НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО-гоос алслагдсан бүсийн зургаан сумын ерөнхий боловсролын сургуульд 300 орчим сая төгрөгийн өртөг бүхий цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн хичээлийн жилд нийт 16 аймгийн 130 сум цагаан зудтай байв. Өвөл, хаврын хүнд нөхцөлд орон нутгийн хүүхдүүд сургуулиас завсардсан талаар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс танилцуулсан билээ. Тодруулбал, зудын улмаас хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болж, боловсролын хүртээмж, чанарт сөргөөр нөлөөлжээ. Ялангуяа дунд, ахлах ангийн хүүхдүүд голдуу 14-өөс дээш хоногоор хичээлээс хоцрогдсон тухай судалгаанд дурдсан байна. Тиймээс зудын эрсдэлтэй нөхцөлд ч хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хүртээмжтэй зохион байгуулахад зориулан зөөврийн компьютер, таблет, чихэвч зэрэг тоног төхөөрөмж хандивласан аж.
Ч.Болор