Дурлаад, дуулаад л баймаар хаврын улирал ирэхээр аяндаа л дуртай дуучдынхаа дууг тэдний намтартай холбон ургуулж бодоод, суудаг над шиг олон хүн байдаг гэж найдан энэ бичвэрээ эхлүүллээ.
Өсвөр насандаа Геннисийн хэд хэдэн амжилтыг шинэчилж, дэлхийн хэмжээний од болон гялалзах ямар байдгийг, тухайн үед юу мэдэрдэг болохыг Жастин Биберээс өөр олон хүн амьдралдаа мэдрээгүй биз.
Тухайн үед дөнгөж 16 настай байсан Жастины авьяас билиг, дуу хоолойны өнгө, биеэ авч явж буй байдал нь үеийнхээ охидын зүрх сэтгэлийг соронзон мэт татаж байлаа. Бөмбөр, гитар болон бүрээ, төгөлдөр хуурыг хүртэл бие даагаад сурчихсан гээд бодохоор нээрэн л өө сэвгүй төгс мэт санагддаг байсан сан. Харин томрох тусам тэр өөрчлөгдсөөр л.
Түүний найз охин нь хүүхэд шиг эгдүүтэй төрхтэй, долгиолсон хар үстэй, хацар нь түүний тодорхойлдгоор үргэлж үнсээд баймаар булцгар, мөн л багаасаа нэр алдарт хүрсэн Диснейн од, дуучин, жүжигчин Селена Гомез юм. Дөрвөн жилийн турш бие биенээ чимж гайхалтай үерхэж байсан ч нэг л өдөр салж хайрын үлгэр гунигтай төгсөж билээ. "Хайрын үлгэр" өрнүүлэх үедээ хамтарч уран бүтээл хийгээгүй нь сонин юм шүү.
Харин салсныхаа дараа тэд бие биедээ олон захиа бичсэн. Тэр нь дугтуйлж шууданд хийдэг бидний мэдэх уламжлалт захиа биш л дээ. Харин уран бүтээлийн хэлээрээ бие биедээ хэлэхийг хүссэнээ дуу болгон цацдаг нь фэнүүдийг нь алмайруулж дөнгөсөн.
Selena+Justin=Jelena Тэдний хайр дурлалын эхлэл Жастин Биберийн Baby дуу шиг романтик эхэлсэн.
Justin өөрөө Boyfriend дуу шигээ мөрөөдлийн найз залуу байсан.
Харин тэдний дурлал Селена Гомезын We Don’t Talk Anymore дуунд өгүүлдэг шиг уналтад орсон.
Хайр олон үе шаттай байдаг гэлцдэг. Хүнд хэцүү үе шат бүх хайранд тулгардаг. Тэр хүнд үеэ л давж чадаагүй болохоос тэдний хайр Селенагийн Feel me дуугаараа хэлсэн шиг "Саяд нэг л тохиох хайр" байсан юм.
Jelena хэн хэн нь өөр хүнтэй болсон ч Селенагийн The Heart want what the wants дуун дээр гардаг шиг “Зүрх юу хүссэнээ л хүсдэг”. Жастинд зориулсан энэ дууныхаа клипэд Селена уйлдаг. Би буруу бодож байж ч болох юм. Гэхдээ Селенагийн нулимсыг хараад Jelena-гийн хайр бөхөөгүй юм байна гэж хувьдаа бат итгэсэн.
Гэвч Селена шиг сайхан бүсгүйг залуус яаж зүгээр байлгах вэ. Түүний шинэ найз залуу Вийкнд бас л Starboy дуун дээрх шигээ сайхан залуу хэдий ч Jelena-гийн хайртай харьцуулахад шохоорхол л гэсэн үг. Вийкнд Селена хоёр улам дотносож байхад Жастины Sorry дуу цацагдсан. Ингээд бодоход тэдний сүүлд хийсэн уран бүтээлүүд цөм юу мэдэрч байгаагийнх нь тусгал гэмээр.
Гэсэн ч Селена дуугаараа дамжуулсан уучлалыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэсэг явсан. Бие биедээ хайртай ч гэсэн эвлэрч чаддаггүй хүмүүс байх юм гэж бодон, төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэгтэй адил мэдрэмж төрж билээ.
Гэхдээ Селена эцсийн дүнд Жастиныг уучилж, "Тэнэг Иван" шиг царайлах болсон түүнийг хайрласаар аз жаргалтай үерхэж байна.
Амьдралд хэтэрхий эрт хөл тавьсан Жастин Бибер нийгэм, цаг үеэсээ болж хохирсон хүмүүсийн тод жишээ мэт санагддаг юм. Селенагийн хайр түүнийг нэг л өдөр эргээд хуучин дүр төрхөндөө ороход нь нөлөөлөх байх.