Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх аавыгаа өөд болсны дараа хайртай аавдаа зориулж дуу зохиож, найруулан өөрөө дуулсан юм. Үгийг нь Х.Лхамжавтай хамтарч бичсэн байсан.
“Ачлал төгс аав минь
Алтайнхаа зулайд байж дээ.
Даан чиг элбэрэлт аав минь далайнхаа мандалд байж дээ.
Тэнгэр заяатай аав минь тэнүүн говьдоо байж дээ.
Морьд шиг эрмэг аав минь
Монгол шигээ уудам юм.
Хөгжмийн эгшигт аав минь хан хуурын минь даралтад байж”
хэмээн хайрлан, харуусан, бахархан дуулж бичүүлсэн нь бий. Төгөлдөр хуурт тоглож, дуулах түүний сэтгэлийн, аавыгаа гэсэн хайрын өнгө юутай ч зүйрлэмгүй “үнэн” санагдаж байлаа. Мэдээж өнгийг үнэн гэх нь утгагүй. Гэхдээ л “Зулай цагаан Алтай”, “Хөвсгөл далай”, “Миний ээж тэмээчин” гэх зэрэг шилмэл дуунуудыг монгол түмний зүрхэнд шигтгэж орхиод одсон аялгуулаг эрийн эрхлүүлж өсгөсөн, мэргэжлийг нь өвлөн, эцгийнхээ хувьд “хойно ургасан эвэр” нь болж яваа хүүгийн зүрх сэтгэл үнэнийг өчих мэт.
С.Сансаргэрэлтэх Америк улсад олон жил амьдарч буй ч ажил үйлс, бүтээл туурвилаараа эх орон, элгэн садантайгаа байнга холбоотой байдаг бүтээлч хөгжмийн зохиолч, хөгжимчин, багш билээ. Эгч, дүү нарынхаа адил ээжийгээ л гэдэг тэрбээр зун болгон Монголдоо ирдэг. Улсын баяр наадмын өмнөхөн гадаадаас ирсэн тэрбээр өнөөдөр эх орны баруун хязгаар Увс аймгийг зорин довтолгож байна.
Ээж Б.Бадамгэрэл нь тус аймгийн уугуул бөгөөд сүүлийн жилүүдэд нутагтаа очоогүй тул хүү, том охин С.Саянцэцэг хоёр нь ээжийгээ нутагт нь амраахаар шийджээ. Суусан газраасаа шороо атгаж явдаг уран бүтээлч Увсын цэнхэр хязгаараас мөн ч их олзтой ирнэ дээ. Бүтээлч уран бүтээлч кино урлагт дурлаад байгаа. Ажиллаж ч эхэлсэн энэ салбар дахь анхны богино хэмжээний “Би...” хэмээх кино нь АНУ-ын Умард Виржиниа мужийн “Нова” олон улсын кино наадмын 2018 оны “Оны кино”-гоор шалгарсан билээ.
Шагналын цомоо ээждээ харуулахаар бариад ирсэн. Хөгжмийн зохиолч, кино найруулагчаас “Бараг шахуу “Оскар” авсан шүү дээ. Цомоо авчраад ээждээ харуулахад юу гэсэн бэ” гэж асуухад “Ээж барьж авч үнссэнээ аавынх нь урд тавина аа гээд байрлуулчихсан” гээд инээж байлаа. Хүүгийнх нь хэлснээр, аав нь шагналыг нь хараад “Ийм юм аавд нь зөндөө байна” хэмээн хошигноод, хөөрч, баярлаж байгаа гэнэ. С.Сансаргэрэлтэх ажаад байхад ааваасаа дутахгүй сэтгэл хөдлөлтэй.
Ийм байж гэмээнэ, тийм гоё хөгжмүүд төрүүлдэг биз ээ. “Би...” (I am…) киног нь үзсэн, алдарт “Бэтмэн” киноны продюсер Майкл Услан “Таны бүтээл гайхамшигтай байлаа. Үргэлжлүүлээрэй, битгий зогс” гэж хэлэхэд нь үнэмшиж өгөхгүй байсан гэсэн. Түүнээс хойш олон сар өнгөрлөө. Эрхбиш үнэмшсэн байх. Одоо эх орны баруун хязгаарт зорчоод ирэхдээ ямар гээчийн санаа, зорилго, олзтой ирсэн нь мөдхөн харагдах биз ээ.
Хөгжмийн зохиолч эх орондоо амрах гэж, ээждээ үйлчлэх гэж ирсний сацуу уран бүтээлийн чиглэлд юу юу амжуулах гэж явааг нь сонирхоход “Түүхий баахан юм хүмүүст идүүлээд яах вэ. Болохоор нь хэлье” гээд ярьж өгсөнгүй. Ер нь ч яг боллоо гэхээрээ мэдээлдэг хүн дээ.
Төгөлдөр хуур тоглож сурах гэсэн хүүхдүүдэд хаяглан монгол ардын дуунуудаас уг зэмсэгт зориулж найруулан ном гаргахдаа, аавынхаа бүтээлүүдээс сэдэвлэсэн найруулгууд хийхдээ, том хэмжээний, өөрөөр хэлбэл симфони бүтээлүүд туурвихдаа ч түрүүлж ярьж байгаагүй. Харин “сайхан хоол” нь бэлэн болсон бол найз нөхөд, сонирхсон хүмүүсийг урамтай гэгч нь дайлдаг.
Урлагийнхан хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийн тухай мэдэх байх. Тэрбээр зураач, бас идэр насандаа тулааны урлаг сонирхож явсан. 1980-аад оны сүүлээр ангийн анд төгөлдөр хуурч М.Цогбадрахтай хамт Москвад явж байхдаа яахаас ч буцахгүй оросуудтай таарч, улмаар бүслүүлээд байхдаа хоёр найз нэг нэг мончоого гаргаж ирэн эргүүлж, эгээ л тухайн үеийн хятад кинонд гардаг шиг сүрийг үзүүлж байж мултарсан түүхтэй. Ямартай ч хэсэг хугацаанд сонирхож байсан тулааны урлаг нь лав нэг удаа аминд нь орсон. Ийм нэгэн дурсамж байх.
Х.Сансаргэрэлтэхийн хөгжимчин болсон түүх бас л сонирхолтой. Аав, ээж хоёр нь охин С.Саянцэцэгээ ХБДС-ийн төгөлдөр хуурын ангид оруулсан ч сэтгэл ханаагүй бололтой. Хүүгээ мөн тэр ангид өгчээ. Жаалхүү сурлага сайтай, төгөлдөр хууртаа ч сайн байв.
Түүнийг долдугаар ангид сурч байхад аав нь нэг өдөр дагуулан хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийнд очжээ. Хүүгээ сайн багшид шавь оруулах гэж яваа нь тэр. Хүүд бол тэр тухай ойлголт байхгүй. Гэхдээ аавын хэлснээр ноотны цаас аваад гарсан байжээ. Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай аавтай нь, ер нь эдний гэр бүлийнхэнтэй дотно болохоор сүр бараанаас нь айсан ч үгүй.
Гэтэл Гончигоо багш “Энэ хоосон цаасаар чинь яах юм. Би яах юм, чи ч яах гэж байгаа юм. Гурав хоногийн дотор ямар нэг зохиомж бичиж ир” гэжээ. Таньдаг ахад “хөөгдөөд” гарсан хүү ааваасаа учрыг асуухад “Чи хөгжмийн зохиолч болох хүн” гэж гэнэ.
Бодож байгаад “Баавгай” гэдэг “зохиол” бичээд очиход Гончигоо багш загнаж, зэмлэсэнгүй, харин ч магтав гэнэ. “Өө, болж байна. Аавын юм байна. За, чи миний шавь болсон шүү” хэмээн хүлээж авчээ. Ийнхүү төгөлдөр хуурын ангийн сурагч хөгжмийн зохиомж чиглэлд тархиа ажиллуулж эхлэв.
С.Сансаргэрэлтэх ХБДС-иа дүүргээд, гадаадын хөгжмийн сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэн бусад зургаан хүүхдийн хамт Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн бэлтгэл анги төгсөв. Тус сургуулийн үндсэн ангид элсэх шалгалтад найзууд нь бүгд “үсэрчихэд” багш нар С.Сансаргэрэлтэхээс шалгалт авахгүй гэжээ. Яагаад гэхэд “Монголчууд муу байна. Чи ч гэсэн адилхан биз, цаг гарздахын хэрэггүй. Бид бичиг явуулъя. Уралын Хөгжмийн дээд сургуульд очиж сур” гэж гэнэ. “Юу ярьж байгаа юм бэ, би шалгалтаа өгнө” гэж тэмцсэн ч нэмэр болсонгүй.
Тэгэхэд уг сургуульд оюутан С.Саянцэцэг эгч нь “Шалгалт авалгүй хүүхдийн хувь заяа шийдэж болохгүй шүү дээ. Соёлын яаманд нь хэл” гэхэд нь очжээ. Яаманд очтол Монголд ирж шалгалт авч, түүнийг тэнцүүлсэн Воронцов хүлээж авав гэнэ. Мань хүнийг яаманд ажилладаг, гадаад оюутан хариуцсан түшмэл гэж мэдээгүй С.Сансаргэрэлтэх аав, ээжтэйгээ уулзсан юм шиг баярлажээ. Өнөө хүн ч танимхайран “За, чи оюутны байрандаа оров уу, тав тух ямар байна” гэхэд нь “Юун байранд орох, надаас шалгалт авахгүй байна” гэж хэлээд уйлж гарчээ. Учир байдлыг мэдсэн түшмэл нарийн бичгээ дуудан бичиг хийлгээд “Декандаа аваад оч” гэж гэнэ.
Шалгахгүй гэж айлгаад байсан декан нь Соёлын яамнаас бичиг авмагцаа багш нарыг дуудаж комисс бүрдүүлэв. Нүдэнд дулаахан ахмад багш Альберт Лемон “За, алив, чи юу чаддаг хүн юм, сонсъё” гээд суухад нь С.Сансаргэрэлтэх үгийн зөрүүгүй л өөрийн зохиосон хөгжмөө тоглож гарав. Тэгэхэд багш “Сайн байна. Гэхдээ өөрийнхөө хөгжмөөс биш, бусдынхаас тогло доо. Хамгийн эхлээд И.С.Бахын бүтээлүүдээс сонсъё” гэж гэнэ.
ХБДС-д сайн сурч байсны хэрэг гарлаа. Тоглож л орхилоо. Бетховен, Шопен гээд л нэр зааж тоглуулж байснаа “Болно, болно. Чи нууц хэр хадгалдаг вэ” гэхэд нь “Чадна” л гэжээ. Чихэр хүлхэж суусан багш чихрийнхээ давхар, дотуур нь байдаг шохойтой мэт цагаан цаасан дээр үзгээр баллаж сохлон бичсэнээ “Чи энд бичсэнийг уншихгүй деканд аваачиж өгч чадах уу” гэж байна гэнэ. Тэгэхэд нь мань хүн өнөөхийг нь унших нь бүү хэл, унагаж гээх вий гэж айн, хоёр өндөгнийхөө завсар хавчуулан гүйхээрээ аваачиж өгчээ.
Тааруухан зантай декан түүнийг нь уншсанаа шүүгээ уудлан цаас авч, бичээд эхлэхэд нь “Тэнцээгүй л болоод явчих шиг боллоо” гэж бодож байтал оюутны байранд амьдрах эрхийн бичиг өгчээ. Ингэж аатай хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн хүү, С.Гончигсумлаа багшийн шавь С.Сансаргэрэлтэх суут П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн оюутан болсон түүхтэй.
Зун нь энэ тухай С.Гончигсумлаа багшдаа ярихад цагаан толгойтой багшийнх нь нүд сэргэж “Мөөеөө багш бид хоёрын чинь төгссөн сургууль байгаа юм. Дайны дараа богиносгосон хөтөлбөрөөр сургаж байх үед нь бид очиж сурсан. Хөгжмийн зохиолч талаас чи, бид гурав л төгсөх нь дээ. Сайн сурдаг юм шүү. Монголдоо бол чи миний отгон шавь. Багш нь чамаар шавь отголж байна. Одоо хийсэн юм байвал сонсго, дараа жил ирэхэд чинь би үхчихсэн байна” гэжээ. Дараа жил нь, түүний дараа жил ч С.Сансаргэрэлтэх шавь нь багшдаа хийснээ сонсгож, зөвлөгөөг нь авч л байв.
Ажилдаа чанга Альберт Леман багш нь монгол шавьдаа их сайн. Оюутан долоо хоног бүр багшдаа бичиж, хийснээ шалгуулж, шинэ даалгавар авч явдаг. Залхуурах үед нь “Чи шинэ юм хийгээгүй юм бол яах гэж ирсэн юм. Яагаад энэ ангид байж байгаа юм. Юу ч хийгээгүй бол битгий ирж бай” гэж лүндэн буулгаснаас хойш шавь нь ихэд хичээн сурах болжээ.
П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийн Мясковскийн нэрэмжит 35 тоот анги гэдэг бол Орос, ЗХУ-ын бүхий л том хөгжмийн зохиолчид хичээллэж төгссөн эрдмийн өргөө. Леман багш монгол шавьдаа “Чи өөрийгөө таниул. Намайг шооконд оруул. “Консерватори шатлаа” гэдгийг дуулсан багш үсрээд гүйж гарна биз дээ. Түүн шиг намайг үсэрч бостол, шооконд ортол бич” гэж нэг удаа хэлснээс нь харахад оюутнаасаа юу шаарддаг байсан нь ойлгомжтой.
1990-ээд он дундаа ороод байв. Орос, Америкийн харилцаа сайжирснаар америкчууд Орост зорчих нь элбэг болжээ. Багш нь гадаадаас хөгжмийн зохиолчид, уран бүтээлчид ирж, уулзалт, тоглолт хийх бүрт шавиа дууддаг байв. Тоодог байсных юм болов уу.
Аспирантураа төгсөх дөхсөн үед нэг удаа багш нь гэртээ дууджээ. “Крант засаж чадах уу” гэж гэнэ. С.Сансаргэрэлтэх янзлаад тавьчихлаа. Тэгэхэд нь багш “Крант засаж өгсөн хүнд 50 гр барьж болдог. Би чамтай найман жил хамт байхдаа нэг ч удаа хундага тулгаж байгаагүй. Чи миний крантыг засаж өгсөн болохоор барьж байгаа юм шүү” гээд “Портвейн” задалжээ. Тэгснээ хундаганы үг маягтайгаар “За, чи нэг юм бодож яв. Би найман жил чамтай хамт байхдаа нэрийг чинь ганц ч удаа бүтнээр зөв дуудаж чадаагүй. Тэгэхээр чи юманд хүрэхийн цагтаа нэрээ богиноор Сансар л гэж хэлж байгаарай. Хүмүүс тогтооход амар” гэжээ.
Энэ бол багшийн шавийнхаа ирээдүйд санаа тавьсан захиас байж. Түүнээс хойш хөгжмийн зохиолч уран бүтээлийн шаардлагаар нэрээ үнэхээр Сансар Сангидорж гэх болсон байна. С.Сансаргэрэлтэх Москваг орхиж Мадридад очоод удаагүй байхад буурал багш нь бурхны оронд явсан юм билээ.
П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторид хөгжмийн зохиолчийн мэргэжил эзэмшсэн залуу Мадридын Хааны Хөгжмийн дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж Орост сурч байхдаа мэдээгүйгээ мэдэж, Европын хөгжмийн ертөнцийн гайхамшигтай бодитоор нүүр тулжээ.
Дараа нь Америкт сурч хөгжимд орчин үеийн өнцгөөс хэрхэн хандахаа тодорхойлж авсан байна. Энэ хүртэл явах замд нь хаана ч “Чайковскийн Консерваторийн төгсөгч та дээшээ, тавтай морил” гэх лугаа “Та шалгалт өгөөд яах юм бэ. Хүрч ирээд л сур” гэсэн урилга нэг бусыг авч байсандаа уран бүтээлч сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ “Өөрөө өөрийнхөө ажил, уран бүтээлийг өөрөө дүгнээд яриад байж болохгүй шүү дээ” гэх түүний амнаас үг унагах бас л амаргүй.
2000 онд Америкийн алдарт хөгжимчин Ёо Ёо Ма Дорно, Өрнийг холбосон соёлын харилцааны “Торгоны зам” төсөл хэрэгжүүлэхдээ Монголоос С.Сансаргэрэлтэх хөгжмийн зохиолчийг сонгож хөгжмийн бүтээлийн захиалга өгсөн нь уран бүтээлчийн амьдралд тод бичигдэх түүхэн агшин байсан.
Чухам энэ төслийн хүрээнд бичсэн “Хар хорин” бүтээл нь түүнийг, Монголыг дэлхийн олон улс оронд таниулж, монголчууд хөгжмийн соёлтой гэдгийг гэрчилсээр ирсэн билээ. Үүнээс хойш хөгжмийн зохиолч Сансар Сангидоржийн бүтээн туурвих онгод илүүтэй хөглөгдсөн гэж харагддаг.
Арав гаруй жил Америкт суурин, ирэн, очин амьдарч байна. Өөрийг нь хөгжмийн урлагийн замд хөтөлж оруулсан аав, дэмжиж, бүх талаар тусалж өсгөсөн ээждээ талархаж, мөргөж явдаг тэрбээр хөгжмийн зохиолч аавынхаа дурсгалд зориулж “Хүн ба байгаль” төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн концерт туурвиснаа эх орондоо болоод гадаадын нэлээд хэдэн оронд тоглуулсан.
Үзэгч, сонсогчид, хөгжим судлаачид энэ бүтээлийг нь үнэлсээр. Дэлхийд тулгамдаж буй байгаль орчноо хайрлан хамгаалж, хүн төрөлхтнөөрөө энх тунх амьдрах шаардлага тулгарч буй энэ үед ийм глобал асуудлыг хөндөж монгол үнэртэй дэлхийн хөгжим туурвин, орон гүрэн дамнуулан тоглуулж яваа нь хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх буюу олон улсад дууддагаар бол Сансар Сангидорж юм.