Товлосон хугацаандаа болох, эсэх нь ч эргэлзээтэй, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд улс төрийн 14 нам (МАН, АН, МАХН, МНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МҮАН, Зон олны нам, Монгол консерватив нам, ИЗНН, Ард түмнээ хайрлая нам, БНН, Үнэн ба зөв нам, ХҮН, Дэлхийн монголчууд нам) оролцохоор хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.
Ийнхүү Дээд шүүхэд бүртгэлтэй, Монгол Улсад засгийн эрхийг авахын төлөө албан ёсоор өрсөлдөж, сонгуульд оролцох эрхтэй 28 намын тэн хагас нь Хэнтийд хүч үзэх нь (СЕХ ирэх ням гараг гэхэд тэднийг сонгуульд оролцуулах, эсэхийг нь шийдэх ч энэ тоо тэгтлээ өөрчлөгдөхгүй болов уу). 14 намын 14 нэр дэвшигчээс гадна бие даан өрсөлдөх хүмүүс байгаа дуулдсан.
Өөрөөр хэлбэл, нөхөн байтугай ээлжит сонгуулиудын түүхэнд байгаагүй олон хүн эл тойргийг онилж мэдэх нь. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт 14 хүн нэр дэвшсэн нь одоогоор “рекорд” юм. Гэхдээ нийт хүн амын талаас илүү нь оршин сууж буй нийслэлийн хамгийн том дүүрэг гэгдэж, хуваах, эсэхийг нь хөндөж буй Баянзүрх (энэ оны зургадугаар сарын байдлаар 336.9 мянган хүн амтай)-ийг 80 мянган хүрэхгүй хүн амтай Хэнтий аймагтай харьцуулах юм биш.
Мөн 2008 оны ээлжит сонгуулийг 2-4 мандаттай 26 тойргоор явуулахад хамгийн олон буюу дөрвөн мандаттай тойргуудад 34 хүн нэр дэвшин өрсөлдөж байжээ. Нэг мандат бүхий 76 тойрогт зохион байгуулсан 2004 оны ээлжит сонгуульд нэг тойрогт хамгийн олондоо долоон нэр дэвшигч өрсөлдсөн аж. Тэгж яривал өнгөрөгч сонгуулиар 76 суудлын төлөө 12 нам, гурван эвсэл өрсөлдсөн юм шүү.
ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ҮЛДЭЭСЭН СУУДАЛ
Монголын парламентын түүхэнд нийт 10 удаа нөхөн сонгууль зохион байгуулсан аж (Манай парламентын түүхэнд анхных буюу 1992-1996 оны УИХ-д Г.Зуунайгийн оронд В.Алзахгүй, Ц.Элбэгдоржийн оронд Р.Одонбаатар, Д.Бямбасүрэнгийн оронд Ч.Ган-Өлзий, Н.Жанцанноровын оронд Т.Эрдэнэбилэг, М.Энхсайханы оронд А.Ганбаатарыг нөхөн томилсон удаатай.
Тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу нөхөн сонгууль хийлгүй, 1992 оны сонгуулийн саналын дүнгээр дараагийнх нь хүнийг УИХ-ын гишүүн болгож байсан тул инфографикт дурдсангүй). 1992 онд ардчилсан, чөлөөт сонгууль явуулж, парламентаа бүрдүүлж эхэлснээс хойш 1997 онд анх Завхан аймгийн 21 дүгээр тойрогт нөхөн сонгууль болжээ.
Үүнийг УИХ-ын гишүүн байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан Н.Багабандийн орны хүнийг сонгохын тулд зохион байгуулсан юм. Тус сонгуульд МАХН (одоогийн МАН), МУНН болон “Ардчилсан холбоо”, “Ардчилсан төр” эвслийн дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр 72.6 хувийн саналаар УИХ-ын босгыг хоёр дахиа давсан юм билээ.
Тэрбээр үргэлжлүүлэн, тасралтгүй дөрөв дэх парламентынхаа нүүрийг үзсэн бөгөөд 2005 онд гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор УИХ-д нэг суудал эзгүйрсэн юм. Баянгол дүүргийн 65 дугаар тойрогт явуулсан тус сонгуульд нийт зургаан хүн нэр дэвшсэнээс өдгөөгийн УИХ-ын дарга М.Энхболд 77.1 хувийн саналаар илүүрхэж, УИХ-д орж ирснээс хойш парламентад тасралтгүй сонгогджээ.
Хамгийн сүүлд буюу 2009 онд явуусан сонгууль ч парламентын гишүүн Төрийн тэргүүнээр сонгогдсонтой холбоотой. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржийн УИХ-д үлдээсэн суудлын төлөө нөхөн сонгуулиудын түүхэн дэх хамгийн олон буюу найман хүн өрсөлдөж, С.Баярын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан эрхмүүдийн нэг Д.Зоригт ялалт байгуулсан түүхтэй.
Ийнхүү Монгол төрийн тэргүүнээр сонгогдсон таван эрхмийн гурвынх нь парламентад үлдээсэн суудлыг дүүргэхийн төлөө нөхөн сонгууль зохион байгуулсан нь нэгэн өнгө төрх гэлтэй.
ДҮҮ, ГЭРГИЙ, НАЙЗ НЬ “ӨВЛӨСӨН” СУУДАЛ
1998 онд гурван ч удаа (тав, долоо болон арванхоёрдугаар сард) нөхөн сонгууль зохион байгуулжээ. Харамсалтай нь, Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон М.Чимидцэрэн амралтын цагаараа делтапланаар нисэж байгаад унаж, золгүйгээр амь насаа алдсан бол Төв аймгаас сонгогдсон С.Гончиг өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Мөн С.Зориг бусдын гарт амиа алдсан, хар жил 1998 он. С.Зориг агсны сонгогдсон Дорнод аймгийн 17 дугаар тойрогт түүний төрсөн дүү С.Оюун “Ардчилсан холбоо” эвслээс нэр дэвшин өрсөлдөн сонгогдсоноор улс төрд эргэлт буцалтгүй орсон билээ. Санал хураалтад оролцсон сонгогчдын 83.6 хувийн саналыг авсан С.Оюунтай ганц бие даагч л өрсөлдөж байв.
Нисдэг тэрэгний ослын улмаас амь насаа алдсан Ш.Отгонбилэг агсны орны хүнийг тодруулахаар 2001 онд Завхан аймгийн 22 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуульд түүний гэргий Д.Туяа өрсөлдөгчгүй оролцож, гишүүн болсон түүхтэй. Энэ нь монголчуудын талийгаачдаа хүндэтгэлтэй ханддаг, халуун сэтгэлийн нэг илрэл ч байж мэднэ.
Нөгөө талаас түүнийг гэх хүндлэлээс өөр зүйл үлдээлгүй, гэнэт одсон эрхмүүдийн ойр дотныхон орыг нь залгасан нийтлэг зүйлийг ажиглаж болохоор байна. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа таалал төгссөн Л.Энэбиш агсны сонгогдсон Булган аймгийн 11 дүгээр тойрогт 2002 онд явуулсан нөхөн сонгуулиар түүний зөвлөх, дотны анд Б.Өвгөнхүү парламентын гишүүн болсон билээ.
Гэвч өвчний улмаас өөд болсон О.Энхсайхан агсны сонгогдсон Хөвсгөл аймгийн 46 дугаар тойрогт долоон намын долоон нэр дэвшигч өрсөлдсөн түүх бий.
ЗАМБАРААГҮЙ ЯВДАЛТНААС САЛГАСАН СУУДАЛ
Нөхөн сонгууль явуулж ирсэн нийтлэг хоёр шалтгааныг дээр дурдав. Харин Хэнтийд хийхээр товлосон сонгуулийн шалтгааныг хэн бүхэн мэдэж буй. Хэлэхэд ч ичмээр үйлдлийг нь энэ парламентын “хамгийн залуу гишүүн” гэх тодотгол нь ч хаацайлж, зөөллөж чадаагүй, “УИХ-ын гишүүн” хэмээх эрхэм албанаас нь Д.Гантулгыг чөлөөлсөн.
Улай үзэхээрээ улангасан дайрдаг махчин шувууд шиг замбараагүй явдалт залуугийн алдаа нь тэдэнд ярих, “шоудах” сэдэл, зориг өгсөн байх талтай.
Түүнээс биш Монголын улс төр “жижиг” намуудад тийм ч ээлтэй биш гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Ардчилалд шилжсэнээс хойших алдаа бүрийн бурууг АН, МАН-ынхаас нэхэж буй, парламентад суудалгүй намуудын уриа “МАНАН-г арилгая” гэх хэлц болсон нь үүний баталгаа.
Тэгтлээ жин дарахгүй атлаа “тоо толгой” нь нэмэгдээд байгаа Монголын улс төрийн намуудыг хариуцлагажуулах цаг хэдийнэ болсон талаарх судлаачдын үг үүнийг нотолно. Цаасан дээр нам байгуулж, наймааны хэрэгсэл болгон, хэд хэдээр нь халаасалчихсан яваа хүмүүс ч бий. УИХ битгий хэл, ИТХ-д суудал авч үзээгүй, 20 гаруй жилийн түүхтэй намууд ч байна.
Олон нийтийн дэмжлэггүй тэдэнд оршин тогтнох шалтгаан үгүй гэдгийг нь ойлгуулах цаг болсон. Ийм нэг эл доль болсон хүсэл, санаархал нь энэ удаагийн нөхөн сонгуульд оролцогч намуудын жагсаалтыг уртасгасан биз. Тэгээд ч сонгуулийн нэгэн цикл талаасаа хэдийнэ өнгөрсөн учраас ирэх сонгуулийг угтаж ямар нэг зүйл хийх боломжийг нөхөн сонгууль олгож буй нь гарцаагүй.
Парламентад орж ирсэн тохиолдолд эрүүлээр сэтгэж, шоудахгүйгээр ажиллах боломж, хугацаа үндсэндээ байхгүйг мэдэж буй тусмаа тэд тэр тойрог руу тэмүүлж байгаа нь ойлгомжтой. УИХ-д суудалтай, эсэхээс үл хамааран улс төрийн намуудад айсуй, ээлжит сонгуулийн өмнө “бие халаах”, сонгогчдын санаа бодлыг тандах сайхан боломж байх нь гарцаагүй.
Тус сонгуульд оролцохоор хүсэлтээ ирүүлсэн намуудын дотор Үнэн ба зөв, Зон олны болон Дэлхийн монголчууд гэх зэрэг Дээд шүүхэд бүртгүүлээд жил болоогүй нь ч бий. Улс төрийг сонирхогч, түүнээс хамааралтай хэн бүхэн, улс даяараа анхаарал хандуулах уг сонгуульд оролцох нь нэн залуу намуудад “танилцах дадлага” хийх сайхан боломж бус уу.