БНСУ-ын зах зээлээс жуулчин хүлээж авдаг тур оператор компани болон хөтөч, орчуулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо”, “Солонго-хонх” төрийн бус байгууллагаас “Дээлтэй хөтөч” аян өрнүүлж эхэлжээ. Уг арга хэмжээг солонгосчуудын үндэсний их баяр буюу намрын ургац хураалтыг тохиолдуулан энэ сарын 9-18-нд зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Манай улсад ирж буй жуулчдын зонхилох хувийг солонгосчууд эзлэх болсон. Ургац хураалтын баяр тохиож буй өдрүүдэд Монголыг зорин ирэх тус орны иргэдийн тоо эрс нэмэгддэг гэнэ. Тиймээс тэдэнд хүндэтгэл үзүүлэх, үндэсний уламжлал, өв соёлоо сурталчлан таниулах зорилгоор ийм санаачилга гаргажээ. Хөтөч, тайлбарлагч нар эл аянд нэгдэж буйгаа илэрхийлэн, дээрх холбоодын цахим хуудсанд үндэсний хувцастай зургаа нийтэлсээр байна.