Айлын гэр, орон сууцанд халдаж удаа дараа хулгай хийдэг байсан Б.Бираадамба гэдэг хүнийг Улсын мөрдөн байцаах газрын III хэлтсийн ажилтнууд саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд тэрбээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутгаар явж эзгүй айлын хаалга, цонхоор орж үнэд хүрэх эд зүйлс болох зурагт, иж бүрэн компьютер, зургийн аппарат, DVD тоглуулагч, гар утас, хөгжим, ээмэг бөгж зэргийг хулгайлсан 17 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа гэнэ. Гэхдээ зарим хулгайлсан эд зүйлээ хаанаас авснаа цагдаагийнханд тайлбарлаж чадахгүй байгаа аж.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг, Улиастай орчмоос нэгэн айлын “ACER” маркийн 17 инчийн LCD дэлгэцтэй иж бүрэн компьютер, “Sony” маркийн DVD тоглуулагчийг авснаа чухам ямар айлаас хулгайлснаа зааж өгч мэдэхгүй байгаа гэнэ.
Тиймээс УМБГ-ын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Баянзүрх дүүргийн нутаг, Улиастай орчмоос иж бүрэн компьютерээ алдсан хохирогч тус хэлтэст хандахыг хүссэн юм.
Г.Равжаа