Амьдрал тарчиг охидыг гаднын оронд аваачин өндөр цалинтай ажилд оруулж өгнө, гурван сар ажиллуулна гэж хуурч мэхлэн, худалддаг байсан эгч дүү Б.ЦэрэнЯнжин, Б.Ерөө-Янжин нарын хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд 10-11 жилийн хорих ял оноосон билээ. Энэ гэмт хэргийн хохирогч болж, насан туршдаа сэтгэлийн шархтай үлдсэн 24 настай Б (охины хүсэлтээр нэрийнх нь эхний үсгийг өөрчиллөө)-тэй ярилцлаа.
“Сайн сайхан үйлс бүтээсэн биш би юу ч ярихыг хүсэхгүй байна” гэсэн хариултыг тэр удаа дараа өгч байсан ч бусдад сургамж болох үүднээс, өөрийг нь таньж болох бүх мэдээллийг нууцална гэснээр илэн далангүй ярилцсан юм.
-Сүүлийн үед гадаадад өндөр цалинтай ажиллуулна гэсэн зар их гарах болсон. Энэ зараар дамжин чи тэр эмэгтэйчүүдтэй уулзсан уу?
-Би ямар нэгэн зарын дагуу очоогүй. Тийм зард итгэдэггүй юм. Манайх хөдөөгийн айл л даа. Би хотод ирээд сургуульд орох гэсэн боловч танилууд ямар ч чанаргүй хувийн сургуульд орж байхаар ажил хийж байгаад дараа жил улсын сургуульд ор гэсэн. Ингээд л би бааранд үйлчлэгч хийсэн. Хаана гэдгээ хэлмээргүй байна.
-Бололгүй яахав. Заавал хэлэх албагүй. Тэр газрын эзэн нь эгч дүү Б.Цэрэн-Янжин, Б.Ерөө-Янжин нар байсан юм уу?
-Үгүй ээ. Тэр газрын менежер эгчийг таньдаг юм билээ. Энэ охидыг чинь өндөр цалинтай ажилд оруулах юмсан гээд л яриад байсан. Би хийж байгаа ажилдаа тийм ч дуртай байгаагүй л дээ. Орой болтол ажиллаад 200 мянган төгрөг хүрэхгүй цалин авахаар хэцүү байдаг. Мөн амралт байхгүй, хундага, аяга хагалсан гээд мөнгө суутгана, амаргүй ажил юм билээ. Тэгээд л би тэр өндөр цалинтай ажилд нь явбал ямар бол гэж бодоод тэр эгчээс асуусан юм.
-Ажиллая гэж хүсэлт тавьсан юм уу. Ямар ажил хийлгэнэ гэж хэлсэн юм бэ?
-Нэг удаа ирэхээр нь асуутал их уриалгахан хүлээж аваад “Их амархан ажил байгаа юм, одоо хийж байгаа ажлаас чинь амар. Тэгээд сардаа 700 орчим мянган төгрөг авна. Гурван сар болоод ирж болно. Ажиллах хүсэлтэй байвал хугацаагаа сунгаж ч болно” гэсэн юм. Ингээд л би тэр аймаар газарт оччихсон.
-Чамаас гадна олон охин байсан уу. Яг хаана аваачсан бэ?
-Би хол газар явах боллоо, ажил хийнэ, их мөнгө хураана гэж аав, ээждээ хэлсэн. Манай гэрийнхэн их дуртай байсан. Тийм аймаар зүйл, хүн худалдана гэдэг тухай нэг ч удаа дуулж байгаагүй болохоор юу ч бодоогүй байх. Цагаан идээнийхээ дээж боож өгөөд миний сахиусыг өгч явуулсан. Аав маань “Миний охин азтай шүү” гээд баярлаж, утсаар ярьж байсан юм. (уйлав) Солонгос руу яваад мөнгө хураадагтай адил л юм байх гэж бодсон. Ном зохиол, кинонд гардаг шиг баяр хөөртэй вокзал дээрээс гаргаж явуулах хүн надад байгаагүй ч, очих газраа өндөр хөгжилтэй орон Оросын Улаан талбай мэтээр төсөөлсөн юм. Эндээс вагоноор хил давсан. Тэр Б.Цэрэн-Янжин гэдэг эмэгтэй хамт явсан учир би итгэсэн. “Гэрээтэй, хамтарч ажилладаг, олон жил болж байгаа” гээд л. Эрээнд очтол нэг хүн биднийг тоссон.
-Биднийг гэж чамаас өөр охин байсан юм уу?
-Хоёр охин хамт явсан. Тэд зарын дагуу очсон гэж надад хэлсэн. Тэр хүнд бидний гадаад паспортыг өгөөд “Энэ хүн та нарыг авч яваад ажлын газар руу чинь хүргэж өгнө. Санаа зоволтгүй. Би эргэж ирнэ” гээд явсан. Тэр үеэс би яаж байгаа юм бол гэсэн бодол төрсөн. Биднийг тоссон хүнийг хаанахын хэн болохыг мэдэхгүй, танихгүй. Тэгээд бас бид чинь хятадаар сайн уу ч гэж хэлж чадахгүй. Яаж ойлголцохоо мэдэх гүй байтал чанга дуудаад гараараа дохисон. Ингээд биднийг өөр нэг вагонд суулгаад явсан. Бараг өдөржин явж байгаад, авто бусанд суулгаад бүрий тасарсан хойно дөрвөн давхар саарал байшинд авчраад буу гэсэн. Бид гурвыг өөр өөр өрөөнд оруулаад гаднаас түгжсэн. Би айгаад уйлж, үүдийг нь удаан цохисон боловч онгойлгоогүй.
- Тэр очсон газар аль улсын ямар хот юм бол. Тэдгээр эмэгтэйг Малайз руу хүн наймаалдаг байсан гэсэн?
-Тийм байх аа. Тухайн үедээ яг хаана очсоноо мэдэх ямар ч арга байгаагүй. Өглөө нь баахан хятад ногоо өгсөн. Би хөдөөгийн хүүхэд болохоор ногоо энэ тэр зүйлд тааруу л даа. Аяга будаа л идсэн. Ингээд орой болоход дуудаад үс самнаж, нүүр будаж өгсөн. Аймаар тод өнгөөр будаад инээ гээд өөрсдөө үзүүлээд байдаг юм билээ. Инээхгүй байхаар алгадаж, бас өшиглөдөг. Би олон удаа өшиглүүлж, гуя хөхөрч бүр явж чадахгүй болж байсан удаатай. Харанхуй, нүүр харагдах төдий гэрэлтэй өрөөнд оруулаад орхисон. Гэтэл гаднаас 50 гаруй насны ямар үндэстэн нь мэдэгдэхгүй хүн орж ирээд бөөн юм шулганаад л, толгой илээд байсан. Тэгснээ хувцас гэж өмсгөсөн нимгэн нөмрөг шиг юмыг урж хаяад (уйлав) бузарласан. Их өвдөөд уйлахад тэр хүн инээгээд байсан.
-Уучлаарай, хэт хувийн амьдрал руу чинь орсон асуулт гэдгийг мэдэж байна. Чи өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан уу?
-Би нутагтаа найз залуутай байсан л даа. Тэр маань таван жилийн өмнө авто ослоор талийгаач болсон юм. Аз жаргалтай амьдарна, олон хүүхэдтэй болно гээд л ярьдаг байсан. (уйлав)
-Уучлаарай сэтгэлийн чинь эмзэг асуудлыг хөндчихлөө.
-Зүгээр ээ, та мэдсэн биш. Би аав, ээж, тэнгэрээс намайг харж байгаа хайртай хүнийхээ өмнө буруу зүйл хийсэндээ маш их харамсаж байна.
-Чи ийм зүйл болно гэдгийг мэдээгүй учир өөрийгөө битгий буруутгаарай. Чамд хайртай, дотнын хүмүүс чинь зөвөөр ойлгоно шүү дээ.
-Тийм байх л даа. Гэхдээ л би ийм зам руу орох ёсгүй байсан юм. Зугтах боломж даанч тэр үед олдоогүй. Анх Эрээн дээрээс л зугтдаг байж гэж одоо боддог.
-Чи хэзээ, яаж эх орондоо ирсэн юм бэ?
-Очоод өдөр хоног тоолоогүй болохоор ёстой л ойд төөрсөн сармагчин шиг болсон. Өдөр нь түгжээтэй өрөөнд, шөнөжин хүний эрхээр байх ямар их зовлон гэдгийг хүмүүс мэдэхгүй байх. Уйлсаар байгаад сүүлдээ нулимс дуусдаг юм шиг байна лээ. Улаан өндөгний баяр нь болж биднийг өрөөнд түгжээд олон хоног явсан. Тэр үед л зугтах боломжтой боллоо гэдгээ мэдээд дөрвөн давхрын гал тогооны өрөөнөөс нь олс, даавуугаар дамжсаар гарсан. Үхвэл ч үхэг, ямар ч байсан гаръя гэж шийдээд буусан юм. Биднийг хорьдог өрөөний цонх төмөр тортой. Хоёр гурван сар болоход уйлахаа больж, хий гэснийг нь хийсэн болохоор надад итгэсэн юм шиг байна лээ. Гал тогооныхоо түлхүүр үлдээсэн.
-Өрөө чинь онгорхой байсан юм бол гарах боломж байгаагүй юм уу?
-Цоожгүй өрөөнд байсан ч гадагшаа гардаг хаалга нь төмөр, давхар хаалгатай учир гарах боломжгүй. Тэр хүмүүсийг ирэхээс өмнө яаж гарах боломж байгааг хайсаар нэг цонх онгойлгоод гарсан юм.
-Та нарыг худалдсан эмэгтэйч үүдтэй дахин уулзсан уу. Эргэж очно гэсэн нь худлаа байж уу. Их хэмжээний цалин амлаад байсан нь юу болсон бэ?
-Нэг удаа бидний байгаа газарт хальт харагдсан. Би нэрээр нь дуудаад ямар байгаагаа хэлж зөндөө орилсон. Гэтэл “Одоо удахгүй ирнэ, аваад явна” гээд л сураггүй болсон. Тэр газрын эзэд гэх хоёр эрэгтэй “Та нарыг авчирсан хүнд цалин мөнгийг чинь өгсөн. Бидэнд ямар ч мөнгө байхгүй” гэдэг байсан. Мөнгө ч яамай, амьд гарч ирсэндээ л баярлах юм. Тэнд нэг охин байдаг юм билээ. Гэхдээ нэрийг нь хэлээд яахав. Англи, хятад хэл сайн мэддэг. Тэр охин олон жилийн өмнө бас бидэн шиг хүнд байдалд орсон гэсэн. Байнгын үйлчл үүлдэг байсан Малайз хүнээс тусламж гуйгаад, тэндээс гарсан юм билээ. Тэр охин одоо баян хүнтэй гэр бүл болсон гэсэн. Түүнийг олж уулзаагүй бол надад туслах хүн байхгүй, эх орондоо эргэж ирэхгүй байсан болов уу гэж бодохоос айх юм.
-Тэнд монгол охидоос гадна өөр орныхон байсан уу?
-Мартахыг хичээж байгаа зүйлийн талаар та ямар их асуудаг юм бэ. Шөнө нь зүүдэнд, өдөр нь нүдэнд харагддаг болсон. Үнэхээр би мартахыг хүсэж байна. Бие сэтгэлээрээ мэдэрсэн зүйлийг мартана гэдэг тийм ч амар биш. Малайз, Макао, Сингапурт энэ мэт хэрэг газар авсан байдаг бололтой. Тэнд байсан Хятад, Малайз охид өөрсдөө их дуртай юм билээ. Мөнгөө авдаг юм байх л гэж би бодсон.
-Дахин дахин асуусан бол уучлаарай. Цаашдаа хань ижилтэй болно, ажил хийж аз жаргалтай амьдрахын төлөө зүтгэх хэрэгтэй. Мэдээж энэ тухай хүн бүхэн мэдэхгүй, хууль хяналтын байгууллага нууцыг сайн хадгалж байгаа шүү дээ?
-Мэдэхгүй ээ... (уйлав)
-Өөртөө итгэж, хүсэл зорилготой байгаарай. Чи залуухан, сайхан бүсгүй шүү дээ?
-Одоо 25 нас хүрлээ. Би ойрын хэдэн жилдээ энэ байдлаас гарахгүй юм шиг байна. Их дарамттай шүү. Өөр хүн намайг хайрлана, би түүнд аз жаргал өгч чадна гэдэгтээ би огт итгэдэггүй. Эрэгтэй хүн харахаар айдас төрөх юм. Манай улсад байгаа хужаа нар тэр хүмүүстэй ямар адилхан гээч. Дуу хоолой, үнэр, ярьж байгаа байдал, явдлыг нь харахаар чаддаг бол эх орноосоо хөөмөөр санагдах юм.
-Сэтгэлзүйчид хандаж шаардлагатай гэвэл эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Уучлаарай бас нэг зүйл асуух болчихлоо. Чиний сэтгэл санааны хохирлыг барагдуулсан уу?
-Сэтгэл санааны хохирлыг барагдуулж болдог юм уу. Тэр хүмүүс 10 жил шоронд суугаад л гараад ирнэ. Би бас бусад охин насаараа ямар ч баяр баясгалангүй болоод үлдлээ. Манай улсад сэтгэл санааны хохирол барагдуулдаг тухай хууль байдаг юм уу. Ер нь тэгээд яаж ч барагдуулах билээ. Надад тохиолдсон зүйлийг өөрчилж, цаг хугацааг урагшлуулж болохгүй шүү дээ. Надаас өөр хэн нэгэнд ийм зүйл битгий тохиолдоосой гэж залбирдаг.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Өөртөө итгэлтэй, хүссэн сургуульдаа орж, зорилгодоо хүрээрэй.
Х.Оюунсүрэн