2005 оны тавдугаар сарын 11-нд Увс аймаг дахь хилийн 0245 дугаар ангийн Цахирын заставын орлогч, дэслэгч Ж.Лувсаншарав, харуулын дарга, дэд ахлагч Ч.Одболд нарыг байлдагч Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нар хөнөөн зэвсэглэн оргож, ОХУ-ын хил даван зугтсан юм. Тэднийг шүүх хурал өчигдөр 10.30 цагт Увс аймгийн Сум дундын шүүхэд эхэллээ.
Сум дундын шүүхийн шүүгч Б.Лхамхүү, Л.Алтан, Н.Пагмаролмаа, улсын яллагч Увс аймгийн ерөнхий прокурор Н.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй уг шүүх хурал ангийн байрлал зэрэг нууцад хамаарах зүйл хэлэлцэх учраас хаалттай болж байгаа талаар тус аймаг дахь эх сурвалж мэдээллээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан танхайн сэдэлтээр, бүлэглэн, хоёроос олон хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хөнөөсөн хэрэг үйлдсэн юм.
Тэд дарга нарыгаа унтаж байхад нь хөнөөн Ж.Лувсаншаравын гар бууг 100 ширхэг сумны хамт авч, морьтой зугтсан юм. Гэвч оргосноос хойш дөрөв хоногийн дараа тэднийг ОХУ-ын Хилийн тагнуулын албаныхан саатуулж, тус улсын хуулийн дагуу Н.Алтанхуягт дөрөв, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгаланд гурван жилийн ял оноосон билээ.
Н.Алтанхуягийн хойд хөршид эдлэх ялын хугацаа нь өнгөрсөн тавдугаар сард дууссан тул манай улсын хуулийн байгууллагад шилжүүлснээр тэдэнд холбогдох хэргийг сэргээн шалгасан.
Шүүх хурал өнгөрсөн долоо, наймдугаар сард болох байсан ч хэд хэдэн удаа хойшилсны эцэст өчигдөр хэлэлцэж эхэллээ. Дугаар шилжих мөчид шүүх хурал дуусаагүй байсан бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж түр завсарласан гэнэ.
Г.Арвижих