Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Д.Дэндэвсамбыг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, эд зүйл хууль бусаар хилээр нэвтрүүлэхэд хамтран оролцсон гэсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа талаар бид мэдээлж байсан. Түүнтэй хамт эхнэр Б.Анхчимэг нь болон өөр 10 гаруй хүнийг сэжигтэн, яллагдагчаар тооцон мөрдөн байцаалт явуулсан юм. Тэдний дунд БНХАУ-ын 2-3 иргэн ч байгаа аж. Хэрэгт холбогдогчид өнгөрсөн тавдугаар сарын дундуур Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайтын хилийн боомтоор онц их хэмжээний буюу 25 кг алт хууль бусаар гаргахыг завдсан юм. Тэдний хэргийн мөрдөн байцаалт дуусаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр саяхан прокурорт шилжүүлжээ.
Г.РАВЖАА