Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй хүмүүст АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Нуух зүйлгүй хэргийг улсын нууцад хамааруулж, хав дарснаас хойш ямар ажиллагаа хийж байгаа нь тодорхойгүй нэлээд хугацаа өнгөрч буй юм. Гэтэл идсэн уусан хэрэгт холбогдчихоод буй Т.Бадрал дарга энгэр дүүрэн одонтой, мөр дүүрэн алтан саатай болчихов.
Прокурор, АТГ-ынхан ажлаа хурдан хийж, гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхгүй өдий хүрлээ гэхэд хилсдэхгүй. Үүн дээр нь нэрмээс болж, хэргийн нэг холбогдогч ОБЕГ-ын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам өнгөрсөн зун тэнгэрт хальснаар энэ хэрэг шийдвэрлэгдэх боломжгүйд хүрч буй сурагтай. Өмнөхөөсөө сургамж авдаггүй Онцгой байдлын албаны дарга нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан онцгүй үйлдлүүд үргэлжилсээр байна.
Шадар сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбоотойгоор ОБЕГ-т ямар ч өөрчлөлт, томилгоо хийхийг түдгэлзүүлэхийг ЗГХЭГ-аас анхааруулсаар байтал тус газрын дэд даргаар Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан хурандаа Б.Ууганбаярыг томилоод буй.
Хурандаа Б.Ууганбаяр улсын нууцад хамаарах шифрийг задалсан хэрэгт холбогдож, ТЕГ-аас анхааруулах бичиг ирүүлчихээд, түүнд хариуцлага тооцохыг мэдэгдсэн атал харин ч эсрэгээрээ албан тушаал дэвшсэн нь тус байгууллагын жирийн алба хаагчдын эгдүүцлийг төрүүлээд авсан. Улсын маш нууцад хамаарах шифр, код, холбооны мэдээллийг задруулсан асуудалд холбогдсон түүнийг эрүүгийн хариуцлагад татах, эсэх нь тодорхойгүй.
ТОНОГЛОЛГҮЙ ТРАКТОРААР АВРАГЧИД ЮУ ХИЙХ ВЭ
Өнгөрсөн хавар бороо хур бага орсноос улс орны нутаг дэвсгэрийн багахан хувийг эзэлдэг ойн бүс нутагт наадмын үеэр ихээхэн түймэр гарч, гамшгийн хэмжээнд хүрснийг хэн хүнгүй санаж буй биз ээ. Энэ үед гал сөнөөгч-аврагчдад туслах аян өрнөж, Төрийн тэргүүнээсээ эхлээд, Ерөнхий сайд, эгэл жирийн залуус хүртэл түймрийн голомтод очиж ажилласан билээ. Түймэр ид асаж байх үед буюу энэ оны долдугаар сарын 16-нд Засгийн газар хуралдаж, “Агаарын хэт халалт, хуурайшилттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 205 дугаар тогтоол гаргасан юм.
Энэ тогтоолд “Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эзэмшилд байгаа 4.949.069.195 (дөрвөн тэрбум есөн зуун дөчин есөн сая жаран есөн мянга нэг зуун ерэн тав) төгрөгийн үнэ бүхий 26 ширхэг трактор, Батлан хамгаалах яамны эзэмшилд байгаа 154.200.000 (нэг зуун тавин дөрвөн сая хоёр зуун мянган) төгрөгийн үнэ бүхий 38 ширхэг автомашиныг Онцгой байдлын ерөнхий газарт балансаас балансад шилжүүлсүгэй” гэсэн байгаа. Тэдгээр тракторын мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байдаг.
Засгийн газрын энэ хурлын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нь оролцоогүй, дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нь “Дарга гадаадад ажлаар явсан” хэмээж байсан. Түүгээр ч зогсохгүй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Та нар энэ трактораа ашигладаг юм уу, газар дээр нь очоод ирэхэд түймэр унтраахад хэрэглэж байгаа зүйл огт алга” хэмээж байв. Харин Г.Ариунбуян нь “Ашиглаж байгаа” гэсэн тайлбар хээв нэг өгөөд зогсож байсан билээ.
1-2 хоногийн дараа болсон Засгийн газрын ээлжит бус хурлын үеэр хошууч генерал Т.Бадрал бас л оролцоогүй, тухайн үеийн Ерөнхий сайд “Агентлагийн дарга нарыг амралтаа хойшлуул” гэсэн чиглэл өгөөд байсан юм. Харин Т.Бадрал генерал эх орон шатаж байсан энэ үед экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Булган аймагт амраад явж байсныг олон хүн хэлэх юм билээ. Түүгээр ч зогсохгүй алба хаагчдаараа “Шадар сайдад хэлж ээлжийн амралтаа авсан. Гадаадад эмчилгээнд явсан” гэх мэт зүйл Засгийн газарт хэлүүлж байсан гэдэг.
Бидний авсан мэдээллээр ТЭДС-гаас дээрх 26 ширхэг тракторыг нэлээд эрт авсан байжээ. FT-1654 загварын давхар дугуйтай 15, FT-1254 загварын дан дугуйт 11 гээд нийт 26 трактор шилжүүлж авсан аж. Үүнийгээ Онцгой байдлын албаны анги салбаруудад тараасан юм билээ. Орон нутгийн анги байгууллагынхан болон ОБЕГ-ын Хангалт, үйлчилгээний ангийн эх сурвалжууд “Ямар ч дагалдах тоноглолгүй хоосон толгой л хүлээн авсан. Тийм трактораар яаж түймэр унтраах вэ дээ. Ядаж л нэг анжистай бол зүүгээд галын аюулаас хамгаалах зурвас татаж болох юм.
Эсвэл чиргүүл өгсөн бол чирээд уулын тагт түймэр унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдадаа усыг нь ч болтугай дөхүүлж өгч болох сон. Даанч тийм чиргүүл ч ирээгүй” хэмээн халаглан өгүүлсэн. Тус албаны эгэл жирийн ажилтнууд гар мухар шахам гал түймэр, гамшиг осолтой тэмцэж байхад дарга нар нь хэрэгцээгүй шахам тоног төхөөрөмж, техник хэрэгсэл аваад сууж байдаг. Магадгүй ямар нэг ашиг сонирхлын зөрчил, халаасыг нь зузаалах хөрөнгө дагадаг учраас хэрэгцээгүй төхөөрөмж авсан байхыг үгүйсгэхгүй.
АТГ-т шалгаж буй ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт холбогдох эрүүгийн хэргийн нэг үйлдэл нь мөн л дутуу хагас техникийг өндөр үнээр авсан явдал байдаг. ОХУ-аас аврах ажиллагаанд зориулан тоноглосон “Газель” машин авахаар тендер зарлаад, ямар ч тоноглолгүй хоосон машинууд авч, сүүлд нь аврагчид өөрсдөө зарим машинд нь тоноглол тавьсан талаар манай сонин өмнө нь нэг бус удаа нийтэлж байсан билээ.
Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 16-нд болсон хуралдааны үеэр нэг сайд “Өндөр үнээр хоосон машин худалдаж авсан явдал байдаг. Үүнийг даруйхан шалгаж шийдвэрлэх хэрэгтэй байна. Үе үеийн Засгийн газар Онцгой байдлын албандаа хөрөнгө харамлаж байгаагүй” хэмээн нэлээд нухацтай ярьж байсныг тус хуралдаанд оролцсон хэд хэдэн эх сурвалж онцолсон юм.
ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС АВСАН ТЕХНИКЭЭ Ч АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Онцгой байдлын албанд өнгөрсөн зуны түймрийн үеэр Батлан хамгаалахын сайдын А/211 тоот тушаал, ЗХЖШ-ын даргын А/69 тоот тушаалаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ашиглаж байсан туулах чадвар сайтай “ЗИЛ-131” загварын 10 автомашиныг Онцгой байдлын албанд өгсөн. Үүнээс өмнө ч БХЯ, ЗХЖШ-аас нэг бус удаа автотехник өгч байсан түүхтэй.
Тухайлбал, “Газ-66” маркийн 30 гаруй автомашин, зургаан ширхэг БТР буюу хуягт тээвэрлэгч шилжүүлсэн байдаг юм. Тэр БМП, БТР-үүдийг өнөөдөр онцгой байдлын албаныхан аврах, гал унтраах ажилдаа огт ашиглаж чадахгүй байна. Нэг бус БТР-ийн цамхгийг аваад, хүн суудаг хэсэгт нь усны сав суулгасан, гал унтраах зориулалтаар урд талд нь өнхрүүш шиг эсгий бэхэлж, норгоод түүгээрээ түймэр дээгүүр явж унтраах зориулалттай хүрд суулгасан гэнэ. Тийм нэг туршилтын техник гурван аймагт өгсөн бөгөөд Сүхбаатар аймгийнхан “Хүний хүчин зүйлээс давсан нөхцөл байдалд ашиглахад бэлэн болгоод байгаа. Тэр БМП-г шилжүүлж өгснөөс хойш түүнийг ашиглах хэмжээний том түймэр гараагүй” гэсэн юм.
Зарим аймаг орон нутгийн Онцгой байдлын газрын тавиулангийнх (гарааш) нь мухарт зэвэнд идэгдээд хэвтэж буй тохиолдол ч бий юм билээ. Өдгөө ОБЕГ-ын харьяа Хангалт, үйлчилгээний ангийн тавиуланд цамхгийг нь тасдаад авчихсан БТР бас хэнд ч хэрэггүй хог болоод хэвтэж байна. Энэ мэтээр Онцгой байдлын алба хэрэгцээгүй шахам тоног төхөөрөмжийн агуулах болох учиргүй сэн.
ДАРГА НАРАА ЭСЭРГҮҮЦСЭН АВРАГЧИД ТЭСЭРЧ БОЛЗОШГҮЙ
Багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэл хийж буй. Харин аврагчид төрдөө тангараг өргөсөн болохоор дуугүй л яваа. Гэхдээ тэд нэг л өдөр тэсэрч болзошгүй байна. Өнгөрсөн хавар ОБЕГ-ын харьяа Хангалт, үйлчилгээний ангийнхан дарга, хурандаа С.Бямбасүрэнгээ эсэргүүцэн ОБЕГ-ын дарга болон Шадар сайдад шаардлага хүргүүлсэн. Тус ангийн алба хаагчдын гаргасан 3-4 хуудас бүхий шаардлагын дагуу ОБЕГ-аас С.Бямбасүрэнг шалгахаар очсон ажлын хэсгийнхэн өнөөг болтол дүнгээ тус газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж чадаагүй байгаа юм билээ. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн хавар шалгалтаар очсон ажлын хэсгийн даргатай хурандаа С.Бямбасүрэн алба хаагчдынхаа жагсаалын өмнө хэрэлдэж, барилцаж авахдаа тулсан гэдгийг олон эх сурвалж хэлж байна.
Тэрбээр Хангалт, үйлчилгээний ангийн энгийн алба хаагчдаа өөрийнхөө хувийн “Леон” зочид буудалд ажиллуулдаг, ангидаа зориулахаар худалдаж авсан нүүрсийг III-IV хорооллын эцэс дэх дээрх буудлынхаа халаалтад зарцуулдаг гэх зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан байж болзошгүй олон баримтыг тус ангийн алба хаагчид ОБЕГ-ын дарга болон Шадар сайдад хаяглан хүргүүлсэн шаардлагадаа дурдсан юм билээ.
Харамсалтай нь, хурандаа С.Бямбасүрэн “Би Шадар сайд У.Хүрэлсүхийн садангийнх нь хүний эмчилгээний зардлыг даасан, хамтлагийнх нь хөгжмийг авч өгсөн. Би Шадар сайдтай учраа олж, тохиролцсон. Намайг эндээс зайлуулна гэвэл та нарын сачий хүрэхгүй шүү” хэмээн алба хаагчдадаа өнгөрсөн зун омогдсон мэдээлэл ч байна. Хангалт, үйлчилгээний ангийн алба хаагчид ийнхүү дээрээс дэмжлэгтэй, эрх мэдлээ хэтрүүлдэг даргынхаа эсрэг хийсэн тэмцэл нь мухардалд орчихоод буй аж.
Хурандаа С.Бямбасүрэнгийн хувьд ангийнхаа алба хаагчдыг барилга дээр ажиллуулсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Тэр үед нь хийн торх дэлбэрч, нэг жолооч залуу гэмтсэн бөгөөд “Энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө. Энэ явдлыг нууцал” хэмээн чимээгүй өнгөрөөж байсан юм. Гэвч нөгөөх жолооч залуу хөлдөө шархтай учраас Цэргийн төв эмнэлгийнхэн яалаа гэж тэнцүүлэх вэ дээ. Тэгээд л хохироод үлдсэн байгаа юм.
Тус ангийнхан ийнхүү эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлдэг даргатайгаа гар нийлж ажиллаж чадахгүй хэмээн тэмцэж байхад Налайх дахь Уул уурхайн аврах албаныхан ч бас дарга, хурандаа Буянжаргалтайгаа гар нийлж ажиллаж чадахгүйгээ илэрхийлж, өргөх бичиг ОБЕГ-ын дарга, Шадар сайдын нэр дээр явуулахаар болоод байв. Харамсалтай нь, Шадар сайд У.Хүрэлсүх ажлаасаа чөлөөлөгдөх болсноор мухардалд орчихоод байгаа гэнэ.
Энэ хоёр ангийн алба хаагчдаас гадна “Онцгой хотхон”-д захиалга өгсөн алба хаагчид нь ч дарга нартайгаа заалдах шахсан. Барилгын гүйцэтгэгч компанитай ам метр талбайг 800.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулчихаад алба хаагчдадаа 1.100.000-гаар нийлүүлэхээр болсон, алба хаагчдынх нь сарын цалингаасаа цувуулан төлж байгаа мөнгийг нь тендергүйгээр шалгарсан анхны гүйцэтгэгч компанийн захирал шамшигдуулсан байж болзошгүй зэрэг асуудал захиалга өгсөн 300 алба хаагч, тэдний ар гэрийнхнийг дарга нартайгаа заалдахад хүргэсэн юм. ОБЕГ-ын удирдлага буулт хийснээр өдгөө барилгын ажил урагшилж байгаа гэсэн.