Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж өчигдөр болсон Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан үзэж энэ асуудлаар Цэцэд хандах тогтоолын төсөл баталсан байна.
Мөн нийт шүүгчдийн хуралдаанаар Б.Борбанди, С.Баасанжав нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Б.Борбанди нь согтуудаа 2009 оны гуравдугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, 30 айлын орон сууцны шатны хонгилд хэвлэх үйлдвэр ажиллуулдаг байсан О гэдэг эмэгтэйг хүчирхийлж, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийг боомилж, хэвлийг нь зүсэж, дотор эрхтнийг нь гарган хэрцгийгээр хөнөөсөн аж.
Б.Борбанди өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан нэгэн аж. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазаар авах ял оноосон бөгөөд нийт шүүгчдийн хуралдаанаас ч уг ялыг хэвээр баталсан байна. Мөн энэ хуралдаанаар С.Баасанжавт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчиллөө. Дээрх ялын таван жилийг нь гянданд, үлдсэн 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Г.Цолмон