Төсвийн орлого тасалдаж, эдийн засаг хүнд сорилттой нүүр тулсан энэ үед эрх баригчдыг асуудалд бодитой, голтой хандаж, үрэлгэн зардал, бодлогогүй шийдвэр гаргахгүй байхыг эдийн засагчид хамгийн их анхааруулж буй. Гэтэл манай Засгийн газар үүнтэй нь тэрсэлж буй мэт мугуйд, хуумгай шийдвэрүүдийг ар араас нь угсруулан гаргаж, гайхаш барсаар байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяанд “Аялал жуулчлалын хөгжлийн төв” хэмээх нэртэй, 20 хүний бүтэцтэй төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах гэнэ. Ийм тусгай бүтэц заавал байгуулж, татвар төлөгчдийн мөнгөөр тэднийг тэтгэж байж л аялал жуулчлалыг хөгжүүлэх юм байх. Уг нь “Монголд зочлох жил” санаачилга хэмээх халхавч дор аялал жуулчлалын салбар луу сүүлийн жилүүдэд “цутгасан” мөнгө багадаагүй. Гадаад маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэх нэрээр үр ашиггүй зардал өчнөөн гаргасан. Энэ салбарыг хөгжүүлэх, бодлого, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэгтэй байгууллага ч мундаагүй. Ийм атал “Соёл”-ын сайдын мэдэлд дахин нэг шинэ бүтэц байгуулж, төсөвт дарамт нэмэхээр болсон нь даажигнал, муйхарлал гэлтэй. Удахгүй тус газарт бүтээмжийн менежер хэмээх албан тушаал бий болгож, бас баахан хүн томилж ч мэдэх нь. Учир нь төрийн өмчит компаниудад орлогч захирлын статустай бүтээмжийн менежерүүдийг толгой дараалан томилохоор төлөвлөж буй, ийм албан тушаалд зориулж 40 гаруй орон тоо бий болгосон гэдгийг парламентын гишүүд нь хэлж байна. Төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудад хяналтын болон бүтээмжийн менежерээр хэнийг томилох вэ гэдэг тохироо, хэлэлцээг ч улс төрийн намууд хөшигний ард хэдийн хийж, хуучнаар “Монголросцветмет”-ээс эхлээд хэрэгжүүлж эхэлснийг ч хэллээ. Энэ “мэргэн” шийдвэрийн ачаар хотын дарга Х.Нямбаатар хүртэл тавын таван орлогч буюу бүтээмж хариуцсан менежертэй болох сураг ажиг ч дуулдах болов. Төрийн үрэлгэн зардал, нүсэр бүтцийг хумих талаар ам нээх бүрдээ ярьдаг Засгийн газрын тэргүүн, түүний танхимын сайд, дарга нар төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед яагаад заавал шинэ албан тушаал, орон тоо ийм олныг бий болгож байна вэ. Төр ингэж бүсээ чангалдаг гэж үү. Төрийн хэмнэлтийн бодлогыг ингэж хэрэгжүүлдэг хэрэг үү. Бүтээмж, гүйцэтгэл шаардаад эхлэхээр бүтээмжийн менежер хэмээх шинэ албан тушаал бий болгох “мэргэн арга” бодож олов уу. Угтаа Монголын төр энэ үед албан тушаалын тохироо, сандал суудлын асуудал ярих биш, төсвийн үрэлгэн байдал, тансаглалаа хэрхэн зогсоох талаар хөндөх ёстой шүү дээ. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ирсэн, өдөр тутмын амьдралд нь илт мэдрэгдэж эхэлсэн энэ их ачаа дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээхээс илүү чухал зүйл яг өнөөдөр юу байна вэ.