Зам засах ажлыг арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлэх нь
Бүтээн байгуулалтын улирал шувтрах шахаж буй энэ үед нийслэлд харин авто зам засах ажил ид үргэлжилж байна. Өнгөрсөн хавар, зунжин шахам дорвитой ажил хийгээгүй атлаа замын ачаалал ихэсдэг намар цагт хаа сайгүй засвар хийх болсонд иргэд ихээхэн бухимдаж буй билээ.
2024-09-10
Хөвсгөлийн Ханх сумд анхны цас орлоо
Намрын анхны цас Хөвсгөл аймгийн Ханх сумд өнгөрсөн ням гарагт оржээ. Амралтын өдрүүдээр Булган, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв аймагт бороо орсон аж. Хөвсгөлд ч бороо орж байгаад аажимдаа нойтон цас, шамарга болжээ. Бусад нутгаар цаг агаар харьцангуй тогтуун байсан аж.
Тэгвэл маргаашаас Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын зарим газар, төвийн бүсийн баруун болон хойд, говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13- нд баруун, төвийн аймгуудын нутгаар бороо орж, уулаараа нойтон цас унаж, сэрүүсэх юм байна. Салхины хурд11- нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метрт хүрч, шуурах аж. Мөн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -1-6, өдөртөө +9+14 хэм байх гэнэ.
2024-09-10
Хадгалах хугацаа дууссан 6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ онд нийт 4406 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтаар нийт 3327 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг аваад байна. Тухайлбал хадгалалтын хугацаа дууссан 43 нэр төрлийн 6 тонн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хураан авч устгуулснаас гадна хаяг шошгын зөрчилтэй 5 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий барааг буцаан татуулжээ.
2024-09-09
Томуугийн вакцинд 45 мянга гаруй иргэнийг хамруулжээ
Нийслэлд өнгөрсөн сарын 26-наас эхлүүлсэн томуугийн дархлаажуулалтад 45 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Зорилтот бүлэг буюу зургаан сараас таван настай хүүхдүүдийг хамруулахыг зорьж буй бөгөөд энэ насныхан томуугаар түлхүү өвчилж, эмнэлэгт хэвтэх тохиолдол их байдаг. Нийслэлийн хэмжээнд 180 180 хүн тун вакцин хийхээр төлөвлөсөн аж.
2024-09-09
АТГ-аас эрүүгийн 920 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна
АТГ эрүүгийн 947 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 920 хэрэг шалгагдаж байна.
2024-09-09