БНСУ-ын Нажу хотод оршин суудаг Д.Ганцэцэгийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын 15-нд гарсан. Алуурчин Янг нь талийгаачийнхтай ойролцоо амьдардаг монгол эмэгтэйн нөхөр гэнэ. Тэрбээр бүсгүйн цээжинд зургаан удаа хутгалж, амь насыг нь хороожээ. Багшийн мэргэжилтэй гэх түүнийг цагдаагийхан эрэн сурвалжилж байгаа ч өнөөдрийг хүртэл унаж явсан машинаас нь өөр зүйл олоогүй гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Хохирогч бүсгүйн ээж дүүгийнх нь хамт БНСУ-д очсон байна Тэдэнд туслахаар Солонгост суугаа монголчууд хандивын данс (IBK .... 1840 5373 2020 15 ...) нээсэн бол тус улсад суугаа манай Элчин сайдын яамнаас өмгөөлөгч хөлсөлж өгөхөө мэдэгджээ. БНСУ дахь эх сурвалжийн мэдээлснээр энэхүү аймшигт хэрэг гарсан Нажу хотын ойролцоох хотуудад ажиллаж амьдарч буй монголчууд хохирогч бүсгүйг хөдөөлүүлэх өдөр эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөжээ.
Талийгаачийг хаана нутаглуулах талаар түүний ар гэрийнхэн, Нажу дахь Гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийнхөнтэй ярилцаж байгаа аж. Талийгаач Д.Ганцэцэг өнгөр сөн оны арванхоёрдугаар сард тус улсад очсон бөгөөд дөрвөн сартай хүүхэдтэй. Тэрбээр найздаа “Х-г (гэрийнх нь ойролцоо амьдардаг монгол бүсгүй) гэр рүү нь явуулбал нөхрийнхөө гарт үрэгдэж мэднэ.
Тиймээс гэртээ байлгаж байя” хэмээн ярьж байжээ. Түүнчлэн талийгаачийн ар гэрийнхэнд Нажу хотын захиргаанаас эмгэнэл илэрхийлж, туслалцаа үзүүлэхээ амлажээ.БНСУ-д байрладаг монголын МЖЛ радиогийн сурвалжлагч хэргийн газарт ажиллаж, мэдээллийг цаг тухайд нь дэлхий нийтэд цацаж байна.
Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ