"Жин Чей Хай" ХХК, " Аполло" ХХК нь эмийн сүлжээ бизнес үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлэн гар дээрээс худалдаа хийдэг мөн мэргэжлийн бус хүмүүс ажилладаг гэх гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар шалгалт хийж, зөрчил илрүүлсэн талаараа өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Шалгалт хийх явцад Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Бао Лин Шао захиралтай "Жин Чей Хай" ХХК компани нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, импортлох зөвшөөрөлгүй, эмнэлгийн хэрэгсэл болон эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан нь тогтоогджээ.
НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ "Тус зөрчлийг таслан зогсоож нийт 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хурааж, нийт 155 хайрцаг, 7.800.000 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авчээ. Харин компанийн захиралд зөрчлийн хуулийн дагуу 3 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Баталгаагүй эм бэлдмэлийг олон нийтийн сүлжээгээр худалдаж авахгүй байхыг анхааруулж байна" гэв.
Дээрх компанитай холбоотой "Аполло" ХХК-г шалгахад тус компани нь таван нэр төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байсан тул зөрчил илрээгүй байна. Иргэд бүртгэлтэй эмийн жагсаалтыг харахыг хүсвэл Эрүүл мэндийн яам-ны сайт руу орж мэдээлэл авах боломжтой.