Бэлтгэсэн: Б.Номин, Т.Энхбат
УИХ-ын намрын ээлжит чуулган уржигдар нээлтээ хийсэн. Төрийн тэргүүний хувиар чуулганы нээлтэд анх удаа оролцохдоо Ерөнхийлөгч Х.Баттулга “Энэ удаа нийгэм, эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урьд хожид байгаагүйгээр ажил хэрэгч байж, зөв шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргах учиртай. Тиймээс элдэв оршил, тайлбараас зайлсхийн, гол асуудлуудаа шууд ярья” хэмээн үгээ эхэлсэн юм.
Түүний хэлсэн үгнээс бид зарим санал, анхааруулгыг нь эшлэн, онцолж байна. Тэдгээрийн хэрэгжих үндэслэл хэр болох, үнэмлэхүй олонх бүхий парламент, тэдний тодруулсан хоёр дахь Засгийн газартай хамтраад зүтгэвэл бодит үр дүнд хүрч чадах, эсэхэд дүн шинжилгээ хийхийг хичээлээ.
ОУВС-гийн тулгасан болзлуудаас жишээ нь малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэдэг бол Монголын онцлогийг яавч тусгаагүй, тооцоогүй зүйл мөн.
ОУВС-гийнхан банкуудын активыг үнэлэхдээ малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэж шууд тулгаагүй. Тэд манай арилжааны банкуудаас мал барьцаалж зээл олгох бодитой аргачлал шаардаж байгаа юм. Учир нь олон улсад мал барьцаалж зээл олгох туршлага хомс учраас тэд манайхаас хамгийн эрсдэл багатай аргачлал шаардсан. Арилжааны банкууд аргачлалаа хамгаалж чадвал активын үнэлгээнд нь ямар нэгэн сөрөг нөлөө үүсэхгүй.
Цэргийн дүрэмт хувцас, гутал, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцас, сурагчийн дүрэмт хувцас зэрэг дотооддоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа цэрэг, цагдаа зэрэг төсвөөс санхүүждэг байгууллагын дүрэмт хувцсыг дотоодын үйлдвэрээс хангах санаачилга гаргаж, ажил хэрэг болгосон. Одоогоор сурагчдын дүрэмт болон ажилчдын хувцсыг дотоодын үйлдвэрүүдээр хийлгэдэг болох шаардлага бий.
Тухайлбал, манай улс “Батзүү”, “Төмөр трэйд”, “Тэмүжин менч” зэрэг оёдлын олон үйлдвэртэй ч урд хөршид үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцсыг зах зээлд борлуулсаар байгаа. Монгол үйлдвэрүүд хэрэгцээтэй сурагчийн болон ажилчдын хувцсыг чанар сайтай үйлдвэрлэх хүчин чадалтайг салбарынхан нь баталдаг. Урд хөршөөс импортолсон хувцас манай үйлдвэрүүдийнхээс хямд үнэтэй байдаг учир өрсөлдөөнд ялагддаг.
Төрөөс дотоодын үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах бодлогыг импортын татварын хувь хэмжээг нэмэх замаар хэрэгжүүлж болно. Энэ нь дотоодын хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэг арга зам юм.
Ашигт малтмалын хуулиар гадаадынхан, цөөхөн эрх мэдэлтнүүд л газрын баялгийг эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн байгааг засъя.
Гадаадынхан, хөрөнгө чинээтэй компаниудад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх боломжгүй. Монгол Улсын иргэн бүр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь нээлттэй. Гэвч хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг бизнес учраас дуртай болгон нь энэ салбарт гар дүрж чадахгүй. Өнөөгийн нөхцөлд ийм арга хэмжээ авах нь хөрөнгө оруулагчдыг үргээх, уул уурхайн салбарын хөгжлийг сааруулах уршигтай.
Харин улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн ашигт малтмалын ордыг хувийн хэвшилд шилжүүлснийг буруутгасан саналыг нь дэмжүүштэй. Хувийн хэвшлийнхний одоо ашиглаж буй томоохон ордуудын судалгааг социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хийсэн байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн ордыг хувийн хэвшилд найр тавин шилжүүлсэн сүүлчийн жишээ бол Цагаан суварга.
Зэсийн эл ордыг төр МАК компанийн эрх мэдэлд бүрэн шилжүүлээд зогсохгүй эрчим хүчний шугамыг нь төсвийн хөрөнгөөр барьж өглөө. Үүнээс шалтгаалж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гэж зарим шинжээч дүгнэж байна. Баялгийг тэгш хуваарилахын тулд төрийн мэдлийн уурхайнуудын хувьцааг иргэдэд эзэмшүүлэх цаг нь болсон.
Алтны хайгуулын болон ашиглалтын лиценз шинээр олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монголбанкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна.
Алтны хайгуул, ашиглалтад төрийн чанга хяналт тогтоохыг дэмжих хэрэгтэй. Алт олборлогчид гол ус бохирдуулах, ашигласан талбайгаа нөхөн сэргээхгүй орхих тохиолдол бишгүй гардаг. Ийм хууль бус үйлдлийн талаар манай сонин байнга хөнддөг болно. Энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтооно гэхээр Засгийн газар алт ухна гэж ойлгохгүй байна. Хэрэв ингэвэл буруу бодлого болно.
Монгол Улсын газар нутгаас олборлосон бүх алтыг Монголбанкинд тушаах хатуу болзол тулгахыг дэмжих хэрэгтэй. Татвар төлөхөөс зайлсхийсэн компаниуд алтаа нууцаар хил давуулсаар байгаа. Үүнийг олонтаа ярьдаг ч зогсоох хууль эрх зүйн орчин хангалтгүй. Олборлосон бүх алтаа Монголбанкинд тушаалвал манай улсын валютын нөөц нэмэгдэнэ.
20 тонн алт худалдан авахад валютын нөөц 800 орчим сая ам.доллароор өсөх тойм тооцоо бий. Гадаад валютын хомсдолтой манай улсад алтны олборлолтоо нэмэгдүүлэх, түүнийг Монголбанкинд бүрэн тушаалгах нь ам.доллар “үйлдвэрлэж” буй хэрэг юм.
Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй.
Урт хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх, авто зам, сургууль цэцэрлэг гэх мэт нийгмийн шинжтэй, төгрөгийн орлогогүй төсөлд ам.долларын зээл олгох нь валютын зах зээлийн орчинд халтай. Төгрөгийн орлоготой компаниуд ам.долларын зээлээ төлөхөөр зах зээлээс их хэмжээний “ногоон” татдаг. Ингэснээр ханш савлаж, гадаад валютын хомсдол үүсгэдэг юм.
Манай улсын төгрөгийн орлоготой компаниуд ам.долларын зээл авч бизнесээ өргөжүүлээд ханшийн зөрүүнээс их хэмжээний алдагдал хүлээсэн тохиолдол өнгөрсөн жил гарсан. Тэд Иргэний хуулийн 218.1 дэх заалтыг үндэслэн төр алдагдлыг нь төлөх ёстой хэмээн “218.1 үндэсний хөдөлгөөн” гэгчийг байгуулан тэмцсэн. Гэвч санхүүгийн хариуцлагаа өөрсдөө үүрэхээс өөр аргагүйд хүрсэн юм.
Төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэх боломж бий.
Үүний тулд Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасныг хэрэгжүүлж, газрын баялгийг ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргах ёстой гэнэ. Энэ нь шинэ санаачилга биш.
Одоогоос яг гурван сарын өмнө буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-ын удирдлага нэр дэвшигчдээ тэтгэвэр, цалин болон мал барьцаалсан, оюутны сургалтын төлбөрийн зээлтэй монгол хүн бүрийн өрийн үлдэгдлийг нэг удаа тэглэх хүсэлт хүргүүлэхдээ гаргалгааг нь ийм байхаар тайлбарласан.
Тодруулбал, стратегийн ордын үр өгөөжөөс иргэдэд шууд хүртээх, уул уурхайн томоохон компаниудын төрийн мэдлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа хэлбэрээр нийт ард түмэнд эзэмшүүлж, ногдол ашиг хуваарилах санаачилга гаргаж байсан юм. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Баялгийн хуваарилалтын тухай хууль санаачлахаа мэдэгдээд буй.
Өмнөх Засгийн газрын гишүүн эзэмшлийнхээ тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлж, 60 тэрбум төгрөг бултуулахаар хууль батлуулсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдорж цадиггүй аашилсныг “илчлэв” (“Монгол тамхи Со”-гийн Дашдорж гэгддэг түүний их хэмжээний татвараас зайлсхийсэн үйлдлийн талаар 2017 оны есдүгээр сарын 18-нд eagle.mn цахим хуудсанд тавигдсан “Дараагийн 60 тэрбумыг Ц.Дашдорж гаргах уу” нийтлэлд тодорхой өгүүлжээ).
Улмаар шинэ Засгийн газарт ашиг сонирхлын зөрчилгүй, тэр дундаа уул уурхайн бизнесгүй хүнийг сайдаар томилохыг шаардлаа. Үүгээр тэрбээр Монгол дахь авлигын хамгийн том сүлжээ уул уурхайгаар дамжин, тэжээгдэж буй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хуулийн салбарт шударга ёс алдагдан, улстөржилт хэрээс хэтэрснийг болиулах, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч, хатуу тэмцэх болно.
Магадгүй сонгуулийн кампанит ажлын үеэр хамгийн их ярьсан, хөндсөн сэдэв нь энэ байх. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ч ярихыг үгүйсгэхгүй. Юутай ч хууль, хяналтын байгууллагад шударга ёс алдагдсан талаар Төрийн тэргүүний тамгыг атгасан цагаас “60 тэрбум”-ын гэх хэргээр жишээ болгон ярьж байгаа түүний овоо, хараанаас АТГ, түүний одоогийн удирдлага мултрах болов уу.
Авлигатай тэмцэх гэж л эл байгууллагыг бий болгож арван жилийг ардаа орхиод буйг ч дахин дурдана лээ. Тус байгууллагын үйл ажиллагаанд тун сэтгэл дундуур явдгаа удаа дараа илэрхийлж буй тэрбээр удирдлагынх нь тухайд “Дур мэдэж халж, солих эрхгүй. УИХ-д санал болгон томилуулдаг” хэмээж байсан нь “халахгүй, солихгүй, хариуцлага тооцохгүй” гэсэн үг бас биш юм.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар дурдсан нь ч хуулийн салбарт шударга ёс алдагдан, улстөржилт хэрээс хэтэрсэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн хэрэг байв. Эл хэргийг илрүүлж, хэд хэдэн хүнийг торны цаана суулгаад буй хуулийнхныг Төрийн тэргүүн шагнахгүй нь бололтой.