Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий яллагч, прокурор Карим Хан BBC-д өгсөн ярилцлагадаа Улаанбаатарт хийсэн В.Путиний айлчлалын талаар “Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн тогтоолыг үл тоомсорлосон шалтгаанаа тайлбарлах ёстой” гэж мэдэгдээд, “Хамтран ажиллахгүй тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид саналаа гаргах ёстой. Тэгээд ч энэ асуудал Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид болон Монголын Засгийн газрын хооронд шийдэгдэх тул би юуг ч урьдчилан дүгнэж хэлмээргүй байна” гэжээ.
Гэтэл Олон улсын эрүүгийн шүүхийн албан ёсны хэвлэлийн төлөөлөгч, доктор Фади Эль-Абдалла өнгөрсөн баасан гарагт BBC-д “Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орнууд, жишээлбэл, Монгол Улс Ромын дүрмийн IX хэсгийн дагуу Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах үүрэгтэй” гэж ярьжээ. Уг дүрэмд зааснаар бол зарим тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орнууд өөр улстай байгуулсан гэрээний үүргээ зөрчих, эсвэл гурав дахь этгээдийн дипломат халдашгүй дархан эрх ямба, эд хөрөнгийн дипломат халдашгүй дархан эрхийг зөрчих тохиолдолд хамтран ажиллах үүргээс чөлөөлөгдөж болох нь. Мөн “Хамтран ажиллахгүй бол Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид энэ талаар дүгнэлт гаргаж, оролцогч улс орнуудын ассамблейд мэдээлж болно. Дараа нь ассамблей зохих арга хэмжээг авах ёстой” гэж доктор Эль-Абдалла тайлбарлав.
Товчхондоо, хоорондоо энхийн гэрээтэй улсын асуудлаар Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллахаас чөлөөлөгдөх боломжтой. Бас дипломат эрх ямбанд нь халдахаар бол хамтран ажиллахаас чөлөөлөгдөнө. Ташрамд дурдахад, зарим хэвлэлээр цацагдсан мэдээллүүдээс харахад олон улсын эрх зүйн хэм хэмжээнд заагаагүй үгсийг хэрэглэсэн тохиолдол цөөнгүй байна. Тиймээс үүнийг залруулж олон нийтэд хүргэх нь зүйтэй байх. Тухайлбал, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд энэ асуудлыг хуулийн хэлээрээ “Хамтран ажиллах үүрэгтэй” гэж заасан болохоос биш, баривчлах тухай үг байхгүй.
Тэгвэл манай улс хойд хөрштэйгөө ямар энхийн гэрээтэй вэ? Энэ нь Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хэлээд буй юм. Уг гэрээг 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо байгуулж, хоёр улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг. Үүнд “Талууд бие биеэ найрсаг, эрх тэгш, тусгаар тогтносон улс хэмээн үзэх бөгөөд өөр хоорондоо харилцан итгэлцэл, түүхийн хувьд тогтсон уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана. Талууд нь бүрэн эрхт харилцан адил байх, хүч үл хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэхгүй байх, улсын дотоод болон гадаад хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх, олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн үүргээ ёcoop нь биелүүлэх бөгөөд олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг удирдлага болгоно” гэж заажээ.
Харин урилгын цаг хугацааны хувьд Халхын голын ялалтын 85 жилийн ой буюу хоёр орны түүхтэй шууд холбогдох асуудал. Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоор буюу 2021 онд В.Путинийг айлчлахыг урьсан. Урьсны дараа 2022 онд дайн эхэлсэн. Тэгэхээр дайн эхлэхээс өмнөх жилд нь өгсөн урилгаа цуцлах үйл явц ялангуяа мөнхийн хөрш орны хувьд байх нь зохимжгүй. Үүнийг Монголын төрийн урилгыг хүлээн авсан бүх улс орон ажиглаж байгаа нь ойлгомжтой.
Айлчлалын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкенийг ирэхэд “ОХУ бол манай мөнхийн хөрш. В.Путинийг айлчилж ирвэл бид хүлээж авна” гэдгээ хэлчихсэн. В.Путинийг ирсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголчууд бие даасан гадаад бодлоготой. Бид дайн, эмх замбараагүй байдлыг энхийн замаар, олон улсын байгууллагуудын дүрэм, журмын дагуу шийдвэрлэхийг эрхэмлэдэг. Манай мөнхийн хөрш ОХУ дэлхийн энхтайван, хүн төрөлхтний сайн сайхан, улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, хүндлэлийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гээд хэлчихсэн билээ.
“Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаараа Монгол Улс тус байгууллагатай хамтран ажиллахаас татгалзаж байна” гэдэг мэдээллийг бүх улс гаргаагүй. Харин хэдхэн л орон ийм байр суурь илэрхийлсэн. Тэгээд ч В.Путинийг урьснаараа, урьж авчраад баривчлаагүйдээ Монгол Улс тэгтлээ гунигтай, муухай харагдсан юм уу гэвэл өрөөсгөл.
В.Путинийг урьж ирүүлснээрээ бид нэг өдөр хагасын турш дэлхий дахины “овоо хараа”-нд байж чадлаа. Анхаарлын төвд гээгүй, харин “овоо хараанд” гэсний учир нь цөөнгүй орны дургүйцлийг төрүүлсэн гэсэн үг. Бид тэдний хүссэнээр “бүжиглээгүй”, бүжгийн хөдөлгөөнөө өөрсдөдөө зохицуулж, өөрчилсөн хэрэг. Тийм ч учраас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкений нүд рүү харж байгаад “В.Путинийг айлчилж ирвэл бид хүлээж авна” гэдгээ хэлэхтэйгээ байна. Бас В.Путинд “Энхтайванч байна гэдэгт итгэж байгаа” гэдгээ илэрхийлж чадсан. Бид хөрш орнууд дундаа тогтвортой байдлаа хангахгүйгээр амьдрах тун боломжгүй.
Эцэст нь хэлэхэд, Монгол Улс зөвхөн В.Путинийг баривчлаагүйгээрээ “эвэртэй туулай” болчхоод байгаа юм биш. Тэр ч байтугай урих тухай хэзээ ч яриа хөөрөө үүсгээгүй, зөвлөлдөж байгаагүй улс орнуудыг нэрлээд, “В.Путинийг урьснаас болж айлчлалаа цуцаллаа” гэхчлэн барим тавим гүжирдэж буй нь хуулийн ноцтой зөрчил мөн. “В.Путинийг онгоцноос буунгуут нь бариад өгчих” гэсэн хүмүүс бий. Гэвч энэ нь манай язгуур эрх ашгийн эсрэг үйлдэл. Олон тулгуурт, бие даасан гадаад бодлоготой Монгол Улс ингэж хөдөлбөл дэлхийн дахин бидэнтэй ямар уур амьсгалтайгаар харилцах вэ гэдэг л хамгийн чухал болохыг санаж явах учиртай.
У.ОРГИЛМАА