Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Хайлаастын өрхийн эмнэлгийн дэргэд энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны 19.00 цагийн үед “Тоёота приус-11” загварын автомашин “Хьюндай верна”-тай мөргөлдсөнөөс явган хүний замаар явж байсан хүүхдүүд дайруулж, 16 настай хүүхэд газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллагаас “Ослын улмаас явган хүний замаар зорчиж явсан 16 настай охин газар дээрээ нас барж, 4-14 насны зургаан хүүхэд, нэг том хүн гэмтсэн. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байна. Жолооч хааз, тоормосоо андуурч гишгэсэн гэж зарим цахим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдэж байгаа ч ийм нөхцөл байдал хараахан тогтоогдоогүй. Осол гаргасан хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэж мэдээлсэн билээ. Энэ ослын улмаас хичээлээ тараад явж байсан 9-13 настай таван хүүхэд болон 26 настай нэг бүсгүй гэмтсэн бөгөөд тэд ГССҮТ-д эмчлүүлж байсан юм.
Тэгвэл эл хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалан наймдугаар сарын 29- нд хаалттай хэлэлцэн шийдвэрлэжээ. Тээврийн прокурорын газраас “Хьюндай верна” автомашиныг жолоодож явсан Т.Отгонтуяад Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсгийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхэд шилжүүлсэн аж. Шүүхээс Т.Отгонтуяаг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд, гурван иргэний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүнд хөнгөн хохирол учруулсан. Нэг хүний амийг хохироосон гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жил хасаж, хоёр жил хорих ял оноосон байна. Мөн эл гэмт хэргийн улмаас бусдад учирсан 164.3 сая төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулан насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэв.
Г.ОРЧЛОН