Төрийн байгууллагууд мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ч нүсэр бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж, зөвхөн өөрсдийн бэлтгэсэн, таалалд нийцүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, контентыг нийгмийн сүлжээ, мэдээллийн бүх сувгаар зохион байгуулалттай түгээдэг явдал хэрээс хэтэрсэн. Уг нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасан байдаг ч үүнийг УИХ, Засгийн газраас эхлээд яам, агентлаг гээд төрийн бүх шатны байгууллага зөрчдөг. Тэд хэвлэлийн алба, олон нийттэй харилцах, сургалт, сурталчилгааны хэлтэс нэрийн дор хэвлэл мэдээллийн байгууллагыг дэргэдээ “бойжуулж”, тэтгэж, сонин, сайт, телевиз хариуцсан сэтгүүлч, бүр мэргэжлийн студитэйгээр үйл ажиллагаа явуулдаг болсон. Хамтарсан засаг байгуулж, 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрээр шинэ албан тушаалд сайд, дарга нар томилж, хороо, зөвлөл нэртэй элдэв бүтэц нэмж байгуулсан сүүлийн жилүүдэд төрийн хэвлэл бүр данхайв, зардал санхүүжилт нь ч үлэмж өслөө. Үүний үр дүнд хэвлэлүүд дамжуулагч төдий болж хувирч, тэр хэрээр тархи угаалтын шинжтэй, тэнцвэргүй, ташаа мэдээлэлд манай нийгэм живлээ. Одоо бүр төрийн хэвлэлийн албаныхан нь сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс улайм цайм татгалздаг, зугтдаг, хэвлэлийн байгууллагуудыг хамтын ажиллагааны гэрээтэй, гэрээгүйгээр нь ялгаварлаж харьцдаг болж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн яг ийм байдлаар сэтгүүлчдэд хаалт тавьж, иргэд, олон нийт, тэр дундаа нийслэлийн 1.7 сая хүний мэдэх эрхийг хязгаарлаж буйг сэтгүүл зүйн салбарынхан энэ өдрүүдэд хөндөж байна. Энэ бол манай төрийн байгууллагынхны нийтлэг дүр төрх, гажууд хандлага. Угтаа бол тэд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг нийтийн албан тушаалтан, байгууллагынхаа үйл ажиллагааг хэвлэлээр дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх, сэтгүүлчдийг эх сурвалжтай холбох л үүрэгтэй хүмүүс. Гэвч бодит байдалд тэд дарга, сайд нараа өмгөөлөх, сурталчлах ажлыг л хийж, нийтийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ уландаа гишгэж байна. Монгол Улсын иргэд “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах” үндсэн эрхтэй, үүнийг хангадаг гол хэрэгсэл нь хэвлэл мэдээлэл гэдгийг төрийн байгууллагын даварсан, данхар бүтэцтэй албаныханд сануулъя.
Н.Мишээл