“Транс” буюу Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ОХУ-ын иргэн А.Е.Новожиловт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Шүүгдэгч А.Е.Новожилов шүүхийн шатнаас оргож, сураггүй болсон гэх тайлбарыг холбогдох хууль хяналтын байгууллагын эх сурвалж өгүүлэв.
Энэ талаар хэрэгт хяналт тавьж байгаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос тодруулахад “Транс банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожиловт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс манай хяналтад уржигдар шилжүүлсэн.
Учрыг шүүхийнхнээс тодруулсны дараа тодорхой мэдээлэл өгье. Би уг хэргийг буцаасан тогтоолтой танилцаагүй байна” гэлээ. Түүнд Эрүүгийн хуулийн 156, 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүү- гийн хэрэг үүсгэн шалгажээ.
А.Е.Новожилов нь хадгаламж э з э м ш и г ч д и й н мөнгийг үрэн таран хийж, улмаар түүнийгээ барилгын засварт ашигласан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн байна. Мөн “ГовьУрал” гэх компанид банкны ТУЗийн зөвшөөрөлгүй их хэмжээний зээл дур мэдэн олгосон, “Транс” банкны 700 мянган долларыг тус банкинд дээгүүр алба хашиж байсан Корнев гэгчтэй хуйвалдан завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үйлдэл нь хэрэгсэхгүй болж, харин барилгын засвар нэрийн дор мөнгө завшсан гэх асуудал нь шүүхээр хэлэлцэгдэх байжээ. Уг хэрэгт холбогдсон Корнев нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үед хил даван сураггүй болсон аж. Гэтэл А.Е.Новожилов ч зугтжээ.
Тэрбээр Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар 2-3 хүний батлан даалтад байсан гэнэ. Гэтэл шүүх хурал болохоос 3-4 хоногийн өмнөөс тус шүүхийн байранд бүртгүүлэхээр ирэхээ больжээ. Тиймээс өчигдөр болох байсан шүүх хурал хойшлов.
Уг хэргийг тус шүүхийн шүүгч Ж.Цогт хянаж байсан юм. Чингэлтэй дүүргийн шүүхээс батлан даалтад өгсөн гадаадын харьяат, шүүгдэгч оргосон тохиолдол ганц энэ ч биш. Мөн л Ж.Цогт шүүгчийн хяналтад байсан АНУ-ын иргэн Ж.Чайлмерс хил давж зугтан өдгөө Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа билээ.
Шүүгдэгч Ж.Чайлмерс шүүх хурал болохоос 3-4 хоногийн өмнө Буянт-Ухаагийн боомтоор нэвтэрсэн нь дүрс бичлэгт үлдсэн. Түүнтэй нэгэн адилаар А.Е.Новожилов оргосон бололтой. Монголын хилээр хэн дуртай нь орж, гарч байгааг Б.Франческо, Ж.Чайлмерс, А.Е.Новожилов гээд Монголд гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдийн оргосон байдлаас дүгнэж болмоор.
А.Е.Новожиловыг оргож болзошгүй гэдгийг холбогдох байгууллагынхан удаа дараа анхааруулж цагдан хорих талаар санал гаргаж байсан боловч шүүх хүлээж авалгүй байсаар ийнхүү “оргуулчихав.
Г.Орчлон