнэгшин дасаж, жаргал зовлонгоо хуваалцан, нэг нэгэндээ анхаарал халамж тавихаас аргагүй. Дандаа бие муу, өндөр настай хүмүүс ирдэг болохоор мөнх бусыг үзүүлнэ. Ийм нэг хүн энэ хорвоогоос одсоныг асрамжийн газрын ажилчид, тэндхийн хэдэн асруулагч л мэднэ. Тэр хэд л салах ёс хийж, эцсийн замд нь үднэ. Тиймээс тэд яах аргагүй нэг гэр бүлийнхэн билээ.
Харин Н.Бямбасүрэн өрөөнийхнийгөө жаал голох маягтай. “Хөл муу болохоор явж чадахгүй юм. Хөлтэй бол хүмүүстэй хэдэн үг солиод гадуур явж баймаар санагддаг. Би өрөөндөө гурвуул. Нэг нь таг дүлий, юм ярихаар зөрүү сонсож, буруу ойлгоод, нэмэр байхгүй. Нөгөөх нь гарын үсгээ ч зурж чаддаггүй, ухаан дутуу. Бусад өрөөнийхөнтэй найз болъё гэсэн ч энэ хэдэд маань ярих хүн цөөн. Хүнтэй харилцаж чадахгүй, оюуны хомсдолтой хүмүүстэй юу ярих вэ дээ. Ярьж хөөрөх хүнгүй нь л хэцүү байдаг. Түүнээс идэх хоол, унтах ор бэлэн, хийх ажилгүй хэвтэх нь сайхан л байна” хэмээсэн.
Хаана буухаа мэдэхгүй хөөрч, дэрвэж яваа залууст ухаарал хайрлаж, сэрэмж болгох үүднээс өөрийнхөө туулсан амьдралыг дэлгэсэн тэрбээр “Залуу, чадалтай үед хүн ямар ч явж болно. Сайхан ажил хийж, мөнгө төгрөг олох бол залуу хүнд байдаг л зүйл. Тэр бол эрдэж бардаад байх зүйл биш.
Хөгширч, ядрах, өвдөж зовох үедээ хэн болох, яахаа л сайн бодож яваарай. Өвдөж, өтлөх үед дэргэд байж, хөл хучин, ам чийглэх үр хүүхэд, хань ижил, гэр бүлгүй бол амьдрал ямар харанхуй, гунигтай гээч. Залуу нас, ажил төрөл, архины найзууд түр зуурынх шүү. Гэр бүлээ, амьдралаа хайрлаарай” хэмээн захисан.