Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр М.Ойгонбаярт холбогдох хэргийг шүүх хуралд оролцсон олон хүн Монгол Улс хар тамхи дамжуулагч болсон гэдэгтэй санал нэгтэй байв. Шүүгдэгч энэ оны хоёрдугаар сарын 5-нд Замын-Үүдээс Эрээн рүү 1.7 кг героиныг хил давуулан бусдад дамжуулахаар явж байгаад саатуулагдсан юм. М.Ойгонбаяр нь 25 настай, Улаанбаатар хотын харьяат, хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг нэгэн байсан гэдгийг бид өмнө мэдээлсэн.
Тэрбээр шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “Уг бодисыг Цэрэндулам гэдэг эмэгтэйн зуучлалаар Филиппинээс Монгол руу оруулж ирсэн Эдвард гэгч тус улсын иргэнээс хүлээн авсан. Эдвард Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор авчирч өгсөн. Цэрэндуламтай хамт ажилладаг Саранцэцэг гэх эмэгтэй надад гадаад паспорт, галт тэрэгний тасалбар, 1300 юань, эд мөрийн баримтаар хураагдсан саарал чемодантай зүйл вокзал дээр авчирч өгсөн.
Түүнийг нь би БНХАУ-ын Эрээн хотод нэг хүнд хүргэж өгөх ёстой байсан юм. Намайг цагдаагийнханд баригдан Эрээнд очиход Наранцэцэг гэдэг эмэгтэй тосож авсан. Наранцэцэгийг хүлээх зуур намайг саатуулсан цагдаагийн ажилтнууд миний авч явсан 1300 юанийн 500-гаар нь хоол идсэн” гэв.
Тэрбээр таксины үйлчилгээнд явж байхдаа Цэрэндуламтай танилцсан бөгөөд “Чи их сайн залуу байна. Би байнга жуулчин тосдог. Чи надад таксигаараа үйлчилж байгаарай” гээд утасных нь дугаарыг аваад буужээ. Энэ явдал 2009 оны аравдугаар сард болсон бөгөөд түүнээс хойш Цэрэндулам М.Ойгонбаяр руу утасдаж, “Эмийн бизнест хамт ажиллая” хэмээн ятгах болсон аж. Гэвч тэрбээр зөвшөөрөхгүй яваад байж.
Гэтэл нэг өдөр машин нь эвдэрч, ээжийнх нь бие ч муу байсан тул мөнгө хэрэгтэй болжээ. Энэ үед Цэрэндулам утасдаж, “Эрээн, Бээжин, Гуанжоу руу нэг бараа хүргэж өгөөд шагналд нь 1000 доллар ав” гэжээ. Ингээд Саранцэцэг түүний бичиг баримт барааг вокзал дээр хүргэж өгсөн аж.
Сөүлээр дамжин Монгол руу хар тамхи оруулж ирж, Монголыг хар бизнесийнхээ дамжуулагч орон болгон ашиглаж байдаг Филлипиний 3-4 иргэн байдаг гэнэ. Дээр өгүүлсэн Эдвард гэгчээс гадна Бобби нарын дөрвөн хүн Улаанбаатарт ирж монгол хүнд мансууруулах бодисоо дам жуулж өгчихөөд яваад өгдөг талаар шүүхийн хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм.
Шүүгдэгч М.Ойгонбаярын өмгөөлөгч “Буянт-Ухаад хар тамхи үнэрлэж мэддэг олон нохой байдаг. Эдвард, Бобби нарын хүмүүсийг хар тамхи, мансууруулах бодис оруулж ирж байхад энэ ноход яагаад үнэрлэдэггүй юм бэ. Тэднийг тухайн үед баривчлах ёстой байсан” хэмээж байлаа. Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгч Б.Цогт, И.Ганбат, Л.Зоригт, улсын яллагч Т.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй 14.00 цагт эхэлсэн шүүх хурал 16.30 цагийн үед завсарлаж зөвлөлдсөн юм. Шүүх хурал завсарлахын өмнө улсын яллагч Т.Мөнхжаргал “М.Ойгонбаяр нь Цэрэндулам, Саранцэцэг нартай бүлэглэж улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож 13 жил зургаан сар хорих саналтай буйгаа илэрхийлсэн.
Шүүх бүрэлдэхүүн зөвл өлдсөний эцэст ялын зүйлчлэл тохироогүй гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин М.Ойгонбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болсон. Түүнд холбогдох хэргийг Цэрэндулам нарт холбогдох хэргээс тусгаарлаж шийдвэр лэж байгаа бөгөөд Цэрэндулам нь М.Ойгонбаярыг баригдах үед хил даван Итали, АНУ зэрэг улсад амьдарч байгаа гэсэн мэдээлэл хууль хяналтын байгууллагынханд иржээ.
Г.Орчлон