Нийслэлд өнгөрсөн сарын 26-наас эхлүүлсэн томуугийн дархлаажуулалтад 45 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Зорилтот бүлэг буюу зургаан сараас таван настай хүүхдүүдийг хамруулахыг зорьж буй бөгөөд энэ насныхан томуугаар түлхүү өвчилж, эмнэлэгт хэвтэх тохиолдол их байдаг. Нийслэлийн хэмжээнд 180 180 хүн тун вакцин хийхээр төлөвлөсөн аж. Одоогоор вакцинжуулалтад иргэдийн 30 орчим хувь нь хамрагдсан байна. Дархлаажуулалтыг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хийж буй юм. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Өрхийн Эрүүл мэндийн төвд товлолт болон томуугийн вакцин хийж байгаа.
Мөн гурван хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг харьяа цэцэрлэгүүдэд ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу наймдугаар сарын 26- наас эхлэн арав хоногийн хугацаанд эрүүл мэндийн салбарынхан амралтын өдрүүдэд ажиллаж, томуугийн вакцин хийж буй. Иргэдийн хамрагдах байдлаас шалтгаалж цаашид амралтын өдөр ажиллах, эсэхийг шийднэ. Харин томуугийн сайн дурын буюу төлбөртэй вакциныг зөвхөн хувийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хийж байна. Улаан бурхан өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамрагдсан бол нэг сарын дараа томуугийн вакцин заавал хийлгэх шаардлагатай. Тиймээс зорилтот бүлгийнхнийг дархлаажуулах ажил хүлээгдэж байна. Гэхдээ бид есдүгээр сард багтаан, томуугийн улирал эхлэхээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй” гэв.