“Тавантолгой” ХК байгаль орчны хяналт шинжилгээнд ашиглахаар “Aeroqual AQM65” загварын авто станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байршуулжээ. Ингэснээр тус сумд уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэж буй орчны бохирдлыг тодорхой цэгээс тогтмол хянах, дата мэдээлэл цуглуулах боломж бүрдсэн гэнэ.
Энэхүү төхөөрөмж нь агаарын чанарын хяналтын дэвшилт технологиудаараа дэлхийд тэргүүлдэг, Шинэ Зеланд, Тайландад төвтэй “Aeroqual” компанийн бүтээгдэхүүн юм байна. “Aeroqual AQM65” нь агаар бохирдуулагч дөрвөн төрлийн элемент, тоосонцруудыг гурван төрлөөр нарийвчлан хэмждэгээс гадна салхины хурд, чиглэл, дуу чимээг тогтмол хянадаг давуу талтай. Түүнчлэн хэмжилтийн утга, үзүүлэлтийг стандарттай харьцуулж энгийн, ойлгомжтойгоор харуулдаг өгөгдөлтэй, дата мэдээллийг нь цахимаар татах боломжтой аж.
Дээрх компанийн бүтээгдэхүүнийг манай улсад “Грийнтренд” ХХК албан ёсны эрхтэйгээр борлуулдаг байна. Тэд хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ сарын эхээр Улаанбаатарт “Орчны агаарын чанарыг бодит цаг хугацаанд хянах шинэ хандлага” сэдэвт семинар зохион байгуулжээ.
Ж.СУВД