ОХУ-ын Москва хотын дарга Сергей Собянины урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд өнөөдөр Москва хотын даргатай уулзаж, 2018 - 2020 хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны гол чиглэл зорилго нь хот төлөвлөлт, зам тээвэр, барилга орон сууц, эрүүл мэнд, боловсрол, жижиг болон дунд бизнесийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахад оршиж байна.
Москва хотын мэр Сергей Собянин болон Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболд нар 2018-2020 оны хооронд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулан гарын үсэг зуржээ. Баримтад гарын үсэг зурах ёслолд МУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа байлцжээ.
Шинэ хөтөлбөрт хоёр улсын нийслэл хотуудын ойрын 3 жилийн хугацааны хамтын ажиллагааны гол чиглэл зорилтууд тусгагджээ. Эдгээрийн дотор барилга орон сууц, боловсрол, жижиг болон дунд бизнесийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулахаар тусгагдсан байна. Түүнчлэн талууд хот төлөвлөлтийн салбарт хамтран ажиллаж, арга туршлага солилцон, газар төлөвлөлт, дэд бүтцийн салбарын хөгжлийн асуудлаар хамтарч ажиллана.
Хамтын ажиллагааны бас нэгэн гол зорилт чиглэл нь эрүүл мэндийн салбар байгаа юм. Энэ салбарт түргэн тусламжийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мэдлэгтэй боловсон хүчний хангамжийг сайжруулах, бэлтгэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулах юм. Түүнчлэн Москва, Улаанбаатар хотууд нийтийн тээвэр, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд харилцан тусалж, хамтарч ажиллахаар тогтжээ. Талууд хотын зам тээврийн хөдөлгөөний зохицуулалт, автомашины зогсоолын орон зай, авто замын шилжилт хөдөлгөөн, зам тээврийн нэгдсэн систем, хөдөлгөөний эрчмийг зохицуулах компьютерын загварчлал зэрэг олон ажлаар туршлага солилцон, хамтарч ажиллах юм.
Сергей Собянины тэмдэглэн хэлснээр Москва болон Улаанбаатар хотуудын хамтын ажиллагаа жилээс жилд батжин бэхжиж, хоёр талын худалдааны эргэлт ч мөн өссөөр байна. “Энэ жил ОХУ болон МУ-ын нийслэл хотуудын хооронд найрсаг харилцаа холбоо тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Бид энэ ойг угтаж хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулан гарын үсэг зурсны зэрэгцээ цаашид үр бүтээлтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэж Собянин тэмдэглэн хэлжээ.
Сундуйн Батболд энэ үгний хариуд Сергей Собянинд халуун дотноор хүлээн авсанд нь талархал илэрхийлж, хоёр хотын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ нь Москва болон Улаанбаатар хотуудын цаашдын хөгжлийг тодорхойлсон чухал баримт болсныг тэмдэглэсэн байна.
Москва болон Улаанбаатар хотууд 1957 онд найрсаг харилцаа холбоо тогтоосон юм. Түүнчлэн 1996 оны 2-р сарын 26-нд хоёр улсын нийслэл хотуудын хооронд харилцан ойлголцол, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгдсэн протокол үйлджээ.
Өнгөрсөн онд Москва болон Улаанбаатар хотуудын хоорондын худалдааны эргэлт 70%-иар өсч, 2015 онтой харьцуулахад 58,7 сая ам. доллараар нэмэгджээ. 2017 оны эхний улирлын байдлаар худалдааны эргэлт 2016 онтой харьцуулахад 2,2 дахин өсч, 30,3 сая ам. доллар болжээ.
Москва хот МУ-д электрон машин, тоног төхөөрөмж, угаалгын болон ахуйн хэрэглээний зүйлс, чихэр, буудай болон гурил, мөн хүнсний олон төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг юм. Тэгвэл МУ-аас ОХУ-ын нийслэлд сүлжмэл бүтээгдэхүүн, хивс, түүхий эд нийлүүлдэг байна