Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн паркийг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК өнгөрсөн онд худалдан авах гэрээ байгуулжээ. Үүний дагуу их багтаамжийн, дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан 160, дунд оврын 50, нийт 810 автобус худалдан авахаар болсон. Харамсалтай нь, энэхүү гэрээ нь “алдарт” ногоон автобусны гэх хэрэг гарах эхлэл байсан билээ. “Тэнүүн-Огоо” компанитай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийслэлд нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Хохирлыг барагдуулахын тулд тус компанийн данснаас 11.9 тэрбум төгрөг хураан авчээ. Мөн 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нь нийслэлийн өмчид бүртгэж авсан гэнэ. Үүнээс гадна “Skywell” загварын, их багтаамжийн, цахилгаан хөдөлгүүртэй 55 автобусыг төлбөр барагдуулахаар хураан авсныг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг бөгөөд дээрх компанийн “Daewoo BS106” загварын 10 автобусыг барьцаалан, төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.
Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал өчигдөр үүний талаар“Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн аваад байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрладаг, 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нь нэгдүгээр баазад хуваарилсан. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороон дахь, 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нь гуравдугаар баазад шилжүүллээ. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрладаг, 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг нь хоёрдугаар баазад хуваарилаад байна. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрладаг, 7.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нь дөрөвдүгээр баазад шилжүүлэн авсан” гэж мэдээлэв.
М.ОЧ