Бэлтгэсэн: Г.Баярцэцэг, Ч.Болортуяа, З.Амгалан
Дархан-Уул аймгийн төвийн орон сууцнууд өнөөдрийг хүртэл дулаанаа аваагүй, халуун усгүй байна. Улаанбаатар хотын зарим орон сууц, тухайлбал, “Тарвалин” хотхоны оршин суугчдаас авахуулаад олон хүн гэртээ бээрч сууна. Шалтгаан нь ус, дулааны шугамыг хариуцан засах ёстой байгууллагынхан өвөл цагтаа эхэлнэ хэмээн итгэж, алгуурласнаас болсон гэх.
Энэ жил намар болохгүй, халуун зунаас тэсгим хүйтэнтэй золгож магадгүй гэх мэдээлэл мэргэжлийн байгууллагаас өгсөн даруйд Засгийн газрын тэргүүн холбогдох албаныханд өвөлд бэлтгэж эхлэх үүрэг, иргэдийг зутраавал хариуцлага тооцно гэсэн анхааруулгын хамт өгсөн билээ. Өнгөрсөн хэд хоногт түүний зөв байсныг баталж буй аятай, тэнгэр хуйсганаж, өглөө, орой гэлтгүй, өдрийн турш жиндүүлэх болов. Зарим нутгаар цас орж, зам даваа ч боогдлоо. Ирэх оны дөрөвдүгээр сарыг дуустал хүйтний эрч сулрахгүй, аймаг, орон нутаг, ажил хариуцсан дарга нарын ажлыг нухацтай шалгах төлөвтэй.
Өнгөрсөн наймдугаар сард яам, агентлагийнхан өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хийж буй ажлаа Засгийн газрын хуралдаанд тайлагнасан. Тухайн үед барилга, хот байгуулалтын салбарын бэлтгэл улсын хэмжээнд 65.8, Улаанбаатар хотод 87.2, аймгийн төв, суурин газруудад 44.3 хувьтай байна хэмээн мэдээлж байв. Тодруулбал, найман аймгийн гүний худаг, ус өргөх станцын шахуурга, тоног төхөөрөмж, зургаан аймгийн халаалтын зуух, дулааны станцыг засаж, тоног төхөөрөмжүүдийг нь шинэчилжээ. Мөн арван аймгийн ус, дулаан дамжуулах төвд их засвар хийсэн хэмээн БХБЯ-ныхан хэлсэн юм. Мөн Говьсүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангалтгүй, 16-21 хувьтай байсныг дуулгасан билээ.
Засгийн газраас өвөлд яаравчлан бэлтгэх үүрэг өгснөөс хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрсөн ч биелэлт тааруу хэвээрээ байна. Цастай уралдан бэлтгэлээ базааж буй Говьсүмбэр, Дархан-Уул аймгийнхан хөрөнгө, мөнгөгүйн улмаас хугацаа алдлаа гээд зам, талбайнхаа гулгааг арилгах давс, бодисоо хангалттай нөөцөлсөн хэмээн ярив. Мөн ирэх долоо хоногт багтаад өргөтгөл, шинэчлэлтийн ажлаа дуусгана, гүйцэтгэл 60 хувьтай гэсэн. Улаанбаатар хотын удирдлага өвөлд бэлэн гэж буй ч дулаан, цахилгааны зарим шугамын засвар хараахан дуусаагүй байсаар. Үүний буруутан нь бороо гэсэн.
Боловсролын салбарынхан хичээлийн шинэ жил эхэлсний дараа “Засвар хийх мөнгө өгөөч” гэсэн утгатай албан бичиг хүргүүлж байх жишээтэй. Сургууль, цэцэрлэгийн дулааны шугам хагарч “түргэн авахуулж” эхэлсэн нь ийм бичиг илгээхэд хүргэжээ. Жилийн гурван улиралд чөлөөгүй ажилладаг багш нар зун амраад, хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн засвараа хийдэг гэх тайлбарыг хэд хэдэн хүн хэлэв. Өөрөөр хэлбэл, өвөлд бэлтгэхэд зуны сар цөөдөөд байгаа гэж хэлж болох нь.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Өвлийн улиралд гарсан гэмтлийг 24 цагт багтааж засна
Дулаан явбал мянган лан гэдэг. Гэртээ, ажлын байрандаа, хүүхдүүд минь цэцэрлэг, сургуульдаа дулаахан өвөлжих бэлтгэл сайн хангагдсан гэсэн мэдээгээр Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дэд дарга бөгөөд ерөнхий менежер С.Батмөнх биднийг угтав. Энэ өдөр бага зэргийн цас хаялсан нь хүйтэн өвөл хаяанд ирснийг сануулах мэт. Намар эрт хүйт орсон нь урьд жилүүдийнхээс илүү хүйтэн өвөл болно гэж цаг уурчдын хэлснийг батлах шиг санагдана.
Харин хахирган өвөлд халаалт, ус, цахилгаан доголдохгүй, нийслэлчүүдийг зутраахгүй байх хариуцлага тус газрын хамт олонд ногддог. Уг удирдах газар орон сууцны 1600 орчим барилга, 94000 гаруй айл өрх, 8000 орчим аж ахуйн нэгжийг хариуцан ажиллаж буй юм. 2000 онд 55000 айл өрх тэдний харьяанд байсан бол 10 гаруй жилийн дараа даруй хоёр дахин нэмэгджээ. Энэ хэрээр тоног төхөөрөмжөө сайжруулж, машин механизмын баазаа ч өргөтгөсөн гэнэ.
Айл өрхийн халаалт жигдрээд 10 гаруй хонож буйг тэд дуулгав. Ирэх сарын 1-нээс албан байгууллагын халаалт өгөхөөр бага зэрэг тохируулах шаардлага гарч магадгүй гэнэ. Гэхдээ орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр баазаа шинэчилсэн учраас хүндрэл үүсгэхгүйгээр шийдэх боломжтойг тус газрын ерөнхий менежер С.Батмөнх хэллээ. Тэрбээр “Эх үүсвэр, дамжуулах сүлжээний тоног төхөөрөмж болон манай газарт доголдол үүсвэл шуурхай арга хэмжээ авах боломжтой болсон. Сүүлийн дөрвөн жилд тоног төхөөөрөмжөө шинэчлэхэд анхаарч ажиллалаа.
2007-2012 онд БНСУ-ын буцалтгүй тусламжийн 10 сая ам.доллароор орон сууцны системд засвар хийсэн. Үүнээс өмнө нийслэлчүүд гэртээ өвлийн хувцастайгаа өвөлжих нь энүүхэнд байлаа. Одоо бол ус, дулаан хангамжийн тохируулга сайжирсан учраас тийм асуудал гарахгүй. Өвлийн улиралд гарсан гэмтлийг 24 цагт багтааж засах ёстой” гэлээ. Мөн тус газраас хэзээ ч дулаан өгөх, хаах боломжтой болсон учраас зуны цагт ч халаалт авах нөхцөл бүрдсэнийг дуулгасан юм. Хуучны байрууд дулааны алдагдал ихтэй учраас оршин суугчид нь гадна талаас нь дулаалах, давхар хаалга хийх зэргээр ая тухаа хангаж байгааг ч сайшаав.
Иргэдээс ирсэн гомдлын 50 хувь нь усан хангамжтай холбоотой байдаг гэнэ. Тиймээс ирэх зунаас халуун усыг 14 биш, долоо хоног хязгаарлаж байхаар ажиллаж байгаа бөгөөд тийм боломж бийг ч хэлэв.
Чингэлтэй дүүргийн I-IV хорооны орон сууцны 96 байр, 55 байгууллага, үүн дотор нэг сургууль, таван цэцэрлэг хариуцан ажилладаг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-7”-гийн инженер С.Октябрь “Энэ жил орон сууцны хоёр байрны гадна шугам сүлжээг сольсон. 40, 50 мянгатын хуучин байрууд халуун усны эргэлтийн шугамгүй учраас хэрэглээний ус нь сайн халдаггүй, дундаж хэмд байдаг. Айл бүрт эргэлтийн шугам тавихгүй бол болохгүй” гэж ярилаа.
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Албан байгууллагууд аравдугаар сарын 1-нээс өмнө дулаанаа авах боломжтой
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөртэй ярилцлаа.
-Энэ өвөл цас их орж, ширүүн байх төлөвтэй. Улаанбаатар өвөлжилтийн бэлтгэлээ гүйцэд базаасан уу?
-Улаанбаатар хотын 2017-2018 өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэ зун 1248 ажил хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 98 хувьтай байна. Цахилгаан, дулаан дамжуулах гээд бүх байгууллагын засвар дуусаж, халтиргаанд цацах давс, бодисоо нөөцөлсөн. Гэхдээ зарим байгууллагын хариуцлагагүй байдлаас болсон алдаа бий.
Тухайлбал, нийслэлийн Боловсролын газар, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд засаж, сайжруулах зүйлсийг нь асууж, долдугаар сард манайхаас албан бичиг хүргүүлсэн юм. Тухайн үед Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль л халаалтын тогоогоо солиулах санал ирүүлсэн. Гэтэл манайхаас гарсан ажлын хэсэг шалгаад 20 гаруй сургууль, цэцэрлэгт засвар хийх шаардлагатай гэж дүгнэсэн.
Бид яаралтай арга хэмжээ авч, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө болон Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг бууруулах сангийн төсвөөс нэг тэрбум 94 сая төгрөг гаргаж, засвар хийлээ. Гэтэл засаад дууссаны дараа, энэ сарын 6-наас эхлээд манайд албан бичиг хүргүүлж байх жишээтэй. Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн ус, дулааны шугам хагарчихлаа. Одоо тэнд ажлын хэсэг ажиллаж байна. Эндээс дүүргүүдийн ЗДТГ, БСШУСЯ-ны хариуцлагагүй байдлыг харж болно.
-Дүүргүүдийн бэлтгэл тааруу байгаа гэх мэдээлэл байна. Үнэн үү?
-Орон сууцны хороолол, гудамжны халтиргаа гулгааг дүүргүүд арилгах үүрэгтэй. Гэтэл дүүргүүд давс, бодисоо хангалттай нөөцлөөгүй. Орон нутгийн төсөвтөө тодотгол хийж байж бэлтгэлээ базаана гэсэн тайлбар хэлээд сууж байх юм. Дүүргүүдийн давс, бодисын нөөц 40 гаруй л хувьтай байна. Харин Хот тохижилтын газар давс, бодис, техникээ хэдийнэ бэлдсэн, одоо зам, талбайн үйлчлэгч нартаа нэмэлт төхөөрөмж авч өгөхөөр ажиллаж байгаа.
-Халуун ус, дулаангүй барилга цөөнгүй байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ онд дулаантай холбоотой олон ажил хийсэн. Үр дүнд нь албан байгууллагууд аравдугаар сарын 1-нд бус, хүсэлт гаргаад дуртай үедээ дулаанаа авах боломжтой боллоо. Өнгөрсөн долоо хоногт дулаанаа аваагүй 40 гаруй барилга байсныг холбож дуусгасан. Одоогоор бидэнд ямар нэг гомдол ирээгүй. Орон сууцны конторын үйл ажиллагааны доголдлоос болж саатал гарсан байхыг үгүйсгэхгүй. Орон сууцны 9000 гаруй барилгын 40 гаруй хувийнх нь үйл ажиллагааг хувийн конторууд хариуцдаг юм. Тэдний үйл ажиллагааг нэгтгэж эхэлсэн.
БАЙР СУУРЬ
Засвараа дуусгахын тулд 24 цагаар ажиллаж байна
Ч.БАТЖАРГАЛ (Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн):
-Манай аймгийн өвөлжилтийн бэлтгэл 88.9 хувьтай байгаа ч ганц л зүйл бэрхшээлтэй байна. Аймгийн төвийн дулааны гол шугамыг өнөө жил засаж буй. Олон жил ашигласан учир энд, тэндээ цоорч, нимгэрсэн тул өвлийг давахад бэрх болсон. Үүнийг солиход шаардлагатай 3.7 тэрбум төгрөг төсөвт байхгүй. Тиймээс салбарын яамнаас концессоор хийлгэхээр болсон юм. Тендер зарлах хугацаа хойшилж, наймдугаар сарын 23-нд “Одкон холдинг”-той ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Гэсэн ч гүйцэтгэгч компани төмөр хоолойгоо хугацаандаа нийлүүлж чадаагүй. Төмөр хоолой нь ирсэн даруйд ажлаа эхлүүлэхээр бид ажилчдаа бэлдчихсэн. Засвараа дуусгахын тулд 24 цагаар ажиллаж, аравдугаар сарын 1-нд дулаанаа өгнө гэсэн төлөвлөгөөтэй. Бусад ажил дууссан, халтиргаанд цацах давс, бодисоо шаардлагатай хэмжээгээр нь нөөцөлсөн.
Хоёр зуух, мөн тооны турбин засаж байгаа
С.АНХБАЯР (“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал):
-Байгууллагын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл 70 орчим хувийн гүйцэтгэлтэй, хоёр зуух, мөн тооны турбины их засвар үргэлжилж байна. Нөөцөд 140 мянган тонн нүүрс бий. Үүгээр 16 хоног галлаж хүрнэ. Зун ажилчдаа амраасан учир өвөл ажиллах хүч дутагдахгүй. Сумд өвлийн бэлтгэлээ 100 хувь хангасан
Д.ГАЛСАНДОНДОГ (Ховд аймгийн Засаг дарга):
-Өвөлжилтийн бэлтгэл ид өрнөж байна. Бид 60 мянган тн өвс тэжээл бэлтгэх ёстой. Улсын нөөцөөс үүний 50 хувийг нь өгсөн. 250 сая төгрөг төсөвлөснөөс 50-иад саяыг нь олгоод буй. Өнгөрсөн зун ихэнх нутагт ган гачиг нүүрлэсэн тул өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд онцгой анхаарч, сумын удирдлага, малчдад үүрэг чиглэл өгч байгаа.
Айл өрх, албан байгууллагыг цахилгаан, дулаанаар хангах үүргээ саадгүй биелүүлнэ. Ирэх сарын 1-нээс дулаанаа өгөх төлөвлөгөөтэй. Сумдын уурын зуухны хэвийн, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан. 100 хувь гэж хэлж болно. Цас их орсон үед тээврийн хэрэгсэл зорчих аргагүй болдог, хаагддаг олон зам, даваа, гүвээ бий. Ховд АЗЗА компани үүнд санаа тавьж, ийм үед ажиллуулах техник хэрэгслээ базаасан.
ДЭЛХИЙН ЦАГ УУР
Азийн халуун бүсийнхэн ч цасанд даруулна
Энэ өвөл тэсгим хүйтэн болно гэсэн таамгийг Европын эрдэмтэд гаргаад, тус тивийн бараг бүх улсад хамаатайг тэд анхааруулжээ. “Энэ нь манай гариг уур амьсгалын шинэ үе рүү шилжиж байгаатай холбоотой” хэмээн цаг уурын мэргэжилтнүүд тайлбарласан байна. Ойрын өдрүүдэд Ирландад агаарын температур тэгээс доошлох бөгөөд энэ нь есдүгээр сард тус улсад болдоггүй үзэгдэл аж. Үүний сацуу ирэх өвөл нарны идэвхжил буурах бололтой.
Мэргэжилтнүүд хамгийн сүүлд буюу 1950-иад онд ийм үзэгдлийг бүртгэжээ. Ази тив, тэр дундаа халуун бүс нь ч цасанд дарагдах гэнэ. Их Британийн алдартай уур амьсгал судлаач, цаг агаарын “Exacta Weather” цахим хуудасны ажилтан Жеймс Мэддений хэлснээр намрын сүүл сард хүйтэн салхи дэгдэж, агаарын температур эрс буурна. Үүнтэй холбогдуулан дулаан хувцсаа эртнээс бэлдэж, удаан үргэлжлэх өвөлд бэлтгэн гэр орноо дулаалахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Зөвхөн өвөл төдийгүй хавар хахир хүйтэн, цас ихтэй байхыг эрдэмтэд анхааруулсан байна. Тэрчлэн Их Британийн “The Mirror” сонинд мэдээлснээр дэлхий бага мөстлөгийн үе рүү шилжихийн ирмэгт байгаа гэнэ. Тус сонин шинжээчдээс лавласнаас үзвэл манай гариг бага Маундер гэдэг үеийг чиглэж байна.
Энэ нь 1645-1715 онд ажиглагдсан, нарны толбоны хэмжээ удаан хугацаагаар багасдаг үе аж. Мөн нарны идэвхжил буурах, XIV-XIX зууны турш ажиглагдсан уур амьсгалын хамгийн хүйтэн үетэй давхцаж буй гэнэ.