Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар гэмт хэрэгт 1564 хүүхэд холбогджээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 79 тохиолдол буюу 5.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдүүдийн олонх буюу 1300 гаруй нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч аж. Сүүлийн үед охид танхайрах, нэгнийгээ дээрэлхэх, зодох, хүчирхийлэх тохиолдол нэмэгдсэнийг цагдаагийн байгууллагаас анхааруулах боллоо. Охид нэгнээ зодсон талаарх мэдээлэл, бичлэг цахим орчинд хаа сайгүй тархжээ.
Охид дээрэлхүү, харгис үйлдлүүд гаргаж, бусдыг дарамтлах, зодох явдал хэрээс хэтэрснийг олон нийт шүүмжилж буй. Зөвхөн нийслэл гэхгүй орон нутагт ч эмэгтэй хүүхдүүд танхайрч, нэгнээ зодох явдал гарсаар. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн 78 дугаар сургуулийн өсвөр насны 3-4 охин нийлж хүүхэд зодсон хэрэг гарсан. Мөн дөрөвдүгээр сард сурагч охид нэгнээ зодсон бичлэг цахим орчинд тархсан юм. Үүнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж, арга хэмжээ авчээ. Хэд хоногийн өмнө нийслэлийн 23 дугаар сургуулийн охид нэгнийхээ зураг, бичлэгийг цахим сүлжээнд цацна хэмээн мөнгө нэхэж дарамталсан хэрэг гарсан. Тодруулбал, “Найман сая төгрөг өгөхгүй бол усанд орж байгаа бичлэгийг чинь олон нийтийн сүлжээнд цацна” гэж айлгаж сүрдүүлсэн чат нь нийтэд ил болсон. Үүний дараахан Дорнод аймагт өсвөр насны эмэгтэй хүүхэд нэг охиныг алгадаж, элэгдэн зодож байгаа бичлэг цахим орчинд задарсан билээ. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад энэ сарын 3-нд 14 настай охины биед үе тэнгийнх нь сурагчид халдаж бичлэг хийснийг тогтоожээ. Энэ мэтээр охид нэгнийгээ түлхэх, чимхэх, цохих, үсдэх, зодох зэргээр бие махбод, цахим орчинд үгээр доромжилж, дарамтлах гэх мэтээр сэтгэл зүйд нь хохирол учруулах боллоо. Мөн анги, хамт олон дундаа нэгнээ шоглох, харилцахгүй байх, үл тоох зэргээр бүлэглэн гадуурхдаг байна.
Шинэ сурагч гадуурхалтад өртөх нь түгээмэл
Ерөнхий боловсролын нэгэн сургуулийн 10 дугаар ангид шилжин ирсэн охиныг хамт олон нь хүлээн зөвшөөрөхгүй, гадуурхсан тохиолдол гарчээ. Түүнийг дугуйлан, секц, хичээлээс бусад үйл ажиллагаанд хамруулах нь бүү хэл, ангийн групп чатад ч оруулаагүй гэнэ. Хүүхдүүд түүнтэй харилцахгүй, үл тоож, гаднах үзэмжээр нь ялгаварлан гадуурхах болжээ. Энэ байдлыг охин үл тэвчиж, сургуульдаа явахаа больсон гэнэ. Сэтгэл зүйн гүн хямралд орж, эрүүл мэнд, амь насанд нь ч халтай байдал үүссэн байна. Түүн шиг сургуульдаа ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлтэд өртсөнөөс эрсдэлтэй алхам хийсэн тохиолдол цөөнгүйг цагдаагийн байгууллагынхан хэлсэн юм. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ өөр сургуульд шилжүүлсэн тохиолдолд онцгой анхаарах шаардлагатай байна. Өмнөх сургуульдаа дээрэлхэлтэд өртсөн хүүхэд “аврал” эрэн өөр газар луу шилжих нь бий. Шинэ багш, хүүхэд, орчинд найдаж очсон тэднийг илүү хүнд нөхцөл хүлээж байж ч мэдэх нь. Үүнд боловсролын байгууллагынхан анхаарал хандуулахгүй бол үе тэнгийн дээрэлхэлт даамжирсаар байна. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Будзаанаас тодруулсан юм. Тэрбээр “Цагдаагийн байгууллагад энэ онд хүүхдийн эрхийг зөрчсөн 2500 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Хүүхдүүд халаасны хулгайд эд, зүйлээ алдаж хохирсон тохиолдол 500 орчим бүртгэгдлээ. Мөн зам, тээврийн осол, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүл мэнд, амиараа хохирсон явдал цөөнгүй гарсан. Эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаагаас боловсролын орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сургууль завсардах тохиолдол гарч байна. Тэр дундаа эмэгтэй хүүхдүүд нэгнээ зодож, танхайрах гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь нэмэгдсэн. Энэ нь гэр бүлийн хүмүүжил, боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын ажил сул байгаатай холбоотой. Мөн шинээр шилжин ирсэн сурагчийг гадуурхаж, дээрэлхэх тохиолдол гарах боллоо. Цагдаагийн байгууллагаас энэ онд ерөнхий боловсролын сургуулийн 500 орчим мянган хүүхдэд цахим гэмт хэрэг, үе тэнгийн дээрэлхэлт, зам, тээврийн осол, хүчирхийллийн талаар мэдээлэл өгч, нөлөөллийн ажил зохион байгууллаа. Дорнод аймаг, нийслэлийн 23 дугаар сургууль, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт гарсан хэрэг зөрчлүүдэд охид холбогдон шалгагдаж байна. Нийтийн цахим сүлжээнд аюулгүй байдлаа хангах талаар мэдээлэл хүүхдүүдэд алга. Бусдыг доромжилсон хэргийг тоон ул мөр буюу линкээр илрүүлэн, шалгадаг. Энэ үйлдлийн улмаас хэр хэмжээний хор хохирол учруулснаас шалтгаалан зөрчил, эсвэл эрүүгийн хэрэг нээх, эсэхийг тодорхойлдог юм. Цагдаагийн байгууллагад Гэмт хэрэг, зөрчлийн цахим мэдээллийн сан гэж бий. Нэг удаагийн алдаанаас болж насаараа гэмт, хэрэг зөрчилд холбогдсон нэр зүүх нь харамсалтай. Гадаадын их, дээд сургуульд сурах, төрийн байгууллагад ажиллахад нь хар толбо болдог. Тиймээс өсвөр насны хүүхдээ гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалж, ойлгуулах нь чухал байна. Хүмүүжил бол хамгийн том боловсрол” гэв.
Боловсролын байгууллага дахь хүүхэд хамгаалал сул байна
2022 онд нийслэл болон орон нутгийн 12-18 насны 4264 хүүхдийг хамруулсан судалгаагаар оролцогчдын 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртсөн гэж хариулжээ. Хүний эрхийн үндэсний комиссын 2024 оны тайланд боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлыг хөндсөн байна. Үүнээс сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил нэмэгдсэнийг харж болно. Тодруулбал, 2022 онд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд 108 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2023 онд 115 болж нэмэгджээ. Зөрчил 2022 онд 96, өнгөрсөн жил 80 бүртгэгдсэн байна. Харин 2022 онд хувийн сургуулиудад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо дөрөв байсан бол 2023 онд 19 болж огцом өсжээ. Сургуулийн орчинд хүүхдүүдэд дарамт учруулж, ялгаварлан гадуурхаж буй хүмүүсийн 13 хувь нь үе тэнгийнхэн, долоон хувь нь дээд ангийнхан, зургаан хувь нь эрэгтэй хүүхэд бол багш болон эмэгтэй сурагчид тус бүр дөрвөн хувийг эзэлж байна. Үе тэнгийн дээрэлхэлт нууц хэлбэрт буюу цахим орчинд шилжсэн. Ийм хэлбэрийн дээрэлхэлтэд 6-9 дүгээр ангийн сурагчид хамгийн ихээр өртөж буй аж. Манай улсад өсвөр насныхны интернэт хэрэглээ бусад насны хүн амын бүлэгтэй харьцуулахад хамгийн өндөр. Өөрөөр хэлбэл, тэд өдөрт 7-9 цагийг нийгмийн сүлжээнд өнгөрөөж буй юм. Энэ хэрээр цахим гэмт хэрэг, халдлагад өртөж, хохирох эрсдэл нэмэгддэг. Жишээ нь, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 87 хувь нь ямар нэгэн төрлийн цахим халдлагад өртсөн байна. Гэхдээ тэдний 15 хувь нь л энэ тухайгаа эцэг, эхдээ хэлсэн гэжээ.
Хүүхдүүд өдрийн ихэнх цагийг гэр бүл, сургуульдаа өнгөрүүлдэг. Гэтэл гэр бүлийн болон сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж буй. Үүний зэрэгцээ жендерийн хэвшмэл ойлголтоос болж охид давуу эрхтэй мэт аашлан хөвгүүдийг доромжлох, дээрэлхэх явдал газар авсан. Охид нийлж хөвгүүдийг шоглох, цохих нь байдаг л үзэгдэл мэт даамжирсаар эцэстээ зөрчил, гэмт хэргийн холбогдогч, хохирогч болгоход хүргэж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуульд “Үе тэнгийн дээрэлхэлт” гэж нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг хэлнэ” хэмээн заажээ. Хэрэв энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуульд заасны дагуу арга хэмжээ авах юм. Энэ хугацаанд манайд улс дээрэлхэлтийг таслан зогсооход ямар арга хэмжээ авсан бэ. Олны танил хүмүүсээр цахим орчинд “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” хэмээн хэлүүлснээс өөрөөр хийсэн ажил алга.
Хөвгүүд л зөвхөн хэрэг тарьдаг гэх ойлголт үгүй болж, охид ёс зүй, хүн чанарыг уландаа гишгэх боллоо. Ийм асуудлыг бусад улс орон хууль, эрх зүйн хүрээнд болон багш, эцэг, эхийн оролцоотойгоор шийдвэрлэж буй.
Тухайлбал, Японд охид бүлэг үүсгэн нэгнээ гадуурхах байдал түгээмэл. Тиймээс сургуулиудад тусгай зөвлөх ажиллуулан, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Мөн Өмнөд Солонгост цахим орчинд зураг, мэдээлэл тараах зэргээр сэтгэл зүйн дарамт учруулах явдал газар авчээ. Засгийн газраас нь кибер дээрэлхэлтийг хянах тусгай агентлаг ажиллуулдаг аж. Түүнчлэн Финландын “KiVa” хэмээх хөтөлбөр дэлхийд алдартай. Үүний хүрээнд сэтгэл зүйн сургалтад хамруулж, бодит үйл явдлыг дуурайлган тоглох зэрэг аргуудыг ашигладаг нь дээрэлхэлтийг бууруулахад ихээхэн үр дүнтэйд тооцогддог юм байна. Хүүхдийн зан үйлд нөлөөлөх, тэр дундаа охидыг өрөвч нинжин сэтгэлтэй, бусдыг ойлгодог болгон төлөвшүүлэх нь чухал гэж мэргэжилтнүүд үздэг. Харин манай улсын боловсролын байгууллагынхан “хүн бүтээх” гол үүргээ цалгардуулаад удаж буй. Ядаж бүх сургуулийг мэргэжлийн сэтгэл зүйчтэй болгох нь эхний алхам юм. Тэгэхгүй бол охид “зэрлэгшиж” дуусах нь.