“Балдорж” сан, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийнхан хамтран сэтгүүл зүйн шүүмжийн уралдааныг найм дахь удаагаа зохион байгууллаа. Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалын орон зайг төлөвшүүлэх, залуу судлаачдыг дэмжих, сэтгүүлчдийн бүтээлийг чамбайруулах, сургалтын онол, практикийг хослуулах зорилгоор уг уралдааныг 2017 оноос хойш тогтмол зохион байгуулж буй юм. Энэ удаагийн уралдаанд 12 судлаач бүтээлээ өрсөлдүүлсэн байна. Тэднээс ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлч Д.Бямбасүрэн “Сэтгүүлч Б.Энхцэцэгийн “хөрөг”-өөс ур чадварын шинэлэг, содон зүйлс эрсэн нь” шүүмжээрээ тэргүүн байрт шалгарлаа. Энэхүү шүүмжийг уншигчдадаа хүргэж байна.
-“Амраг минь дуугаа дуулаач”, “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай”, “Усны тунгалаг” зэрэг дуучны хөргийн жишээн дээр-
Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлч Хөрөг хэмээх сэтгүүл зүйн бичлэгийн төрөлд “гар хүрч” зүрхлэгч энэ салбарт цөөн нэрлэгддэг. Шинжлэх ухааны доктор, профессор М.Зулькафилийн “Сэтгүүл зүйн тайлбар толь”-д “Манай тогтмол хэвлэлд М.Цэрэндоржийн “Арван зургаан жил газар дээр, арван зургаан жил газар доор”, С.Дашдооровын “Ажлын амт”, С.Удвалын “Хоёр зууны хооронд”, Л.Түдэвийн “Хүч тэнцүүгийн бахархал”, Ж.Дамдиндоржийн “Ёстой сайн хүн”, Ш.Цэрэнпилийн “Таван тавилан”, “Таван учраа”, “Хэнээт”, З.Доржийн “Ард түмэн”, Бя.Энхтуяагийн “Зөөлөн билүү”, Дан.Нямаагийн “Он цаг урсана” зэрэг бүтээлийг нэрлэж болно” гэж цөөн боловч энэ орон зайг өнөө хүртэл дүүргэсээр яваа жинтэй бүтээлүүдийг нэрлэснийг жишээ татан энд оруулж байна. Орчин цагт сэтгүүлч Б.Ганчимэг, Б.Энхцэцэг нарын зарим хөрөг бүтээл нэмж нэрлэгддэг. Сэтгүүл зүйд хэсэгтээ (2010-2023 он) үгүйлэгдэж байсан хөрөг хэмээх жанрын гэрлийг асааж буй сэтгүүлч Б.Энхцэцэгийн хөргүүд уншигчдын хайр талархлыг хүлээж буй. Тэгвэл энэ орон зайд эзэн болж, уран бүтээлчдийн амьдралыг хөргөөр илэрхийлж гаргахдаа Б.Энхцэцэг дүрүүдээ хэрхэн сонгож, баримт дээрээ яаж ажилласан болон сэтгүүлчийн бичлэгийн ур чадвараараа сэтгүүл зүйд ямар шинэчлэл авчирсныг судлахыг оролдлоо. Ингэхдээ түүний олон хөрөг дундаас ХХ зууны манлай эстрадын дуучин Х.Төмөрийн тухай “Амраг минь дуугаа дуулаач”, ар халхын алдарт дуучин П.Адарсүрэнгийн талаарх “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай”, Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуайн “Усны тунгалаг”-ийг сонгон авлаа. Цагийг эзэлсэн гурван дуучны буюу чухам ижил мэргэжлийн хүмүүсийн хөргийг сонгосны учрыг уншигч та энэхүү задлалаас олж мэдэх юм.
“ХӨРӨГ ГЭЖ ЮУ ВЭ” ГЭХ АСУУЛТАД ХАРИУЛТ ХЭРЭГТЭЙ...
Судлаач, багш Ж.Батбаатарын “Суурь сэтгүүл зүй” номд хөргийн тухайд “Сэтгүүл зүйн өгүүллийг дөрвөн үндсэн айд хуваана. Үүний нэгдүгээрт хөрөг орно. Хувь хүний хөрөг нь голдуу ярилцлага судалгааны мэдээлэлд үндэслэн бүтдэг. Хэлбэрийн хувьд, өчил буюу нэгдүгээр биеэс өгүүлэн бичсэн, сурвалжлан тэмдэглэсэн буюу гуравдугаар биеэс хүүрнэсэн, ярилцлага буюу асуулт, хариултаас бүтэх зэрэг байж болно. Мөн хоёр юм уу, бүлэг хүний хөрөг нь ярилцлага болон хөргийн эзний талаарх баримт мэдээллийн цуглуулгын үндсэн дээр төрдөг” хэмээжээ.
“Сэтгүүл зүйн тайлбар толь”-д “Хөрөг найрууллын гол онцлог нь сонгож авсан баатрын оюун санаа, дотоод ертөнцийг нээж өгч, зан төрхийг шинжлэх, зураглан гаргахад оршино. Гол баатрын оюун санаа, шинж төрх, зан байдал, үйл хөдлөл нь нийгмийн тодорхой үйл явдал, зөрчилтэй байдал үзэл санаа, үг яриа, гадаад байдалд илэрч байх онцлогтой. Хөрөг найруулалд зохиогч баатрын амьдралын зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэл, үйл ажиллагаа, туулж өнгөрүүлсэн саад бэрхшээл, тэвчээр хатуужил, авьяас чадвар зэргийг дүрслэн харуулах замаар түүний зан чанарыг онцлогийг нээн үзүүлдэг. Мөн тухайн хүний бүх амьдрал, намтрыг тоочин бичих албатай биш, харин хамгийн гол онцлог, сургамжтай хэсэг, амьдралд тохиосон онцгой цаг мөч, үйл явдалтай холбох замаар гаргаж өгдөг” гэсэн байна.
Ингээд сонгосон гурван хөргөөс анзаарсан зарим жишээг баримтаар өгүүлье.
ДҮРИЙН ТУХАЙД: ХӨРГИЙН ГОЛ БААТРАА ХЭНЭЭР ЯРИУЛАХ ВЭ
Б.Энхцэцэг сэтгүүлчийн хөргүүдийг уншихад хамгийн түрүүнд анзаарагддаг зүйл бол гол баатрыг гаргаж ирэхийн тулд сонгосон зочин нь байдаг. Өөрөөр хэлбэл, “Хэнээр яриулах вэ” гэдэг асуултыг тэр өөртөө тавьдаг байх. Мэдээж тэр 10 гаруй хүний яриа цуглуулснаар сая нэг хөргийн баатрын бага нас, зан төрх, зарчим, туулсан амьдралын жаргал, зовлон тодорч байгаа бол эдгээр дундаас хэнийг гол дүрээ тодруулах ярилцагч болгохоо олон удаагийн ярилцлагын эцэст гярхай сонгосон байдаг.
Тухайлбал, Х.Төмөр дуучны тухай “Амраг минь дуугаа дуулаач” хөрөгт түүний төрсөн эгч Т.Кармаг, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэнгийн хөргийг бичихдээ түүнтэй 17 жил амьдарсан гэргий Б.Гантогтохыг нь, “Усны тунгалаг тамирын гол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг олон сайхан ардын дууг ард түмний сэтгэл хоногштол дуулсан Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуайн тухай хөрөглөхдөө түүний бага охин О.Хуланг гол ярилцагчаараа сонгожээ.
Тодотговол, хөргийн гол дүрээ гаргахын тулд өөр нэгэн туслах дүрийг тэр заавал сонгож, нэг биш, хоёр хүний хөргийг хамт бичдэг гэсэн үг. Шалтгаан нь, гол дүрийг дурсан ярихдаа гаргасан сэтгэл хөдлөл, дүр байдлыг нь дүрслэлээр, зарим чухал баримтыг хүүрнэлээр, гол дүрийн туулж өнгөрүүлсэн амьдралын зарим ээдрээт асуудалд ярилцагч хэрхэн хандсанаар нь тодруулдаг.
Жишээ нь, П.Адарсүрэн гуайн хөргийн гол ярилцагч болох эхнэр А.Гантогтохыг “...58 жилийн тэртээх 16 насаа овор бага, хөнгөн тэнхлүүн эмэгтэй нэхэн сууна...” гэх хэсгээр дүр байдлыг нь тодотгосон бол цаашлаад “...Түүнээ ярьж өгөхөөр ирэхдээ хөх өнгийн хослол өмсөж, мөн тийм өнгөт гоёл зүүжээ. “Намайг Адараа дэгжин чамин хувцаслахад их дуртай сан. Ерөөс гоё сайханд гярхай хүн дээ...” гэх хэсгээр түүний сэтгэл хөдлөлийг давхар хөрөглөн үзүүлж байна. Мөн тэр энэхүү яриагаараа П.Адарсүрэн дуулахаас гадна гоё сайханд нүдтэй, эхнэрээ мөн сайхан хувцаслахад дуртай хүн байсан гэдэг баримтыг бидэнд хэлж өгсөн.
Харин “Амраг минь дуугаа дуулаач” хөргийн эхлэлд Х.Төмөрийн эгч Кармагийн “...Манай гэр бүлд үнэндээ түүн шиг авьяастай хүн төрөөгүй. Тэр шинийг олж нээхдээ, дуулж бүжиглэхдээ, гадаад хэл сурахдаа, хоол хийхдээ, оёж хатгахдаа ч, хээнцэрлэн дэгжирхэхдээ, хошигнон хөгжилдөхдөө, бас хажиглан зожиглохдоо, ерөөс бүх зүйлд төвөггүй нэвтэрдгээрээ энэ амьдралд бидний дундаас онцгой нэгэн хувь болон заяасан юм даа” гэх яриагаар дүүгээрээ бахархсан эгчийнх нь сэтгэл хөдлөл болон Х.Төмөр гэж дуулахаас гадна өөр олон төрлийн онцгой чадварыг эзэмшсэн нэгэн байсан тухай баримтыг зураглажээ.
Цаашлаад, сэтгүүлч гол дүрийн туулж өнгөрүүлсэн амьдралын зарим ээдрээт асуудалд ярилцагч хэрхэн хандаж буйг нь тодруулан гаргадгийн жишээ бол “Би дүүгээ мэдэлгүй яах вэ дээ. Төмөрт ижил хүйстнээ сонирхох ямар ч туршлага бүү хэл хандлага огт байхгүй ээ. Эхнэрээсээ салаад ганцаараа 20 жил амьдарсан болохоор хүмүүст буруу таамаг гаргах сэдэл болсон байх” гэх Т.Кармагийн яриагаар хөргийн гол дүр болох дүүгийнх нь талаарх элдвийн ярианд эгч нь сэтгэл зовнингуй байгааг илэрхийлжээ.
Үүгээрээ тэр хөрөг бичихдээ ганцхан гол дүрийн амьдрал, уран бүтээлийн ололт, амжилт, уналт, үүх түүх, амьдралын өөрчлөлтийн тухай бус, ярилцагчаа хамт тодруулан хөрөглөдөг онцлогтой.
БАРИМТЫН ТУХАЙД: БАРИМТ ДЭЭРЭЭ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ
Түүний хөргүүд усны дусал шиг адилхан биш. Хөргөөс хөрөгт өмнөхөө давтахгүйг хичээдэг онцлог тод ажиглагддаг. Үүний цаана түүний баримтаа оновчтой ашиглаж, хөргөө уншууртай, амттай байлгахад анхаардаг бичлэгийн арга нь нуугдаж байна уу гэлтэй. Нэг ёсондоо хөргүүдээ хооронд нь ялгаатай болгохын тулд анхнаасаа дүрээ сонгохдоо баримтаа өөр байлгахаа төлөвлөдөг, ажилладаг, баримтуудаа ангилан ялгадаг ч байж мэднэ. Тэгвэл сонгож авсан гурван хөргийн эхлэл болон төгсгөл хэсэгт баримт дээрээ хэрхэн ажилладгийг анзаарахыг зорилоо. Тухайлбал, П.Адарсүрэнгийн хөргийн эхлэлд “Багшийн дээдийн буудлаас өөдөөс харсан сандалд лагхийсэн шинэ зорчигчийн зүгт толгой дөнгөж хандуулах зуур зүрх палхийв. Түүний нүд. Архины нэвширсэн үнэрийг сэтэлж, сэлхийн хүндэрсэн зовхин дороос өөдөөс яг таг мэлрэх атлаа танихгүйн гүнд хөшиж орхижээ. Яг одоо ямар ч хөдөлгөөнгүй буй харц гучаад жилийн тэртээ анх учрахад бахдан цоргиж байсан сан. Инээчихсэн, зураас төдий онийчихсон л... Өхөөрдөн энхрийлж, өчнөөнийг өгүүлэн гялалзаж л явдаг сан...
Одоо нэг л үг дуугарвал тэр сэрнэ. Түүний сонсгол хэзээ ч андуурдаггүй. Ганц авианаас танина. Харин таньчихвал троллейбусаар дүүрэн хэн бэ гэдгийг минь зарлана, дуулна, эсвэл уйлна. Гурван зогсоолын дараа буух газар хүртлээ таних, танихгүй хоёр болж хэсэгхэн ч гэсэн ингээд л явах минь. Энэ хүн гэрээсээ гараад 15 жил, хамгийн сүүлд таарснаас хойш бараг арван жил өнгөрч дээ.
Хоёрхон буудлын өмнө цонхоор харж явахаар олзолсон энэ сандал дээрээс дурсамжид олзлогдоод харьж явна. “Адараа байна шүү дээ”, “Адарааг харав уу”, “Адараа мөн үү” хэмээн троллейбуснаас буусан улс өвөр зуураа шивнэлдэх үгсийг ардаа үлдээв. Өмнө нь ч ийм л байсан. Бүх зүйл орвонгоороо эргэчихсэн байхад зарим зүйл өөрчлөгддөггүй юм шив. Тэднийг сугадалцан явааг харсан улс шивнэлдэн нудралцаж, музейн үзмэр харж байгаа аятай сонирхон зогсоцгоодог сон. “Мөөн мөн, энэ бол Адараа. Ар халхын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн гэдэг чинь яг мөн. Миний амьдралын анхны эр хүн, анхны хань ижил, таван хүүхдийн минь эцэг” гэж хөргийн баатрынхаа амьдралын хамгийн эгзэгтэй мөчид нь ч хайрлан дурсах эхнэрийнх нь яриагаар эхлүүлсэн бол Г.Түмэндэмбэрэлийн хөргийг “...Охиныхоо дуулсан хүүхдийн концертын хөтөлбөрийг дуусгалгүй тагт руугаа гарав. Өөрийг нь зурагтаар хараад ээж нь юу гэх охинд маш сонин байсан юм. Асуух гээд тагтны хаалга тийш үсрэн хүрэх зуурт уйлж зогсохыг ар нуруунаас нь хараад ойлголоо. Ээж нь түүний мэдэхээр огт уйлдаггүй, дуулдаг хүн юм...” гэх хөргийн баатрын сэтгэл хөдлөлөөс эхлүүлж байна.
Харин П.Адарсүрэнгийн хөргийн төгсгөлд “...“Троллейбусанд согтуу явахад нь тааралдсанаас яг нэг жилийн дараа Адарсүрэн маань өнгөрсөн юм. “Ингэж амьдрах гэж, ингэж дуусах гэж чи надаас явсан гэж үү” гэх харууслаар би түүнийгээ гундуухан үджээ. Адараа байхгүй болоод 25 жил өнгөрч байна. Одоо би 75 настай. Энэ бүхнийг эргэн дурсахад элэг зүрхний минь эмтэрсэн хэсэг эдгэрч байна. Хүн болгон чин сэтгэлээсээ хайрлаж байгаа хүнтэй хамт амьдрах амаргүй байсан. Ард түмний тэр их хайр Адараад туулъя гэж хүсэшгүй адармаатай тавилан оноосон. Түүнд минь буруутсан, ухаан дутсан хэсэг байгаа бол Адараа, Ганаа хоёрын хувь тавилан тийм байж. Би Адараагаа анх гайхан биширсэн, хайрлаж дурласан, агуу их авьяас билигт хүний гэргий болж амьдарсандаа, таван хүүхдийг нь төрүүлж энэ хорвоог үргэлжлүүлсэндээ баярлаж байна. “Цээжинд ассан гал нь царцаж бүүдгэр хөх мөнхийн дөл болчихсон... Аавыгаа бодохуйд төрсөн бодол минь уу зээ”... гэж хүү чинь бичсэн байна лээ, Адараа минь” гэснээс харахад сэтгүүлч ярилцагчийнхаа чин сэтгэлийн үгээр энэхүү хөргөө дуусгах тооцоог гаргасан байж ч болох талтай.
“Усны тунгалаг” хөргийн төгсгөлд сэтгүүлч Г.Түмэндэмбэрэл гуайн охиддоо хэлэх, захих үгээ тэмдэглэсэн дэвтэр дээрх үгсээс оруулсан нь сэтгүүлчийн эхлэл, төгсгөлөө хөрөг бүрд өөр байлгах гэсэн оролдлогын нэгэн жишээ юм. Өөрөөр хэлбэл, магадгүй зарим сэтгүүлчийн хувьд зочин нь л өөр болохоос эхлэл, төгсгөл ижил байж болох байсан. Харин Б.Энхцэцэгийн хувьд хөргүүдээ хооронд нь ижил төстэй биш, өөр өөрөөр гаргахыг боддог нь дүр сонголт, баримтдаа хэрхэн ажилладгаас нь харагдана.
Түүний ийнхүү баримтаа гаргаж ирсэн ур чадвар үүгээрээ анхаарал татна. Хэдийгээр нэг сэтгүүлчийн бичсэн хөргүүд ч гэлээ өөр өөр амь амьсгаатай байлгахаар бодсон нь яах аргагүй түүний хөргийн нэгэн онцлог байна.
БИЧЛЭГИЙН УР ЧАДВАРЫН ТУХАЙД: ЯМАР ШИНЭЛЭГ ЗҮЙЛС БАЙНА ВЭ
Түүний хөрөгт бичлэгийн хэд хэдэн онцлог байна. Хэдийгээр тэр хөргүүдээ дүр сонголт, эхлэл, төгсгөлийн хувьд өөр байлгахыг зорьдог ч бичлэгийн хэлбэрийн хувьд зарим талаараа ижил байх талтайг дараах жишээгээр үзүүлье.
1. Хөрөгтөө ярилцагчийнхаа ярианы хэсгээс дүрслэн бичих хэлбэрийг сонгожээ.
Тухайлбал, ХХ зууны эстрадын нэрт дуучин Х.Төмөрийн талаар бичсэн “Амраг минь дуугаа дуулаач” хөргийн “Эргэлдэж буй пянз руу ухаан санаагаа юүлж орхив уу гэлтэй орчноо үл анзааран патефоноос урсах дуу хөгжимд уусчихсан сууж байдаг долгионтой үс, цэвэрхэн цагаан царай, хөнхөр нүдтэй бяцхан хүү. Энэ дүр төрх 70 жилийн тэртээх амьдралаас өдгөө 83 настай эмэгтэйн ой тойнд үлдсэн дүүгийнх нь хамгийн ойр агаад дотно зураг болж хоногшжээ. Заримдаа патефоныхоо дэргэд зогсоод чангаар дуулах, эсвэл найган бүжих, тэгснээ өрөөн дотуураа гараа алдлаад эргэлдэх нь тэрхүү эгшигт хайрцагт тоглох пянз болоод хувирчихсан мэт, эсвэл дүү нь агуу авьяастан болж жүжиглээд байгаа ч юм шиг хачин инээдтэй санагдана...” гэх эхлэл хэсэгт сэтгүүлч гол ярилцагчийнхаа яриаг илэрхийлэхдээ цуглуулсан баримтаа өөрөө хүүрнэж буй мэтээр дүрслэн бичжээ. Гэтэл үргэлжлүүлэн “Манай гэр бүлд үнэндээ түүн шиг авьяастай хүн төрөөгүй. Тэр шинийг олж нээхдээ, дуулж бүжиглэхдээ, гадаад хэл сурахдаа, хоол хийхдээ, оёж хатгахдаа ч, хээнцэрлэн дэгжирхэхдээ, хошигнон хөгжилдөхдөө, бас хажиглан зожиглохдоо, ерөөс бүх зүйлд төвөггүй нэвтэрдгээрээ энэ амьдралд бидний дундаас онцгой нэгэн хувь болон заяасан юм даа” гэж МУИС, Политехникийн дээд сургуулийн (ШУТИС) барилга архитектурын салбарын анхны эмэгтэй багш, хүндэт профессор Хурлатын Карма дүүгээ дурсаж байна...” гэх хөргийнх нь гол баримтыг өгүүлэх эгчийнх нь яриа орж ирж буй юм. Тэгэхээр энд ярилцагчийнхаа ярианаас дүрслэн бичих шинэ хэлбэр ургаж байгаа биз.
Энэ хэлбэр мөн Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуайн “Усны тунгалаг” хөргийн эхлэлээс харагдана. “Охиныхоо дуулсан хүүхдийн концертын хөтөлбөрийг дуусгалгүй тагт руугаа гарав. Өөрийг нь зурагтаар хараад ээж нь юу гэх охинд маш сонин байсан юм. Асуух гээд тагтны хаалга тийш үсрэн хүрэх зуурт уйлж зогсохыг ар нуруунаас нь хараад ойлголоо. Ээж нь түүний мэдэхээр огт уйлдаггүй, дуулдаг хүн юм.
Хүн бүхэн асууна. Өөрөөс нь хойш ингэж дуулах хүн үр хүүхдээс нь л нэг магад гэх найдвараар тандан сураглана. “Таны хүүхдүүдээс хэн нь дуучин болмоор санагддаг вэ” гэж дуучид, хөгжимчид, сурвалжлагчид, хөршүүд, энгийн хүмүүс чиг боломж л таарвал асууна. Өөрөө ч бас хүлээдэг байж. Том охин Түмэнчамин дүрслэх урлагаар суралцаж, удаах охин Түмэн-Од хэл уран зохиолын багш болж, харин бага охин Хулан л юм дуулгаж мэдэхээр горьдлого төрүүлсэн нь энэ” гэх хүртэл мөн л сэтгүүлч ярилцагчийнхаа ярианаас өөрөө өгүүлж буй мэтээр бичээд, араас нь “Намайг эвлэгхэн дуулж байгаад олзуурхсан хөгжмийн багш хөтөлж аваачаад концертод оруулчихсан нь санаандгүй зурагтаар нэвтэрсэн хэрэг шүү дээ. Би тэр үед ээжийгээ намайг сайн дуулсанд баярлаад уйллаа гэж бодсон. Одоо бодох нь ээ баярлах гэхээсээ уярсан л болов уу” хэмээн О.Хулан тэртээх 30 гаруй жилийн өмнөх үдшийг дурсан өгүүлэв” гэж охиных нь яриаг нэмжээ.
2. Уншигчдадаа дараагийн хэсэгт өгүүлэх баримтаа урьдчилан мэдээлсэн бичлэгийн өнгө аястай.
Жишээ нь, “Амраг минь дуугаа дуулаач” хөрөгт “...Бүхний өмнө үг байлаа гэх, эсвэл өвгөн Фаустынхаар тэр нь үйл ч байг, энэ гэр бүлийн хувьд харин ээж Вера Викторовна Хурлат байсан юм...” гэдгээс уншигч хөргийн гол эзнээс урьд ээжийнх нь тухай өгүүлэх гэж байна гэдгийг урьдчилан мэдэж буй юм. Цааш харин Х.Төмөрийн тухай өгүүлнэ гэдгийг “...Тэр бас өнөөдөр энд өгүүлэх гол баатрыг 26 жилийн дараа төрүүлэх болно...” гэсэн өгүүлбэрээр илэрхийлж байна. Харин “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай” хөрөгт “...Мэргэжлийн том тайзыг эзэгнэхэд П.Адарсүрэнд амархан байсан шигээ орон зайгаа үлдээгээд орхиод явах ганцхан арван хангалттай байсан түүх одоо энд оршино...” гэх өгүүлбэрээс хойш түүний архинд орж, хэрхэн амьдралаа алдаж, нэр алдраа үнэ цэнгүйдүүлж буй хэсгийн яриа, баримт өрнөнө. “Усны тунгалаг” хөрөг дэх “...Алдар нэр гэдэг өөрөө хөөцөлдөж байж олж зүүдэг гоёл биш билээ. Цагийн салхиар аяндаа нисэн ирж, хүзүү мөрөн дээр нь торгон алчуур лугаа буудаг эд болов уу. Гагц дааж явна гэдэг л ухаан, тэвчээр, хөдөлмөр болохыг тэр удахгүй мэдэж авна, шанг нь харамгүй ч амсана. Бурхны оноосон авьяасын төлөөсөнд бишгүйг үрээнэ...” гэх өгүүлбэрээс Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуайн амьдралын аль хэсгээс өгүүлэх гэж буйг уншигч товч мэдээд цааш сонирхон уншина.
Энэ мэтээр уншигчдадаа дараагийн хэсэгт юу өгүүлэх гэж буйгаа урьдчилан мэдээлсэн өнгө аястай бичлэг түүний хөргүүдэд олон байна.
ХОВОР, СОНИН ҮГ СОНГОЛТ
Б.Энхцэцэгийн хөргийг уншихад мөн ховор сонин, ойрдоо сэтгүүлчдийн нийтлэлд харагдаагүй үгс их “тааралдана”. Сонирхолтой нь, тэдгээр үгийг тэр өөрөө хөргийн баатартаа оноож буулгахаас илүү ярилцагчийнхаа ярианд сонгон оруулсан нь анхаарал татна. Тухайлбал, П.Адарсүрэн гуайн хөрөгт, “Багшийн дээдийн буудлаас өөдөөс харсан сандалд лагхийсэн шинэ зорчигчийн зүг ч толгой дөнгөж хандуулах зуур зүрх палхийв...”, “Архины нэвширсэн үнэрийг сэтэлж, сэлхийн хүндэрсэн зовхин доороос өөдөөс яг таг мэлрэх атлаа танихгүйн гүнд хөшиж орхижээ. Яг одоо ямар ч хөдөлгөөнгүй буй харц гучаад жилийн тэртээ анх учрахад бахдан цоргиж байсан сан...”, “Хоёрхон буудлын өмнө цонхоор харж явахаар олзолсон энэ сандал дээрээс дурсамжид олзлогдоод харьж явна...” гэх жишээ байгаа бол “Усны тунгалаг” хөрөгт, “...Ээжийн тухай дуу над дуу дуунаас амттай санагдана...”, “...Эрхэмсэг орших зузаан түүхүүд залуухан, гэнэхэн насны дурсамжуудаар нягт холбогдон цаг үеэ бүтээн бидэнд өвлөдөг билээ...”, “Ээж ер нь юмнаас бэрхшээхгүй” гэжээ.
Харин Х.Төмөр дуучны хөрөгт “Эргэлдэж буй пянз руу ухаан санаагаа юүлж орхив уу гэлтэй...” гэхчлэн ховор, сонин үгсийг сонгон бичсэн нь мөн сэтгүүлчийн хөргөө сонирхолтой болгох нэгэн ур чадвар мөн.
ГАРЧГИЙН ТУХАЙД: ХЭНИЙ ТУХАЙ ХӨРӨГ БОЛОХ НЬ ШУУД ТАНИГДАНА
Зарим нийтлэлийг гарчгаас нь хараад уянгын нийтлэл гэж андуурах тохиолдол бий. Гэхдээ түүний хөрөг уянгын нийтлэл биш гэдгийг П.Адарсүрэн, Х.Төмөр, Г.Түмэндэмбэрэл нарын дуунд шимтэн дурлагч ард түмэн андахгүй. Учир нь, тэд гарчгаас нь л энэ түүний тухай өгүүлсэн хөрөг болохыг таньдаг. Өөрөөр хэлбэл, “Амраг минь дуугаа дуулаач” гэхэд л “Аяны шувуу” дууг хэн дуулдаг, түүний тухай өгүүлснийг ямар ч тайлбаргүйгээр ойлгож, дууны энэ танил мөртөөр хөглөгдөн, тэр хөгөөрөө хөргөө уншиж дуусгаж байгаа юм. Энэ бол түүний гарчгаараа уншигчаа татах нэгэн онцлог мөн ажээ.
Ub.life сайтын сэтгүүлч Б.Энхцэцэгийн хөргийн уран чадварыг дээрх зүйлсээр батлахыг оролдлоо. Тэр бол орчин цагийн сэтгүүл зүйд хөрөг нийтлэлийг ур чадварын шинэ өнгө аясаар өндөр түвшинд гаргаж ирж байгаа сэтгүүлч яах аргагүй мөн. Үүнийг түүний бүтээлүүд он цаг өнгөрөх тусам батална.