Хэнтий аймагт өнгөрсөн сарын 26-нд бага насны хүүхэд усанд осолдож, бүсийн онцгой байдлын албаныхан эрэн хайх ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлсэн ч арга мухардаад байсан билээ. Тэгвэл Биндэр сумд Онон голын ойролцоо тоглож байгаад живсэн таван настай хүүг 13 хоногийн турш хайсны эцэст цогцсыг нь олсон талаар Хэнтий, Дорнодын Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид мэдээллээ. Талийгаач хүүг усанд анх осолдсон газраас урд зүгт 800 метрийн зайнаас энэ сарын 8-нд олсон гэв.
Алба хаагчид эрлийг завиар болон явганаар зохион байгуулсан аж. Ташрамд, нийслэлийн Сүхбаатар дүүргийн XV хороонд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг иргэд энэ сарын 8-ны 08.30 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Нийслэлийн аврах ангийнхан уг дуудлагын дагуу очиход гурван настай эмэгтэй хүүхэд 2.5 метр гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргажээ. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарыг бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг албаныхан сэрэмжлүүлэв.
О.БАТ