Баавгайн доньд, савар шиг хэрэгтэй, шидтэй зүйл үгүй гэж найзаасаа дуулсан залуу танихгүй этгээдээс худалдан авсан ховор эдээ хөргөгчинд хадгалж байгаад, цагдаад баригджээ. Ойр дотнын, орон гэрээр нь орж гардаг хүмүүсийнх нь нэг түүнийг “матчихаж”. Ингээд тэрбээр эрэл сурал болж олж авсан зүйлийнхээ хэргийг гаргаж чадаагүйгээр барахгүй хоёр жил хорих ялаар шийтгүүлжээ.
Ингээд зогсохгүй ховор амьтны жагсаалтад орсон бодгаль агнасан гэж үзэн шүүхээс түүнийг 13 сая төгрөгөөр торгосон гэнэ. Засгийн газраас тогтоосон хөхтөн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр хүрэн баавгай 6.5 сая төгрөгийн үнэтэй бөгөөд хууль бусаар агнасан тохиолдолд үүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуул ногдуулдаг хуультай.
Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр “Ингэдэг, тэгдэг” хэмээн бусдад багшилж, мэдэмхийрэгчдийн “буянаар” дөрвөн хүүхэдтэй, залуу гэр бүл ийн хохирчээ. Энэ хэргийг шүүх хурал хэд хоногийн өмнө болсон юм.
“Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэг ахимаг насны эмэгтэй лангуун дээрээ 10 гаруй тас шувууны толгой өрчихсөн сууж байхад нь хууль, хяналтынхан барьсан аж. Наймаачин эмэгтэй шалгалтынхныг үл тоосон байдалтай угтжээ. “Хууль зөрчин ийм олон шувуу хөнөөчихөөд, яагаад ил, задгай худалддаг билээ” хэмээн цагдаа асуухад “Би алаагүй. Малчид авчирч өгсөн. Бөө нарт их хэрэгтэй эд гэнэ лээ” хэмээн хээв нэг хариулсан байна.
Шалгалтынхан түүнд хууль, журам танилцуулж, нөмрөг тас агнавал ямар шийтгэл оноодгийг сануулахад нүд нь орой дээрээ гарах шахсан гэнэ. Нөмрөг тасын экологи, эдийн засгийн үнэлгээ 972 мянган төгрөг. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй дүйх торгуул гэмт этгээдэд оноох хуультай гэхээр наймаачин эмэгтэй 19 орчим сая төгрөгийн “өр”-нд унаж таарах нь.
Хот хооронд такси үйлчилгээнд явж байсан залуу найзынхаа дайж явуулсан бэлгийг эзэнд нь хүргэж өгөхөөр сайхан сэтгэл гаргасныхаа төлөө хэрэгт холбогджээ. Юу нь мэдэгдэхгүй, битүү боож багласан зүйл нь ховор амьтны эд, эрхтэн байсныг тэр цагдаа, мэргэжлийн хяналтынханд баригдталаа огт мэдээгүй аж. Товчоонд гарч байсан шалгалтынхан үүнийг илрүүлжээ.
Дээр дурдсан түүхүүд таны амьдралаас хол, эсвэл ямар ч хамаагүй мэт санагдаж болох юм. Гэхдээ бид ч тэдэнтэй ижил байдалд орж, буруугүй буруутан болох эрсдэл өндөр байгааг хууль, хяналтын байгууллагынхан сануулж байна. Зэрлэг амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдсан, тээвэрлэсэн, хадгалсан, дамжуулсан тохиолдолд агнасан, барьсантай адилтгаж үзэн шийтгэл оноодог хууль Монголд үйлчилж эхэлснийг тэд мэдсэн бол ингэж хохирохгүй байв.
Дээрх иргэд хууль зөрчсөнөө мэдэж, шүүх танхимд очсон хойноо “Би амьтан алаагүй. Надад авчирч өгсөн хүн л буруутай” хэмээн өөрийгөө өмөөрч, “Хэрэв мэдэж байсан бол юу гэж ийм хайнга загнах вэ дээ” гэж ухаарал, гэмшлийн үг унагадаг гэнэ. Ам нээх бүртээ хууль, журам ярьдаг, Монголд хууль үйлчилдэггүйг шүүмжлэн муушаадаг иргэд маань өөрсдөө ч мэдэлгүй хэрэгт холбогдох нь газар авчээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Амгалан ямар сайндаа л “Манай иргэд хэтэрхий хэнэггүй, бас хууль, журмын талаар мэдлэг, мэдээлэлгүй байна. Үүнээс болж хэрэгт холбогдож, хохирох боллоо. Ийм зөрчил сүүлийн үед олширсон. Би хэдийгээр байгаль орчин хамгаалах чиглэлээр ажиллаж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг ч ийм байдлаар ял шийтгүүлсэн хүмүүсийг өрөвдөх юм” хэмээн халагласан.
Хууль бусаар амьтан агнах, эд, эрхтнийг нь худалдах тохиолдол буурахгүй байгаа нь хууль сахиулагчид болон холбогдох албаны мэргэжилтнүүд ажлаа муу хийдгээс бус, ерөөс үүнтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт султай холбоотой гэж байгаль хамгаалагч, судлаачид тайлбарладаг. Харин нэмэлт, өөрчлөлт оруулан өнгөрсөн оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн Зөрчлийн хууль энэ байдлыг бага ч гэсэн өөрчилнө гэсэн горьдлого, найдлага тэдэнд байна.
Учир нь, хууль бус агнуур, эд, эрхтний худалдаатай холбоотой харилцааг зохицуулах илүү тодорхой, хатуу заалтуудыг Зөрчлийн хуульд оруулсан юм. МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, дэд профессор Д.Лхагвасүрэн “Өмнө нь хууль сул, гэмт этгээдүүдэд ял завших боломж олгодог байсан. Улсад үлэмж хэмжээний хохирол учруулаагүй бол торгож шийтгэнэ” гэсэн заалт мөрдөж ирсэн юм. Үлэмж хэмжээний гэхээр 9.6 саяас дээш үнийн дүнг тооцдог.
Гэтэл Засгийн газрын 2013 онд баталсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр цагаан зээрийн эрэгчнийх нь 500, эмэгчнийх нь 550 мянган төгрөг байв. Үүгээр бол эмэгчин зээр 18-ыг хөнөөвөл үлэмж хэмжээний хохирол биш гээд торгоод л өнгөрөх нь. Ийм сул заалтууд хулгайн анчдыг өөгшүүлж, торгох нэрээр толгойг нь илсээр ирсэн. Халиун бугын нөөц 70-80 хувиар буурсан нь хууль бус агнууртай шууд холбоотой.
Хууль бусаар хөнөөсөн баавгайны 500 арьс худалдаж авлаа гэхэд буруутан болохгүй, түүнийг тушаасан хүмүүсийг нэгбүрчлэн илрүүлж, хариуцлага тооцно гэсэн сонин зохицуулалттай байсан. Харин Зөрчлийн шинэ хуулиар агнасан, зарж борлуулсан, тээвэрлэсэн, дамжуулсан, худалдаж авсан гээд энэ үйл явцад оролцсон хүн бүрт хариуцлага тооцохоор тусгасан нь маш том давуу тал” хэмээн ярьж байв.
Гэтэл өдгөө энэ зохицуулалт иргэдэд хамгийн “халтай” болж хувирсныг дээрх баримтууд бэлхнээ нотолж байна. Үүнд мэдээж иргэд л буруутай.
Тэд мэдээлэлгүйгээсээ болж санамсаргүй байдлаар буруутан болдог тохиолдлыг бууруулахын тулд Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Зэрлэг ургамал, амьтны зүйлийг худалдаалах тухай олон улсын конвенцын Үндэсний зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Байгаль орчны газрынхан хамтран “Хуулиа дээдлэн, зөрчил, гэмт хэргээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалъя” уриан дор сургалт, сурталчилгаа зохион байгуулж, хэрэндээ л зүтгэж буй ч зөрчил буурахгүй байгаа аж.
Ялангуяа хууль бусаар баавгай агнах, эд эрхтнийг нь худалдах зөрчил давамгайлдаг гэнэ. Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Баавгайны савар, цөс, тосны бизнес эрхэлдэг хүн, худалдан авагчид ч нийслэлд олон байна. Саяхан гэхэд баавгайн эд, эрхтэн худалдсан гурван хэрэг гарсан. Жирэмсэн эмэгтэйн гэдсийг баавгайн савраар маажвал зовлонгүй, хурдан төрдөг, цөс нь дотор эрхтэнд гойд сайн гэсэн цуу яриа олон хүнийг гэмт хэрэгтэн болгож байна” гэв.
Мөн тэрбээр иргэдийн хэнэггүй, хайнга байдлыг өөрчлөхөд хэвлэл мэдээллийнхэн чухал үүрэгтэйг онцлоод “Сайн бичиж, сэрэмжлүүлээрэй. Ингэж байж л зөрчил буурна” гэж захив.
Харин Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан “Амьтны эд эрхтэн худалдана, авна гэсэн зар, эрүүл мэндийн зориулалтаар ингэж хэрэглэнэ гэсэн баталгаагүй мэдээллийг шүүлтүүр, хяналттай болгох нь энэ төрлийн хэрэг, зөрчлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга” гэлээ.
Манай хууль хяналтынхан ихэвчлэн томоохон зах, худалдааны төв, бэлэг дурсгалын эд зүйл худалддаг дэлгүүрүүдийг “онилдог”. Тэдэнд мэдээлэл, сэрэмжлүүлэг түгээдэг. Уг нь ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд суралцагч, орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан гээд бүх шатныханд хуулийн “хичээл” зааж, номын дуу сонсгосон цагт энэ байдал өөрчлөгдөнө.
Эрүүгийн хуульд:
• Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, зориудаар тэжээн гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаадад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, түүхий эдээр цуглуулга хийсэн бол 5400- 27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж, хорих ял онооно.
• Нэн ховор амьтныг агнасан, барьсан, гаршуулан, тэжээсэн, амьдрах орчныг нь алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, хил давуулсан бол 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж тусгасан.