Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт ажиллагсад өчигдөр төв талбайд жагсаал зохион байгуулав. Тэд “Ажил хөдөлмөрөө үнэлүүлж, амьдралын чанараа сайжруулмаар байна” гэсэн уриалга гаргажээ. Үүний хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, нийслэлийн ИТХ болон ЗДТГ-т цалингаа нэмүүлэх, ажиллах орчин нөхцөлөө сайжруулах шаардлага хүргүүлж буйгаа онцолсон. Ажилчдын дийлэнх нь улсын дунджаас бага буюу сард нэг сая хүрэхгүй, харин инженерүүд нь сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Тиймээс цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардлагадаа дурдсан байна.
“Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Ийм байхад сая хүрэхгүй төгрөгийн цалингаар яаж амьдарч, гэр бүлийнхнээ тэжээх вэ. Ер нь үе үеийн төр засгийн удирдлагууд манай салбарынхныг тоолгүй орхиж ирсэн. Тиймээс бид цалингаа нэмүүлэхийг шаардахын зэрэгцээ манай улсад ийм салбарынхан тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг, бас өчнөөн олон хүн ажилладаг юм шүү гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Уг нь боловсрол, эрүүл мэнд зэрэгтэй адилтгаж болохуйц чухал салбар шүү дээ. Орон сууцын хэрэглэгчдийн ус, дулаан, цахилгааныг тасалдуулахгүй байлгахын төлөө бид ажилладаг” гэж жагсагчид хэлж байв.
Түүнчлэн нийтийн аж ахуйн салбарынхан маш их дарамтад байдгийг тэд онцлов. Тухайлбал, үйлчлүүлэгчид болон удирдах албан тушаалтнуудаас маш их дарамт ирдэг нь тэдний сэтгэл зүйд хүндээр тусаж, ажлаасаа халшрах бас нэг шалтгаан болж буйг дурдсан юм. Эл асуудлыг шийдэхийн тулд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Дарамт, хүчирхийллийн эсрэг 190 дүгээр конвенцод манай улс нэгдэж, соёрхон батлах ёстой гэдэг нь жагсагчдын гол шаардлагын нэг байлаа. Хөдөлмөр эрхлэх явцад гарч болох бүх төрлийн хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, асуудал үүссэн тохиолдолд цогц байдлаар шийдвэрлэх талаар энэ конвенцод тусгасан байдаг. “Үйлчилгээний салбарт дарамт, ялгаварлан гадуурхалт хэрээс хэтэрлээ” гэж бичсэн лоозонг жагсагчид барьсан байв.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд орон сууц, нийтийн аж ахуйн салбарт нийт 10 000 гаруй хүн ажилладаг. Тэдний 20 гаруй хувь нь удирдах түвшний болон инженер, техникийн ажилтнууд юм байна. Харин үлдсэн хувийг нь цэвэр, бохир усны шугамын засварчин, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин зэрэг мэргэжлийн бусад ажилчин эзэлдэг гэнэ.
М.Оч