Хөл бөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолт Хонконгод болоход Монголын шигшээ багийнхан оролцож, шүүгчдээс Азийн хөл бөмбөгийн холбооны элит, Монголын хөл бөмбөгийн холбооны А ангиллын шүүгч Э.Галбадрах тус тэмцээнийг дэнслэхээр томилогдсон. Тэрбээр Монгол, Хонконг, Тайвань, нөгөө хэсгийн тоглолт болох Макао, Гуамын багийн тоглолтын нэгдүгээр туслах шүүгчээр ажиллалаа.
Үүнээс өмнө 2022 онд Азийн хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг клубүүдийн томоохон тэмцээнүүдийн нэг “AFC cup”-ын Е хэсгийн тоглолтуудаас дөрвийг нь шүүсэн. Түүний хувьд 2016 онд Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд ажиллаж, монгол шүүгчдэд олон улсын тэмцээнийг шүүн явуулах эхлэлийг нь тавьсан юм. Тухайн жилийн арваннэгдүгээр сард Д.Түмэнбаяр, Ч.Жавхлантөгс, Э.Ариунболд, Б.Хаш-Эрдэнэ нарын дөрвөн шүүгч Зүүн Азийн II шатны Тайвань, Гуамын тоглолтыг дэнсэлсэн билээ.
Э.Галбадрах 2019 онд Олон улсын хөл бөмбөгийн холбооны туслах шүүгчийн болзол хангасан. Улмаар “Мазала” үндэсний дээд лигийн шилдэг туслах шүүгчээр тодрон “Алтан шүгэл” шагнал гардсан юм. Тэр жилээ Монголын хөл бөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд нэр дэвшиж, шилдэг шүүгчээр шалгарч байв.