Дэлхийн түүхэнд хамгийн тодоор тэмдэглэгдэн үлдсэн тулалдаан бол Дэлхийн 2-р дайны үед болсон Сталинградын дэргэдэх тулалдаан юм. Тус тулалдаан цэрэг армийн хамрах хүрээгээрээ онцгойлон дурдагддаг ч гэлээ цэргийн эрдмийн бэлгэ тэмдэг болон хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн. Тэгвэл энэхүү агуу тулалдааны 76 жилийн ой тохиож байна.
Германы нацист бүлэглэл Буурал тивийг тэр чигээр нь бүрхэж, ЗХУ-ын Европын бүсийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзлэхэд тулаад байх үед Сталинградын тулалдаан тохиосон юм. Одоогийн Волгаградын хотыг эзэлж авсан тохиодолд германчууд нефть, түүхий эдээр баялаг Кавказын бүс нутагт шууд хүрэх, улмаар тээврийн гол шугам болох Ижил мөрний эргийг эзэгнэх байв. Ингэсэн тохиодолд дайны хувь заяа нацистуудын гарт зуун хувь орох стратегийн өндөр ач холбогдолтой байлаа. ЗХУ-ын Жанжин штаб энэ аюулыг үгүй хийх үүднээс Сталинградын дэргэд Георгий Жуков тэргүүтэй хамаг шилдэг маршалууд, бүх тэргүүний гвардуудаа бөөгнөрүүлж 1942 оны 7-р сараас 1943 оны 2-р сар хүртэл дэлхийн түүхэн дэх хамгийн агуу тулалдааныг хийсэн түүхтэй. Гэхдээ тулалдааны эхний таван сард ЗХУ-ын анги нэгтгэлүүд хориглох тулаан хийх замаар Германы армийн хүчийг барж, цэргүүдийнх нь ирийг мохоосон юм.
Үүний дараагаар Сталинградын тулалдааны хоёрдугаар хэсэг эхэлсэн. Тодруулж хэлбэл, ЗХУ-ын Жанжин штаб Дон, Баруун Өмнөд, Сталинград гэсэн гурван фронтыг нэгтгэсэн сөрөх давшилт хийх алдарт төлөвлөгөөгөө гүйцэтгэсэн. Харин тус даалгаврыг гардан гүйцэтгэгч нь ЗХУ-ын маршал Константин Рокоссовский байлаа. Тэрбээр давшилтыг 1942 оны 11-р сарын 19-ний үүрээр эхлүүлсэн. Энэ бол дэлхий нийтэд “Уран” нэрээрээ алдаршсан сөрөх довтолгооны ажиллагаа байлаа. Тус ажиллагааны гол агуулга нь Германыг стратегийн онцгой ач холбогдолтой бүсээс ховх цохиж хол газарт холдуулах явдал байв. Түүнчлэн Сталинградын ойролцоох Германы бүлэглэлийг бүхэлд нь бүсэлж устгах төлөвлөгөө “Уран” ажиллагаанд давхар багтаж байсан юм. Үүний үр дүнд Германы 33 дивизийн 147 мянган цэрэг офицер бүрэн устгагдсан төдийгүй нацистын 91 мянган цэрэг офицер олзлогдсон. Бүслэлтийг сэтлэх орлогыг фельдмаршал Майнштейнээр удирдуулсан Германы Доны фронтын бүлэглэл хийсэн боловч цагаригийг сэтэлж чадалгүй гэдрэг буцав.
Бүслэлтэд орж, улмаар бууж өгсөн 91 мянган цэргийн дотор Германы армийн бахархал болсон фельдмаршал Фридрих Паульс болон 24 генерал, 2500 офицер байлаа. Паульс өөрийн удирдаж байсан танкийн 6-р армийнхаа хамтаар олзонд орсон. Дээд зэрэглэлийн офицерүүдээ олноор нь нэг дор алдсанаас үүдэн Адольф Гитлер чадварлаг боловсон хүчний гүн хямралд орсон гэдэг. Энэ тулалдааны үр дүнд цэрэг армийн онолд дайснаа хэрхэн устгах цоо шинэ арга барил бий болсон төдийгүй, дэлхийн цэргийн стратеги, тактикийн боловсруултад маш том шинэчлэл болсон юм. Хамгийн гол нь Сталинградын тулалдаанд ялалт байгуулсанаар ЗХУ дэлхийн хоёрдугаар дайны стратеги санаачлагыг гартаа бүрэн авч чадсан түүхтэй. Тэр тулалдаанаас хойш зөвлөлтүүд бүх фронтоороо довтолсоор Берлин хотод хүрсэн билээ.