Мянга хоёр зуун жилийн өмнө буюу 793 оны зургадугаар сарын 8-нд Английн умард арал Линдасфарны эрэгт урд хамартаа аймшигт лууны толгой сийлсэн, эрээн далбаат хөлөг онгоцууд тулж ирэв. Английн ариун газрын нэг болох эл арал дээр дандаа лам нар амьдардаг бөгөөд сүм хийд нь шашны гайхамшигтай эрдэнэсээр дүүрэн байж. Хачирхалтай усан онгоцноос том биетэй, цайвар үстэй, сайтар зэвсэглэсэн эрчүүд бууж ирээд тааралдсан хүн мал болгоныг хядаж, эд хөрөнгийг нь дээрэмдээд гэнэт довтолсон шигээ үтэр түргэн далай руугаа хөвөн оджээ.
Аймшигт харгислалаас азаар амьд гарагсад бүгд олзлогдов. Тэдний дунд Английн шашны нэр хүндтэй цөөнгүй төлөөлөгчид байсан аж. Хожим тэднийг алт мөнгөөр солилцож бусдыг нь боолчлох болно. Ингэж викингийн эрин эхэлсэн гэж түүхийн баримт бичигт тэмдэглэсэн байдаг.
Тэд өөрсдийгөө викинг гэдэг байсан бол, оросууд варягууд, францчууд норманууд, англичууд асземаннууд гэж дууддаг байв. Викинг гэж эртний скандинав хэлээр тэнгисийн тохойгоос ирсэн хүн гэсэн утгатай аж. Тэдний түүх Скандинавын уудам нутаг, одоогийн та бидний мэдэх Норвег, Швед, Даниас эхтэй аж.
Хүн амьдрахад чанга байгалийн нөхцөлтэй эл нутаг чулуулаг хөрстэй бөгөөд өвөлдөө газар нь зузаан цас мөсөнд хучигдах тул ногоо тариа ургуулж, мал маллах боломж бараг үгүй аж. Ямар нэгэн нэгдсэн засаглал үгүй овог аймгаараа амьдрах скандинавчууд загасчилж эсвэл ан гөрөө хийж амь зогооно.
Үржил шим багатай газартай скандинавчуудын хувьд далай болон усан онгоц бараг төрсөн гэр нь гэж болохоор байлаа. Дээрээс нь хэдэн жилээр арвай, овъёос нь ургахгүй, хот суурин газрыг нь ойн түмэр, хөрсний гулгаа, эсвэл том мөсөн уул хөвж ирээд сүйтгэсэн бол хамгийн эрэлхэг зоригтой, хүчтэй эрчүүд нь дарвуулт онгоцоо хөлөглөн арай дээр амьдрал, олз хайхаар аянд гардаг байжээ.
Тэд бүлэг бүлгээрээ нийлэн дундаасаа ахлагчаа сонгож, эсвэл ямар нэгэн овог, аймгийн хүчтэй ахлагч конунгтай нэгдэн далай тэнгисээр нүүдлэн эхлээд хөрш зэргэлдээ овог аймаг руугаа дараа нь бусад улс орон руу дайрах болов.
Викингуудын түүхээс харахад тэд бол Викинг гэдэг улсын ард түмэн ч биш, эсвэл ямар нэгэн үндэстэн, ястан ч биш, тэр ч байтугай скандинавын орны хүмүүсийг нийлүүлсэн нэр ч биш аж. Викинг гэдэг бол умард европын далайн дайчид, Нэг ёсны мэргэжил аж.
Тиймээс тэдний аян энхийн байгаагуй нь мэдээж. VIII зууны сүүлээр Голланд Англи. Шотланди, Ирландийн эрэг орчим газар руу викингуудын довтолгоо эхэлжээ. Тэдний довтолгооны амжилтын нэг баталгаа нь хоер хамартай урт дарвуулт хөлөг онгоц байв. Хоёр эгнээгээр 26 хүн залуурдаж 100 хүн багтаж болох тэдгээр онгоцууд намхан, хөнгөн, гүнзгий бус ёроолтой, хоёр хамартай бөгөөд эрэг рүү түрж гаргах, эргээд далай руу орохдоо ч хялбар, хурд сайтай байжээ.
Викингуудыг далай тэнгис мөс шиг хүйтэн салхи, аймшигтай ширүүн далд урсгалуудаараа угтжээ. Зах хязгааргуй далайд тэд нар, сар, оддын байрлал, салхи, тэр байтугай усны өнгө амтаар хүртэл зүг чигээ тодорхойлж чаддаг байв. Викингуудыг эртний "тусгай" цэргүүд ч гэдэг. Тэд тааралдсан газар руугаа улайран довтолдогүуй байв.
Тэд, эд хөрөнгө, эрднэс ихтэй ч хамгаалалт муутай алслагдсан тосгод, жижигхэн хотууд руу дайрдаг байжээ. Ингэхдээ тагнуул туршуулд цаг хүчээ хайрладаггүй байв. Тэдний дайралт дандаа гэнэтийн байдаг учир эрэг орчим хот тосгодын иргэд балмагдаж сандарсандаа эсэргүүцэл үзүүлж бараг амждаггүй байж. Хот тосгон төдийгүй хаант гүрэн хүртэл эрэг дагуух газар нутгийнхаа бүх хилийг хамгаалах боломжгүйг викингууд сайтар мэдэх тул тагнуул туршуулууд нь хаана онгоцоо зогсоож, хаагуур хэдий хэр хүчээр довтлохыг тодорхойлдог байжээ.
Авч явж болох бүхнээ дээрэмдээд гэнэт довтолсон шигээ асар хурдан ухран зугтдаг тул ар талынхаа хамгаалалтандаа их ач холбогдол өгдөг байв. Тэд ухрах замаа сайтар судалж, хэлэцэж, онгоцуудаа хамгаалах цөөнгүй хүч үлдээсний дараа л дайралтандаа орох аж. Гэнэтийн довтолгоо, хурд, балмад, харгис байдал викингуудын ялалтуудын бас нэг үндэс. Энэ талаараа орчин үеийн далайн дээрэмчидтэй төстэй ч тактикийн хувьд дээд зэргийн зохион байгулалттай террорист үйл ажиллагаатай ч адилтгаж болмоор.
Хүмүүст викингуудын зэр зэвсэг бүр ч их айдас төрүүлдэг байв. Викингуудыг юуны түруунд сүх барьсан том биетэй эрчүүдээр дүрсэлдэг шүү дээ. Энэ нь ч үндэстэй аж. Урт модон иштэй ган толгойтой нигэн хурц иртэй сүх нь гарт хөнгөн ч буухдаа хүнд бол хоёр талдаа иртэй сэлэм нь цуст тулаанд ялалт авчрах гол зэвсэг нь мөн аж.
Викингуудын гол цөмийг берсерк гэдэг аймгшиггүй дайчид бүрдүүлдэг байв. ”Хуяг дуулгын оронд зэрлэг амьтдын арьс нөмөрч, бамбай илдээ хазалж, араатан шиг архирч, улих тэд үхлээс айдаггүй, өвчин мэдэрдэггүй, эрүүл галзуу нь мэдэгдэхгүй хүмүүс” гэж түүхийн бичиг баримтад тодорхойлсон байдаг.
Берсеркууд тулалдаанд өвөрмөц хэлбэрээр бэлддэг байжээ. Зэрлэг амьтдын толгойг нь үлдээсэн арьсыг нөмрөн хэсэг бясалгал хийж тэр араатныхаа зан авирыг олсныхоо дараа нэгэн өвөрмөц бэлдмэл уудаг байж. Хатааж нунтгалсан цоохор мөөгийг буцалгаад архитай хольж уусан берсеркийн нүд нь улаанаараа эргэлдэж, амнаас нь хөөс сахран, ёстой л зэрлэг араатны дүр төрхийг олох аж.
Ингээд хамгийн сүүлчийн бэлтгэл нь тэдний шүтлэг байлаа. Тэд нэг хэлбэрийн бөө мөргөлийн шүтлэгтэй бөгөөд Один гэдэг дайны бурханд залбирна. Один бурхан өөрөө тэднийг шилж сонгосон учир түүний төлөө дайтаж яваад үхэх нь өөрсдийнхөө давуу тал гэж викингууд үзнэ. Тэд дайны талбарт амь үрэгдсэнээр Варгалын (дайчин эрийн хойд ертөнц) үүд хаалга нээгдэж, мөнхийн алдар, хүндлэлийг олох аж.
Варгал гэдэг нь үлэмж том танхим бөгөөд тэнд Один бурхантай шөнөжин найралсны дараа хамгийн сүүлчийн тулаандаа орж Ранаракт буюу ертөнцийн төгсгөлд бэлдэх аж. Энэ тулаанд орох нь викингуудын хувьд нэр төрийн хэрэг аж. Үхлийг ингэтлээ хүссэн викингууд дундад зууны хамгийн догшин дайчид байх нь аргагүй юм.
VIII-XI зуунд викингуудын довтолгоо олшрохын хэрээр хүрээ нь улам тэлсээр байлаа. Тэдний эзэлсэн газар нутаг Исландаас өмнө зүгт газар дундын тэнгис хүртэл, баруун зүгт Ньюфаундландаас зүүн тийш Каспийн тэнгис хүртэл тэлжээ. Эзэлсэн газар нутагт гэр бүлээ авчран, эсвэл нутгийн бүсгүйчүүдтэй гэрлэн суурших нь элбэгшиж, дайтаж дээрэмдхээсээ илүү худалдаа эрхлэх нь олширчээ.
Викингуудын аян дайн скандинавын орнуудын хөгжилд эерэгээр нөлөөлсөн байдаг. Хүн амынх нь амьдрал сайжран, төрт засаг ч бүрэлдэн тогтжээ. 1066 онд Английн баруун эрэг рүү 300 усан онгоцтой 14,0 мянган викингууд чиглэжээ. Тэдгээр викингуудыг Норвегийн хаан догшин Харальд удирдаж байв.
Харальд Балканд, Византийн гүрэнд байлдаж явсан агуу дайчин аж. Тэрбээр Английн хааны титэмд санаархан Йорк хот руу довтолгож байгаа нь энэ. Йоркийг викингууд нэг биш удаа эзэлж нэг биш удаа алдаж байсан аж. Ойр орчим бүх жижиг хотуудаа алдсаны дараа Йоркийн засаг захиргаа бууж өгөхөөр болжээ.
Йоркийг эзэлсэн байхад Англи бүхэлдээ түүний хөлд сөгдөнө гэдэгт Харольд итгэлтэй байлаа. Өөртөө хэтэрхий их итгэлтэй байдал нь өршөөлгүй алдаанд хүргэсэн аж. Тэрбээр хот бууж өгсний дараа цэргийнхээ ихэнх хүчийг усан онгоцууд руу буцааж орхижээ. Английн хаан ширээнд суугаад удаагүй байсан Харолд Годвинсон норвегийн хааны санаархлыг мэдээд 15,0 мянган цэрэг цуглуулан өөдөөс нь гарчээ.
Йорк хотын элч нарыг бүлэг сэлтэйд нь хүлээж байсан Харальд Английн их цэргийг хараад балмагдах нь ойлгомжтой. Энэ тулаан цэрэг дайны түүхэнд их тод бичгдсэн байдаг. 15,0 мянган цэргийн өдөөс ганцхан берсерк дайчин тулалдан бусаддаа их цэрэгтэйгээ нийлэх цаг олгосон байдаг ч вингуудын ялагдлаар дуусжээ. Чухамхүү эндээс эхлэн викингуудын эриний төгсгөл эхэлсэн гэж эрдэмтэд үздэг аж.
Викингууд уулаглан довтолсон нэг ч улс гүрнээ бүхэлд нь эзэлж, мөхөөж чадаагүй юм. Тэдний эзэлсэн газар нутаг дээр скандинавын чиг хандлагыг тодорхойлсон нэг ч төр засаг бий болоогүй билээ. Баруун Европыг томоохон газар нутгийг булаан эзэгнэсэн тэдгээр колончлогчид өөрсдийнхөө үндэсний шинж чанар болон улс төрийн зохион байгуулалтын онцлогоо гайхамшигтай богино хугацаанд алдсан байдаг. Тэдний хүчирхэг, дайчин конунг (овгийн ахлагч), ярлууд (аймгийн удирдагч) удалгүй жирийн нэг гүн, бэйс, ноён болж хувирчээ.